Алмас судлаач, найрагч цолон дээрээ үзмэрчийн гуншин нэмэх хүсэл алга
ҮШН-ын дарга асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.
-Та саяхан «Ардчилал, улстөрийн намын мухардал ба тусгаар тогтнол» нэртэй илтгэл тавьсан. Энэ илтгэл нийгэмд янз бүрийн яриаг үүсгэж байна. Таныг У.Черчиллийг шүтэн бишрэгч, В.Ленинийг тахин шүтэгч гэх зэргээр л ярих боллоо. Эцсийн дүндээ энэ бүхэн та бүхний босгосон ардчилал, төрт ёсны нэг хэсэг шүү дээ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Би хамаагүй болчимгүй, тэр тусмаа шинжлэх ухаанч бус үг хэллэг хэрэглэхгүйг эрмэлздэг. У.Черчилль ардчилал «адгийн засаглал» гэх өнгө аястай үгийг хэлэхдээ ганц танхимтай парламентад хамаатуулсан юм билээ. Гэтэл бид 1992 онд УИХ -дэх ганц танхимтай парламентад хамаг эрхээ төвлөрүүлсэн Үндсэн хууль баталсан нь зөв байсан уу гэдгийг л хүмүүст ойлгуулах гэсэн юм. Тэглээ гээд би У.Черчиллийг шүтэн бишрэгч болчихно гэж юу байх вэ.
Харин ч У.Черчиллээс дутахгүй бодож сэтгэдэг Д.Бодоо гэдэг хүн бидний монголчуудын түүхэнд байжээ гэдгийг би илтгэлдээ хэлсэн байгаа. Д.Бодоог шүтэн бишрэгч гэж хэлбэл арай зохимжтой байж мэднэ. В.Лениний «Нам бол манай эриний оюун ухаан, нэр төр, нандин чанар» гэсэн үгийг ишлэл болгоод өнөөдрийн манай намууд оюун ухаан, нандин чанар болж чадахгүй байгааг илтгэлдээ хэлсэн юм. Тэглээ гээд В.Ленинийг тахин шүтэгч болчихно гэж юу байх вэ.
Монголын ардчилал 805 жилийн настай. Хаадын ардчиллаас нийтийг хамарсан ардчилалд хүрэхийн тулд найман зууныг ардаа орхижээ. Эзэн Чингис хаанаа хаадын хуралдайгаас сонгодог байсан улс хаана байсан юм. «Их засаг» хэмээх хууль маань дэлхийн хүмүүсийн бараг анхдагч хууль гэж андуурдаг «Магна Карт»-аас даруй арав ах гээд бодвол ардчилал гэдэг нь дэлхийн үзэгдлийнхээ хувьд монголчуудын өмч юм.
Би хувьдаа буурал түүхээсээ төр байгуулах онолоо олж харлаа. Бид хэнээс ч хуулах хэрэггүй, хэнээр ч заалгах хэрэггүй төрийн онолтой юм байна. Монголчууд «харийнхны ардчилал»-аас татгалзаж «Монгол ардчилал»-ын замд гарах цаг боллоо гээд байгаа юм.
-Хуучин нийгмийн тогтолцоог унагаж байхдаа 20 жилийн дараагаас үзэл бодлоо ингэж өөрчлөгдөнө хэмээн бодоогүй байх. Тиймээс хувь хүн талаасаа үзэл бодлоо өөрчлөхөд тодорхой эрсдэл байв уу?
-Барууны ардчиллаар дамжиж монгол үзлээ таньж мэдэж авсандаа баяртай байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал их өөрчлөгджээ. Улиг болсон юмаа 20 жил давтах нь хэнд хэрэгтэй юм.
-Хатуухан хэлэхэд та АН-ын гишүүд рүү нулимсан. Одоо ардчилал руу нулимж байна. Энэ нь хувь хүнийхээ хувьд ёс зүйгүй асуудал биш үү?
-Би монголчуудад тулган хүлээлгэсэн Барууны ардчилал руу нулимж байна.
Түүний оронд Монгол ардчиллыг хүсэмжилж байгаа. Барууны ардчиллыг дөргүй бух шиг хамгаалдаг АН-ын зарим дорой удирдагч нартай санал нийлэхгүй байна. Шаардлага гарвал нулимах болно. Энэ бол АН-ын эгэл гишүүдэд огт хамаарахгүй асуудал юм. Намын дарга нар нь пэндийгээд, ардчилалд анхнаасаа зүтгэсэн эгэл баатрууд нь гуйлгачин мэт амьдарч байгаа өнөөгийн ардчиллыг дуртайяа нулимах болно. Миний ярьж байгаа зүйлийн ялгаа заагийг ойлгох ухаан монголчуудад бий.
-Бас та харийнхны хүчээр суулгасан ардчилалд амь тариа хийгээд ч сэхэхээ байж, хичнээн одон медаль тараагаад ч сэргэж чадахаасаа өнгөрсөн гэж байна. Энэ үгээрээ та чухам хэнийг онцолж хэлэх гээд байна вэ?
-Хэн цаасан малгай өмсгөдөг вэ гэдгийг хүмүүс өөрсдөө харж байгаа. 1990онд талийгаач С.Цогтсайханы «Цаасан малгай» гэдэг дууг дуулж хувьсгал хийж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө малгай өмсүүлэгч болчихоод ядуу ардынхаа амьдралыг олж харахаа больсон байна. Барууны ардчилал бидэнд траншейнд амьдралаа авч явдаггүй олон хүмүүсийг бий болгосон. Бас бидэнд баян хоосны ялгааг бий болгож өгсөн. Мөн амин хувиа хичээх үзлийг мандуулж үндэстнийг маань доройтуулсан. Би ухаараач, өнгөрсөн 20 жилийн түүхдээ шүүмжлэлтэй хандаач л гээд байна.
-Таны хэлсэн дээрх үг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг чимхээд авах шиг санагдсан. Энэ нь зөвхөн миний бодол л доо?
-Би тухайлан хүн нэрлээгүй л дээ. Монголд олон арван Бат-Үүл, Элбэгдоржууд бий. Би бүгдийг нь хамруулсан хэлээд байгаа юм. Тэр олон Үүл, Доржтонуудаас намайг зөвөөр ойлгох хүмүүс эрх биш гарах байлгүй дээ.
-Сүүлийн үед улс төрийг өөрийн үзэл баримтлалаар тайлбарлах хүмүүс их боллоо. Ард түмэнд аль нь ашигтай юм бэ?
-Үзэл суртал гэж ярих нь зүйд нийцнэ. Үзэл суртал гэдэг нь хүний үйл хөдлөлийг нөхцөлдүүлж байдаг үнэлэмжийн тогтолцоо юм. Энгийнээр хэлбэл тархи нь яаж ажиллана хүн тэгж ажиллана гэсэн үг. Гадаадынхан манай монголчуудын тархийг «базах» ажиллагаа явуулж баялгийг нь цөлмөх их аянд орж байгааг хараад үзэл суртал чухал юм байна, монголчуудын тархинд суусан вирустэй программуудыг цэвэрлэхгүй бол бид өөрсдөө мэдэхгүй явсаар монгол биш болж байна гэдгийг ойлгосны үндсэн дээр «Үндэсний үзэл» хэмээх вирусийн эсрэг программ зохиох гээд ядаад байгаа юм. Үүнд Монгол ялна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
-Таныг чадварлаг эдийн засагч, сайн Ерөнхий сайд байсан гэдэг. Тэр ч үүднээсээ танаас одоогийн Ерөнхий сайд С.Батболд зөвлөгөө авдаг гэж байгаа.
Та Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд надтай уулзаж хийхээр бодож байгаа зүйлээ хэд хэдэн удаа ярьсан. Учирч байгаа хүндрэл бэрхшээлээ ч цухуйлгана билээ. Амжилт ерөөхөөс өөр үг надад олдоогүй шүү. Боловсролтой, алсын хараатай нь мэдрэгдсэн. Ерөнхий сайд байхын өмнөх С.Батболдыг Ерөнхий сайд болчихоод зовж байгаа С.Батболдтой харьцуулан хар даа. Хурдан хөгширсөн байгаа биз. Ядуу орны Ерөнхий сайд байх угаасаа ийм л тамтай. Би хувьдаа атаархахгүй байна.
-Танаар Ерөнхий сайд Тавантолгойн эдийн засгийн тооцоо судалгааг гаргуулж байгаа гэсэн. Өмнө нь ч Оюутолгойн асуудалд таны нэрийг холбогдуулдаг байсан. Тэгэхээр таны гарт Монгол Улсын хөгжлийн түлхүүр байна гэж ойлгож болох уу?
-Худал мэдээлэл байна.
-Нэг хэсэг таныг Брөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойр дотно гэж ярьж бичдэг байсан. Одоо олны яриа ортой гэсэн шиг та хоёрын нөхөрлөл нэг зүйл дээр төвлөрч байгаа бололтой?
-Монгол төрийн зовлон бид хоёрыг нэгтгэх байлгүй дээ. Хүзүү толгойгоороо тэврэлдээд нэг хөнжилд арай орчихоогүй л байна. Ер нь жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэгчээр хуучин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүсээ Монгол төр ашигладаг баймаар юм. Намайг ажил гуйж байна гэж битгий бодоорой. Үндэсний ой санамж гэж нэг ойлголт байдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа В.Путин, Ху Жинтаотай юу ярьсныг өөрөө л мэднэ үү гэхээс биш өөр хэн нэгэн мэдэхгүй шүү дээ.
Ой санамжаа гээчихээр хүнээр тоглуулах амархан болчихдог юм. Ц.Элбэгдоржийг ажлаа өгчихөөр нь, аль эсвэл С.Батболдыг буучихаар нь өшигчөөд эхэлбэл би л хувьдаа эсэргүүцэх болно. Монгол ийм замаар явах учиргүй юм. Эрх барьж байгаа нь хурдан ойлгочихвол уул нь сайн сан.
-Улстөрийн хоёр том хүчин дотроо хагаралдаж эхэлсэн нь Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай байгааг харуулаад байна уу?
-Эргэн тойронд элдэв юмс тун хурдтай өөрчлөгдөж байна. Дэлхий ертөнц, улс хоорондын харилцаа, эдийн засаг гээд ерөөсөө бүх л юмс. Тэгэхлээр түүнд хариу үйлдэл хийх хэрэгтэй. Энэ өнцгөөр харвал задрал, нэгдэл нэг их санаа зовоох асуудал биш. Харин Монголоо гэдэг бүтэц ихэсвэл өөрчлөлт зөв болж байна гэж үзье.
-Танай намыг МАХН-тай нэгдэнэ гэж байсан. Ирэх 12 дугаар сараас өмнө амжиж УНН-тай ч нэгдэнэ гэсэн. Магадгүй үүгээр хүчтэй гуравдагч хүчнийг бий болгох процесс явагдаж байна гэж ойлгож болох уу?
-Гуравдагч хүчин гэж ярих нь утгагүй. Харин Монголд манлайлагч хүчин хэрэгтэй байна гэдэг нь нийгмийн захиалга байх гэж ойлгож байна. Манлайлагч хүчний төлөө бүх намууд өрсөлдөх эрхтэй. Түүний дотор эрх баригч болон эрх баригч бус намууд хүчний хуваарилалтад орох нь гарцаагүй. Одоо элдвийг урьдчилан хэлэх боломжгүй. Алмас судлаач, найрагч цолон дээрээ үзмэрч гэсэн гуншин нэмэх хүсэл алга. ҮШН нь МУНН-тай үзэл бодол нэгтэй байгаа гэж ойлгож ойртож хамтарч ажиллах талаар харин тохиролцоо хийсэн байгаа шүү.
-Парламентад суудалгүй намуудын нэгдэл тийм ч хүчтэй улс төрийн хүчин байж чадахгүй гэх тайлбар ч явагдаж байна. Ийм хүмүүст хандаж та юу хэлэх вэ?
-Тийм хүмүүст хэтэрхий мэргэн жараахай цол хайрлая даа.
Б. Туяацэцэг
URL: