Найдваргүй гурвал

Баянзүрх дүүрэг үе үеийн УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн тойргийн нэг байсаар ирсэн. Хамгийн олон хүн нэр дэвшдэгээрээ алдартай. Сайн, саар нөхдүүд энэ тойргийг сонгож өрсөлддөг тал бас бий. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар гэхэд 34 нэр дэвшигч өрсөлдөж байв. Улсдаа хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог. Энэ чинээгээр нэр дэвшигчдийн сурталчилгаа нь сонгогчдын толгойг эргүүлчихдэг гэмтэй. Энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүрэгт мөн л хүчтэй өрсөлдөгчид таарчээ. АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Иргэний хөдөлгөөний зохицуулагч Ж.Батзандан, ҮЗХ-ны гишүүн И.Нарантуяа, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг нар өрсөлдөж байна.
Харин МАХН-аас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, ИЗНН-аас УИХ-ын гишүүн З.Алтай нар хүч үзэж байна. Эдгээр эрхмүүдээс гадна МАХН, ИЗНН-аас олны танил бус нэр дэвшигчид ч нэмэгдэнэ. Энэ удаа гурван мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.

Өмнөх 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг, З.Алтай нар парламентад суух эрх өвөртөлж байв. Харин ирэх жил энэ тойрогт ямар эрхэм тоосоо өргөх бол.
2008 оны сонгуульд ялалт байгуулж байсан гишүүдээс Д.Ганхуяг, З.Алтай нар хуучин тойрогтоо даагаа нэхэж байна. Тэдний хувьд энэ сонгуульд сонгогдохгүй гэх газаргүй. Тэр тусмаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хувьд Баянзүрхчүүд түүнд элэгтэй, түүнд ам сайтай гэнэ. З.Алтай гишүүний хувьд бие даан сонгогдож, энэ парламентад ганцаардсан нэгэн. Тиймдээ ч олигтойхон хуулийн төсөл санаачлан батлуулж чадаагүй гэдэг. Нөгөө талаараа сонгуулиар амласан амлалтууд нь хэрэгжилт муутай гэж байгаагаас мань эрхэмд Баянзүрхчүүд тийм ч таатай бус хандаж байгаа гэх юм билээ. Гэхдээ тэрээр хүчтэй өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

АН-аас нэр дэвшиж буй Ж.Батзандан, И.Нарантуяа нарын хувьд бол бас л хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орно. Өмнөх сонгуулиар энэ тойрогт хүч үзэж өвдөг шороодсон ч, сонгогчиддоо танигдчихсан гэдэг утгаараа давуу талтай. Энэ богино хугацаанд өөрсдийгөө таниулна гэж зовохгүй. Ж.Батзандан бол Иргэний хөдөлгөөний удирдагч, хүчтэй залуу лидер гэдгээрээ энэ сонгуульд сонгогдчих болов уу гэдэг хүлээлт түүний дэмжигчдийн дунд байна.

Харин МАН-ынхан энэ тойрогт тус дүүргийг удирдаж буй, өмнө нь удирдаж байсан залуу улс төрчдөө сойсон. Дээр нь УИХ-ын гишүүн Д.Арвинд нэр дэвших мандат олгосон. Д.Арвин хатагтайн хувьд бол Баянзүрх дүүргийн тойрог “хатуу самар”. Хэнтийгээс тойрог сольж хүч үзэж буй түүнд Баянзүрхчүүд тийм ч таатай хандах нь юу бол. Энэ тойргийнхоо ерөнхийдөө нам дагаж намираад байдаггүй онцлогтой сонгогчид. Сонгогдсон нэр дэвшигчдээс нь харвал хүчтэй залуу улс төрчдийг дэмждэг онцлогтой. Тус тойргоос эмэгтэй нэр дэвшигч бараг л сонгогдож байгаагүй, бүсгүйчүүдэд бол бvр хаалттай тойргийн нэг гэмээр. Өнгөрсөн сонгуулиар Т.Ганди сайд энэ тойрогт өвдөг шороодож байв. Тэгэхээр Д.Арвин хатагтайн хувьд бол сонгогдох магадлал тун бага юм.
Намынхан нь залуусаас харин яах бол. Б.Батзориг, Б.Мөнхбаатар нарын хувьд бол олноос ялгараад байх зүйлгүй. Б.Мөнхбаатар энэ дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад Б.Батзоригтоо шилжүүлсэн. МАН-ын эдгээр залууст сонгогчид ташраар нь сонгоод гаргаад ирнэ гэдэг юу бол. Залууст хосоор нь санал дугуйлчих сонгогч олдохгүй л байх.

Б.Мөнхбаатарын хувьд бол магтаж, бас муулаад байх зүйл багатай. Намынхаа дарга нарын даалгавраар дуулгавартай ажилладаг залуусын нэг. Б.Батзориг дүүргийн Засаг дарга гэдгээрээ иргэддээ танигдсан. Бага сага хийсэн ажилтай гэдгээрээ сонгогдох боломжтой. МАН-аас иргэдийн дунд явуулсан судалгаагаар Б.Батзориг нь Б.Мөнхбаатараасаа ретинг өндөртэй гарсан мэдээлэл бий. УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хувьд МАХН-аас нэр дэвшиж байгаа. Хуучин намаасаа буйр сэлгэсэн нь түүнд оноо өгөхгүй байх том шалтгаантай. Ер нь тэгээд МАХН, МАН-ын нэр дэвшигчдийн хувьд санал хуваагдах муу тал бий. Тэр тусмаа О.Чулуунбат гишүүнд нөлөөлөх болов уу.
Урьдчилсан таамаг дэвшүүлэхэд УИХ-ын гишvvн Д.Ганхуяг, З.Алтай, Иргэний хєдєлгєєний зохицуулагч Ж.Батзандан, Засаг дарга Б.Батзориг нарын дунд гол єрсєлдєєн явагдах болов уу.

МАН-ынханы энэ тойрогт Засаг даргаар ажиллаж байсан хоёр залуугаа нэг дор сойсон нь хамгийн том алдаа байж мэдэх юм. Мөн залуусын саналыг О.Чулуунбат булаалдана. Нэгийг нь “эмээллээд мордуулсан бол” санал хуваагдахгvй сайн талтай. Мөн УИХ-д хэдэнтээ сонгогдсон Д.Арвин, О.Чулуунбат нарын хувьд энэ сонгууль амаргүй л байх болов уу.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих