Нутагт минь халтай “лиценз”
Хүн төрөлхтөн нутгаа санахаар эхийгээ боддог, эхийгээ санахаар төрсөн нутгаа санадаг нь хүмүүн байгаль хоёр хүйн холбоотойг харуулна. Бидний өвөг дээдэс маань унасан газрын шороо алт, угаасан ус рашаан хэмээж байсан нь эх нутаг газар шороо маань ямар үнэ цэнэтэй үнэт зүйл болох нь тодорхой. Энэ л үнэт зүйлийн төлөө бидний үе үеийн өтгөс буурлууд эх орончид маань тэмцсээр үр хойч бидэндээ өвлүүлсэн нь юутай бахархал, эх орон газар шороогоо элэг зүрхнээс хайрлаж явах эрхэм хариуцлагатай үүргийг их эзэд эрдэмтэн мэргэд маань бидэнд өгөхдөө “Газар бол төр улсын үндэс” Модун шаньюи, “Гурван голийн эхэнд бусдыг бүү нутаглуул” Хабул, “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” Галданбошигт, “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” Д.Нацагдорж гэх мэтээр төрж өссөн газар нутгаа хайрлан явахыг захиасласан ажгуу. Их өвөг дээдсийн маань энэ гэрээслэлийг энэ цагиин эрхэм түшээд маань хэр зэрэг биелүүлж байна вэ? Их төрийн минь хар хайрцагны бодлого ингээд алдарч байна уу?. Энэ бүгдэд хариу өгөх цаг болсон мэт. Эх орны маань газар шороо эрх мэдэл, эд хөрөнгө хэмээх эрлэгийн элчийн лиценз хэмээх зэвсэгт онгон дагшин бие цогцосоо сэнтчүүлж огт танигдахгүй овоолж асгасан шороо онгорхой хар нүхээр дүүрч гол горхи нуур цөөрмийн хуурай голидрол болж байна. Жишээ нь : Эх орны маань өргөн уудам энэ газар нутагт “ Лиценз” хэмээх зэвсэг хүрээгүй газар бараг байхгүй( нийт газар нутгийн 80 орчим хувьд) хамгийн сүүлийн тооллогын дүнгээр 4000 гаруй булаг шанд, гол горхи усдаж 700 гаруй нуур цөөрөм ширгэж үгүй болсон. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас сүүлийн 400 гаруй жилийн дотор амьтан ургамлын 150 гаруй зүйл устаж үгүй болсон нь үүний гэрч болой. Иймээс авдаранд нь байсан алт мөнгийг нь аваад авдрыг нь хэмэгчин хаягчидаа эргүүлж түүнийг сэргээлгье! Лиценз хэмээх эрлэгийн элчийн зэвсгийг хураая! Эргээд олдохгүй ус чандмань эрдэнэ хайрлъя! Ингэж байж эх эзэдийнхээ даалгаврыг биелүүлье! Эвтэй байж эрслэн босьё иргэд олон түмэн минь ээ. Эх орон газар шороондоо элэг зүрхнээсээ хайртай эгэл сурагч би ингэж бодном. Их эзэдийн минь сүлд өршөө ивээл хайрандаа эх орон минь газар шороогоо аврагтун!
МУГЖ Д. Сундуйн нэрэмжит Чандмань сумын бүрэн дунд сургуулийн 9В ангийн
сурагч М. Гансүх
Эх сурвалж: “Ховдын мэдээ”
URL: