Манай тагнуулынхан Оросын машины хулгайчдыг хамар доороосоо алджээ

Өндөр үнэтэй машин хил дамнуулан худалддаг Оросын бүлэг хулгайчдыг тавьж явуулсан хэрэг ТЕГ-д дэгдээд байна.  Манай гүйцэтгэх ажилтнууд чадварлаг ажиллаж хойд хөршийн гэмт бүлэглэлийг барьж саатуулж чадсан ч мөрдөн байцаалтын явцад ердөө оргон зайлахгүй гэсэн батлан даалтын гарын үсэг төдийхөн аваад л суллачихсан аж.  Өнөө оросууд нь тэр дороо л нууцаар хил гараад талийхгүй хаачих билээ. В.Аршинский гэдэг Эрхүүгийн орос эр А.Нестеров гэдэг буриадтай хамтран “Тоёото ланд круйзер”, “BMW”, “Бенц” зэрэг өндөр үнэтэй машин хулгайлан Монгол руу оруулж зардаг байжээ.  Бүлэглэлийн толгойлогч нь орос эр бөгөөд харин нөгөө буриад нь гардан гүйцэтгэгчээр ажиллаж хилээр оруулсан машин бүрийн тоогоор 300-500 долларын шагнал авдаг байж.  Мань хоёр нийтдээ 12 хулгайны машин Монголд оруулж зарсан байна.  Хоёр улсын хил гаалийг бат араанд нь хийсэн тэднийг анх манай тагнуулынхан баривчлаад  Ганц худагт жил гаруй суулгасны эцэст оны өмнөхөн мөрдөн байцаалтын үер гадагшаа, дотогшоо явахгүй гэсэн батлан даалт аваад гадуур байцааж байсан аж.  Чухам яагаад оросын мафийн бүлэглэлийн гишүүдийг батлан даалтаар сулласан нь өдгөө хэл ам дэгдээгээд байна.  Монголын хуулийнхныг атгандаа оруулсан оросууд элдэв гэмт хэрэг үйлдчихээд шууд хил даваад л зугтаадаг болсон.  “Алтан Дорнод Монгол”-ын Паушок , “Транс” банкийг дампууруулсан Новожилов бүр Дорнодын Эрээнцавын боомтоор хил гарсан гэж байгаа.  Батлан даалтаар гарсан орос, буриад хоёр маргааш нь л нууцаар хил давахаар бэлдэж, үүнд нь манай нэг сэргэлэн нөхөр туслахаар болж шанд нь гурван мянган ам.долларын урьдчилгаа авчээ.  Гэхдээ монгол залуу оросын мафийг хулхидах зориг гаргаж чадсан байна.  Тэрээр оргодлуудыг дагуулан Сэлэнгээр явж байхдаа өнөөх Нестеровын гар утсыг хулгайлаад бултчихсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь оросууд зуучлагчгүй, мөнгөгүй бас бичиг баримтгүй хоцорсон мөртлөө яаж ийгээд хил давчихсан аж.  Манай хил гааль гэж ёстой нэг шүүрэн шанага шиг болсныг энэ явдал харуулж байна.  “Батлан даалт”-аар гарсан оросууд аль хэдийнэ гэртээ харьчихсан байхад манай тагнуулынхан байцаалтандаа ир хэмээн Нестеровын гар утас луу залган мессеж бичиж суусан нь одоо бараг онигоо болж байна.  Ийнхүү манай тагнуулынхан гадаадын гэмт хэрэгтнүүдийг бараг тавиад явуулчихжээ.  Тэгсэн мөртлөө ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Оросын тусгай албад руу бичиг илгээн “танай хоёр гэмт хэрэгтнийг алдчихлаа, та нар наагуураа барьж авах арга байна уу” гэсэн шиг цаас шидэлж явна.

С.Цог


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих