Хөвсгөлчүүд 12 жил амаараа ажил хийсэн Л.Гүндалайгаас нүүр буруулжээ
Энэ жил Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж буй УИХ- ын гишүүн Л.Гүндалайгаас нутгийн олон нь нүүрээ буруулах бололтой. Хийсэн бүтээсэн зүйлгүй, хий дэмий улстөржсөн энэ гишүүн өрсөлдөгчдөө гүжирдэн, нэгнийгээ араар нь муулж, харин ч нэг хөгөө чирч явна.
Хөвсгөлчүүд ухаантай ард түмэн. Хоймор нутгийн эрхэмсэг зон олон өнөөдөр улстөрийн сонгууль, сонгогч, сонгогдогч гэж юу байдгийг хэдийнэ ойлгочихсон улс. Тэгэхээр энд тэнд очиж дэмий хөөрцөглөж, эрэгтэй эмэгтэй гэлгүй хэрэлдэж, зодолдож явдаг Л.Гүндалай мэтийн хүмүүст дахин итгэл хүлээлгэнэ гэдэг юу л бол. Өнгөрсөн удаа хөвсгөлчүүддээ хийж өгнө гэж амласнаасаа жаахныг ч гэсэн хийчихсэн бол бас горьдлого, найдлага байна гэхсэн.
Л.Гүндалайн хувьд 12 жил УИХ-ын гишүүн хэмээн цоллуулсан ч одоо хэр нь туршлага суусангүй. Тэрбээр 2000 оноос хойш гурван парламент дамжин Хөвсгөл нутгаас сонгогдож, нутгийн олноо төрд төлөөлөн суусан. Харамсалтай нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Гүндалайд хийсэн, бүтээсэн гээд хэлчхээр зүйл даанч алга.
2000 онд бие даан нэр дэвшиж байхад нь хөвсгөлчүүд энэ хүнд ямар их итгэж байлаа. Тухайн үед мөнгө тараах, санал худалдаж авах гээд хориглодог зүйл тун ховор байж. Тиймдээ ч сум, сумын дээгүүр нисдэг тэргээр нисч, 10000 төгрөг хавчуулсан сэтгүүл, плакат тэнгэрээс цацан гайхшируулж, «Та бүхний төлөө амьдралаа зориулна» хэмээн цагаан хоолойгоор уяртал ярьж билээ. Бүр нутгийн хөгшчүүлээ хээр аваачиж, тойруулж суулгачхаад чанасан мах, айраг цагаагаар дайлж байсан санагдана.
2000 онд 10000 төгрөг гэдэг их ч мөнгө байж. Нутгийн олон ч «Ийм баян хүнийг УИХ-ын гишүүн болгочихвол эргүүлээд бидэнд их мөнгө өгнө дөө» гэсэн цагаахан бодол тээж байсан. Үүнийг ашиглаж чад- сан Л.Гүндалай ёстой л гэрт нь очиж хөлийг нь угааж өгөхөөс бусдыг хийж явсаар УИХ-ын гишүүн болсон юмдаг. Гэвч 2000-2004 оны хооронд ярьснаасаа нэгийг нь ч хэрэгжүүлж чадсангүй.
Дараагийн парламентад мань хүн дахин өрсөлдлөө. Ингэхдээ өмнө нь бие дааж гарсан гэдгээрээ түрий барьж, «Цөөнх юу ч хийж чаддаггүй юм байна. Энэ удаа би УИХ-д орвол яаж ажиллавал болох вэ гэдгээ ойлгосон. Одоо надад боломж олгочих юм бол хүү нь чадна» гэдэг болов. Нутгийнхан нь өрөвчхөн юм болохоор «Нээрээ ч тийм дээ» гэсэн бодолтойгоор нутгийн хүүдээ дахин итгэж, УИХ-д сонголоо.
Гэвч УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2004-2008 оны парламентад суух хугацаандаа АН-д элсэж, өөртөө Хөвсгөл нуур дээгүүр давхих моторт завь, далбаат завь худалдаж авснаас өөрөөр нутагтаа юу ч хийж өгсөнгүй. Хий хоосон ярьдаг хэвээрээ дараагийн парламентад сонгогдохоор нутагтаа зочлов.
Харин энэ удаа хөвсгөлчүүд нэлээд цочирдсон байлаа. «Чи олон жил худлаа ярилаа. Одоо болох юм биш үү» гэсэн шүүмж үгсийг Л.Гүндалайн өөдөөс шидэлж эхэлсэн. Л.Гүндалайд сонгогчдынхоо өөдөөс хэлэх тайлбар олдохгүй дэмий л бэмбэгнэж байв. Олон жил худлаа ярьсан хүн дахин худлаа ярьж, сонгогчдынхоо тархийг угаах гэхээр үг нь яаж ч эвлэх билээ дээ.
Гэсэн ч хөвсгөлчүүдийн нэг хэсэг нь Л.Гүндалайд хайртай хэвээрээ л байсан юм. Мань хүн ч энэ боломжийг ашиглан АН-аар түрий барьж явсаар намынхаа дэмжлэгээр УИХ-д арай ядан сонгогдсон. Хөвсгөл аймгийн урд талын сумд Л.Гүндалайгаас үндсэндээ залхсан байсан. Азаар хойд талын сумдынхан «Эрх биш нутгийн минь хүү юм даа» гэж л саналаа өгсөн юм. Энэ бол маргашгүй үнэн. Арай ядан УИХ-д сонгогдсон түүнийг араа бодоод 2008-2012 оны парламентад суухдаа нутагтаа жаахан ч гэсэн юм хийх байх гэж нутгийнхан нь найдаж байв. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд болсныхоо дараахан төсвийн хөрөнгөөс шамшигдуулж, АТГ-т шалгагдан, УИХ-ын гэмт хэрэгтэн гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Угтаа бол дараагийн удаа сонгогдоо ч уу, үгүй ч үү гэсэн нууцхан бодол тээж жаахан хөрөнгөжих гэж их үзсэн гэсэн. Хөрөнгөжих тал дээр Л.Гүндалай зорьсондоо хүрсэн байх.
Тэгвэл энэ жил тэрбээр нутагтаа бас л «гар хоосон» зочиллоо. Ичих ч үгүй «Нутгийн хүү чинь та бүхнийхээ төлөө дахин нэр дэвшиж байна» гэсээр хадагтай золгож яваа сурагтай. Одоо болно оо, Л.Гүндалай. Хөвсгөлчүүд танд 12 жил итгэсэн. Харин та Хөвсгөлчүүдийн энэхүү чин сэтгэлийн итгэлээр 12 жил тохуурхлаа.
Л.Гүндалайг 2000 онд сонгуульд өрсөлдөж байхад нь морио унасаар анхныхаа сонгуульд оролцохоор ирж байсан 18 настай хүү одоо 30 настай, үр хүүхэд, хань ижилтэй, гэрийн эзэн болжээ. Гишүүнийхээ өгсөн талхны мөнгө, шил архинд хууртахаа больж, хүнээр өрөвдүүлдэг жүжигчин хүмүүсийг ялгаж салгадаг болсон байна. Яагаад гэвэл энэ залууд Л.Гүндалайн хуурамч инээмсэглэл, уран үг биш үр хүүхдийг нь сайхан амьдруулж чадах бодит ирээдүй чухал.
Өнгөрсөн хугацаанд энэ малчин залуу УИХ-ын гишүүн Л.Гүндалайд итгэж, түүний л төлөө саналаа өгдөг байв. Гэвч 12 жилийн хугацаанд Л.Гүндалайн «үнэнч сонгогч»-ийн амьдрал дээшилсэнгүй. Зуднаар ихэнх мал нь хорогдож, сумын төвд орж ирсэн учраас хийх ажилгүй түүний амьдрал улам л доройтов. Үлдсэн хэдэн морио зуны улиралд өдөржин шөнөжин жуулчдад унуулж, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийн мөнгийг олдог. Өвөлд нь хэдэн морио харж, айл хүний мал хамжилцаж гэр бүлээ тэжээнэ. Төрөөс олгодог 21000 төгрөгөө авах далимдаа хааяадаа гашуун ус балгачихдаг. Ер нь гашуун ус уухгүй л бол өвлийн урт барагдахгүй. Залуу малчин зун л мөнгө олж, эхнэр хүүхдээ цадтал нь хооллож чаддаг учраас зуныг тэсэн ядан хүлээнэ.
Үүнээс өөрөөр сумын төвд амьдрах ямар ч боломж алга. Яагаад гэвэл УИХ- ын гишүүн Л.Гүндалай энэ залуугийн төлөө ямар нэгэн зүйл хийж, амьдрал ахуйг нь дээшлүүлэхийн төлөө ажиллахгүй байгаа учраас тэр. 2000, 2004, 2008, 2012 онд нутагтаа дөрөвхөн удаа ирж, бараагаа харуулна. Ирэхдээ талх худалдаж авах хэд гурван төгрөг өгч, саналыг хулгайлна. Бусад үед нь энэ залуугийн харьяалагддаг сумынх нь талаар ор тас мартчихдаг. Үүн шиг маш олон залуу Хөвсгөл аймгаар нэг байна. Жуулчин ирдэг ганц нэгхэн суманд зуны улиралд хэдэн төгрөг хийчхэж байгаа бол жуулчин ирдэггүй, үзэх харах юмгүй сумынхан яаж амьдарч байна вэ.
Мэдээж сумын төвд ажлын байр хомс. Дээр нь мэргэжил, боловсролгүй хүмүүст ажил хийх чин хүсэл байгаад ч нэмэргүй. Ер нь мэргэжил боловсролтой хүн байсан ч сумын төвд нэгэнт ажлын байр байхгүй болохоор яах ч билээ дээ. Аргагүйн эрхэнд зарим нь аймгийнхаа төвийг, зарим нь Улаанбаатар хотод очиж ажилгүйчүүдийн тоог нэмнэ. Аргаа олдог зарим нь барилга дээр ажиллаж, харуул, хамгаалагч хийж хэдэн төгрөг хийнэ. Цалингаа бөөгнүүлэх сүйхээтэй нэг нь өвөлжин мөнгөө цуглуулж байгаад зун нь нутаг буцдаг. Гэртээ очоод бага сага юм авч, хүүхдүүдээ хувцаслаад л ядарч байж олсон хэдэн төгрөг нь дуусчихна. Ийм нөхцөлд эхнэр хүүхдээ өлсгөчихгүйн тулд эргээд л ажил хайна. Арга ядна…
Энэ бол нутгийн чинь залуусын бодит амьдралын нэгээхэн хэсэг шүү, Л.Гүндалай гишүүн ээ. 12 жил гэдэг бол хүний амьдралын нэгээхэн хэсэг. Энэ хугацаанд УИХ-д Хөвсгөл нутгийн зон олныг төлөөлөн суухдаа хэдэн хүнийг ажилтай болгож, хэдэн хүний орлогыг сайжруулж, хэчнээн бүтээн байгуулалт хийснээ сонгогч олныхоо нүдэн дээр ганц удаа ч болов тоолоод үзээрэй. Гарын чинь арван хуруунд тоологдоод дуусах вий…
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: