Нас залуу ч, арвин туршлагатай манлайлагч
Сонгуульд нэр дэвшигчдийг онцолж буй “Хэн нь хэн бэ” булан ээлжит дугаараараа үргэлжилж байна. Энэ удаад Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгаланг онцоллоо. Тэрбээр 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм. Д.Амарбаясгалан НИТХ-д МАН-аас нэр дэвшээд байгаа билээ.
Блиц:
Овог, нэр: Дашзэгвийн Амарбаясгалан
Төрсөн огноо: 1981 он
Төрсөн газар: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум
Ам бүл: 4
Боловсрол эзэмшсэн байдал:
Говь-Алтай аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 1998 онд төгссөн. ШУТИС-ийн ХМС-ийг инженерийн мэргэжлээр, МУИС-ийн НШУС-ийг улс төр судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Эрхэлж байсан албан тушаал:
- 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн менежер
- 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХГ-ын албаны дарга
- 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар хэлтсийн дарга
Сонгуульт ажил: МАН-ын бага хурлын гишүүн. НИТХ-ын тэргүүлэгч
СОНГОХ ШАЛТГААН
1. Д.Амарбаясгалан нь “Монгол шуудан” ХК-ийн маркетингийн албаны даргын албан тушаал хашч байгаад 2008 онд МАН-аас НИТХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшин ялалт байгуулсан шинэ залуу улстөрч юм. Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт 19 настайгаасаа хүч үзсэн энэ залуу улс төрд хөл тавьснаар МАН-ын залуу халаа болсон шилдэг боловсон хүчнүүдийн нэг гэгдэх болсон. Гэвч 31 настай энэ залууг Ардын нам НИТХ-д намаасаа сонгогдох жагсаалтын гуравт эрэмбэлснээрээ намын дотоод ардчилал, залуучуудыг шударгаар дэмждэг бодлогоо тод томруунаар илтгэж өгсөн. Намын ажлыг анхан шатнаас нь хийж, удирдах албан тушаалд эрэмбэ дараатай, чансаатай бэлтгэгдсэн залуу боловсон хүчин, нийслэлийн томоохон лидер улстөрчидтэй албан тушаалын хувьд зиндаа нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнийг сонгож болох юм.
2. Д.Амарбаясгалан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар хэлтсийн дарга, Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа эрч хүчтэй, залуу улстөрч. Залуу хүний хувьд залуусынхаа өнгөлөг гэгээлэг амьдрал, сайн сайхан ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч хөдөө, орон нутагт байгаа залууст юу тулгамдаж байна гэдгийг судалж, тэдэнтэй уулзаж, бүхэл бүтэн зургаан сарын хугацаатай хөдөөгийн залуусаа дэмжих аяныг маш амжилттай зохион байгуулсан. Тэрбээр Говь-Алтай аймагт ажиллах хугацаандаа залуус бүсийн нэмэгдлийн тухай асуудлыг шийдэж өгөх, орон байр, хөрөнгө мөнгө, сурч боловсрох орчин гээд маш их зүйл дутагдаж байгааг ажигласан гэсэн. Манай улс залуучууд руу чиглэсэн бодлогогүй, энэ нь үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна гэж залуусын төлөөлөл учраас санаа нь зовниж байсан юм. Тэгэхээр НИТХ-д нэр дэвшиж байгаа түүнийг залуус дэмжиж, төлөөллөө болгох нь түүнийг сонгох нэгэн шалтгаан болж байна.
3. Хэдийгээр тэрбээр нас залуу ч гэсэн үргэлж шинийг санаачлагч байсаар ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнийг залуу манлайлагч гээд хэлчихбэл нэг их маргах хүн үгүй биз ээ. Учир нь тэр шинийг санаачлаад зогсохгүй эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг тухай ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Өнөөгийн улс төрд эх орны төлөө хийж бүтээх сэтгэлтэй, цаг үетэйгээ нийцэж чадах сэтгэлгээтэй залуу хүмүүс тун чухал. Үүнийг улс төрд цус сэлбэж чадахуйц залуу хүн гэж тайлбарлаж болно. Манайхан залуу гэхээр туршлага багатай, улс төрийн мэдлэг нимгэн гэдэг талаас нь хараад байдаг нь өрөөсгөл юм. Тэр ч утгаараа туршлага хуримтлуулсан, улс төрд мэдлэгээ зузаалсан хүн. Түүн шиг улс төрд ч мэдлэгтэй, нийгмийн ажлыг ч гүйцэтгэх чадвартай, боловсролтой, зөв бодолтой, идэвх санаачилгатай залуусаар цусаа сэлбэх учиртай. Тэр шаардлагад нийцэх хүн нь Д.Амарбаясгалан.
4. Улс төрд ханилгаатай нэгэн гэвэл хамгийн түрүүнд Д.Амарбаясгаланг гэж хэлэх хүн олон байна. Улс төр ч гэлтгүй бүхий л ажил багийн тоглолт, ажиллагаанаас хамааран амжилт гаргадаг гэсэн алтан дүрэм бий. Эл алтан дүрмийг хамт олныг удирдан зохион байгуулж, үүрэг чиглэлийг нь өгч, түүндээ өөрөө ч хүрэхийг зорьдог, эрмэлздэг хүн л баримталж, мөн гүйцэтгэж чадна. Тэгэхээр эрхэлсэн ажилдаа үнэнч, нэр цэвэр, хийе гэсэн ажлаа хийж чаддаг шинэ хүнийг сонгох нь нийслэлчүүд бидэнд оногдсон үүрэг юм.
СОНГОХГҮЙ ШАЛТГААН
- “Улс төрийг би оролдохгүй байхад улс төр намайг оролдоод байна гэх үг байдаг” билээ. Харин Д.Амарбаясгалан улс төрд хөл тавьснаас хойш түүнийг хар цагаан пиар бишгүй нэг дагасан. Хэдийгээр залуу улстөрч, олонд нэг их танигдаагүй гэгдэх боловч нөгөө талаас нь харвал маш сайн танигдсан нэгэн гэлтэй. Ямартай ч түүнийг дагалдан байдаг хар цагаан пиар сонгогдохгүй байх шалтгаанд нөлөөлөх магадлалтай.
Э.Туул
URL: