Өдөр нүдэнд харагдаж, шөнө зүүдэнд зочлох инээмтгий аx эгч нар

-Инээсэн бүхэн нөхөр биш…

Уг нь бид Улаанбаатарын гудамжны самбаруудаас бага сага мэдээлэл авдаг байлаа. Аль дэлгүүр хэдэн хувийн хямдрал зарласан, хаана шинэ дэлгүүр хоршоо нээгдсэн, ямар шинэ бүтээгдэхүүн гарсан гээд хэрэгтэй үедээ хэрэг болох мэдээллийг авдаг байсан. Энгийн иргэнд мэдээлэл өгөхөөс гадна мань бизнесийнхэнд ч бас өөрийгөө рекламдахад нь ихээхэн тус нэмэр болж байсан, энэ гудамжны самбарууд. Гэтэл сонгуулийн сургаар байдал өөрчлөгдөх нь тэр шүү. Хаашаа л харсан инээмсэглэсэн, гоё хүмүүс харагдаад, энэ хорвоо бүхэлдээ хар бараан зүйлгүй, цагаан болчихсон мэт сэтгэгдэл төрдөг боллоо. Танан цагаан шүдтэй, үнэтэй хослолоор гангарсан аятайхан ах эгч нарыг хараад муугаар бодох чинь угаасаа жаахан онцгүй ш дээ. Дээр нь өмнөөс хараад инээмсэглээд байхаар чинь яаж ч уурлах юм бэ, тийм биз дээ. Орчин үеийн янз бүрийн программ ашиглаж, төөрсөн нь байтугай төрсөн нь танихгүй болтлоо янзлагдсан агаа эгээ нарын зурагны хажууд гоё сайхан үгс хадаатай байх нь мөн л сайныг төсөөлүүлнэ. Энэ монгол хэлний үгийн сан ямар ч баялаг юм, хүн бүрийн зурагны дор, хажууд, дээр нь мань мэт нь бодож олохын аргагүй уран яруу үг сийлээстэй байна гээч.

Мөнгө төгрөг өгч баяжуулна, эд баялгийг чинь буцааж өгнө, цөмөөрөнг чинь сайхан амьдруулна, би ганцаараа идэхгүй л гэнэ. Ямар ч аавын хүү, ээжийн охинг алагчлахгүй боломж болгоныг атгуулахдаа шударга ёсыг баримтална л гэнэ. Өдөр бүр нийслэлчүүд та бидний өмнөөс инээмсэглэн байгаа эгч ах нар маань хотын гудамжинд ингэж мишээхдээ бас багагүй мөнгө төлнө өө. 3×6 хэмжээтэй самбар дээр 20 хоног баясгалантай зургаа тавьж, нийслэлчүүдтэй мэндчилэхийн тулд 1.5 сая төгрөгийг халааснаасаа суйлах хэрэг гарна. Хэмжээг эс тооцоод илүү давтамжтайгаар олон удаа харагдахыг хүсвэл нэг өдрийн 30 мянган төгрөг төлөөд замын хажуугийн жижиг сам­бар ч авч болно. Гэхдээ ганцхан хоног гоё зургаа тавихгүй. Бидний сэтгэл зүрхэнд хоногшуулахын тулд дор хаяж 10 хоног байлгах хэрэгтэй. Ингэхээр 300 мянган цаасаар мишээсэн төрхөө та бидэнд харуулна даа, цаад ах эгч нар чинь. Хотын гудамжны самбаруудад байгаа үг, инээмсэглэсэн хүмүүсийн царайгаар бол 2012-2016 онд монголчууд бүгдээрээ л нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөх бололтой. Сайхан л байна. Үүнийг л хүсч, тэднийг сонгодог юм чинь, бид.


Зөвхөн хотын гудамжаар явахдаа гоё ганган харагдаж, сайхныг амласан ах эгч нартай тааралдаад байгаа юм биш. Гэртээ харих замдаа гудамжаар дүүрэн байгаа ах эгч нартай та сайн уу, би сайн гэж мэндэлсээр гэрийнхээ үүдэнд хүрэхэд мөн л нөгөө ах эгч нар сэтгүүл, сонингийн хуудаснаа өмнөөс мишээгээд угтах юм. Аав ээжээс өмнө гэрийн үүдэнд угтаж авч байгаа хүнтэй чинь ямар мэндлэхгүй өнгөрөлтэй нь биш, мөн л инээмсэглэнэ. Ингэж инээд хөөртэйгөөр гэрийнхээ босгыг алхангуут том өрөөн дэх зурагтаар та нарынхаа төлөө амиа ч хайрлахгүй зүтгэнэ, ажиллана, та бүхэнд надад итгээрэй гэж эчнээ танил болсон ах эгч нарын дуу хадаж өгнө. Зурагтынхаа дүрсийг ч харж амжаагүй хэрнээ л хэн гэдэг ах эгч юу ярьж байгааг бараг л гадарлачихна. Өглөө гэрээсээ гарахад ингэж ярьж, үдэж орой гэртээ ороход ийн угтаж байхад тэнэг л биш бол цээжилчихдэг юм билээ, үг хэллэг, зүс царайг нь. Ээж аавтайгаа мэндэлж, хүүгээ тэвэрч үнсэхээс өмнө олон харсаар байгаад хэзээний танил болчихсон үл таних хүмүүстэй мэнд мэдэлцэх аятайхан санагддаггүй нь л жаахан тиймэрхүү. Ядаж байхад өөрийнхөө гэрт шүү.

Ингээд зурагтаар юу гарч байгааг түвэггүйхэн мэдчихсэн болохоор гэрийнхэнтэйгээ зурагтны удирдлага булаацалдах шаардлага гарахгүй, зүгээр ч юм уу. Нөгөө өрөөнд орж хөгжим сонсох санаатай FM-ийн хэдэн суваг сольж үзлээ. Бас л нөгөө ах эгч нарын тухай хэн нэгэн ам хуурайгүй ярьж байх юм. Тэр бол сайн хүн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй гээд л. Монгол хэлний үгийн сан баялаг тулдаа л магтаалын үг ундарч байх шиг. Магтаалд бялуурдаг бол энэ ах эгч нар бөөлжмөөр болдог байх даа. Гэхдээ ийм юм болохгүй нь мэдээж л дээ. Ганц дуу явуулаад л араас нь ах эгч нарыг ярих нь тооны хүрд цээжлүүлэх гэж ядаж байгаа мэт. Зурагт, FM-ээр юу гарч, явж байгааг хэдхэн минутын дотор бүрэн төгс мэдчихлээ. За тэгвэл сайт ухъя гэж компьютерээ асаалаа. Ганц, хоёр мэдээллийн сайт руу орж, солигдсон шинэчлэгдсэн мэдээлэл юу байна гэж эрэлхийлтэл цочмоор нөгөө ах эгч нар бас л инээгээстэй, өмнөөс хараастай. Яавал дээр вэ, та минь ээ. Мэдээллийн бүх сувгуудыг маань энэ ах эгч нар эзэлчихсэн юм байна ш дээ.

Өдөржин тааралдаж, инээмсэглэсэн гоё ах эгч нар шөнө ч тайван унтуулахгүй, зүүдэнд орохыг нь яана. Аймаар цагаан шүдээ гаргаад л зүүдэнд инээнэ гээд бод доо, бас л эвгүй шүү. Ингэж өдөржин хотын гудамжинд тааралдсан ах эгч нартаа хоолоо идсэн ч хамтдаа, зурагт үзсэн ч цугтаа, унтсан ч зүүдэндээ хамт. Ёстой л хаа ч явсан цуг гэж мэдээрэй гээд л алхам тутамд нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоно. Хамгийн сайхан нь монгол хүн таны, танай гэр бүлийн ийм асуудлыг шийднэ, тэгж дэмжлэг үзүүлнэ гэж муухан ах дүүгээс дээр өгөөмөр сэтгэл гаргаж, хулхин дээр цэцэг ургуулах нь ч таатай шүү. Ингэж өдөр бүр эчнээ тааралдсаар байгаад гэнэт нэг өдөр гэрт маань гэгээн дүрээрээ залрах юм биш биз, нөгөө ах эгч нар чинь. Айл өрх, иргэн бүртээ тулж, уран панаалдаж байна гээд ороод ирвэл ямар гар гэлтэй нь биш монгол айл байна, дээшээ суу л гэх байх даа. Нэгэнт гэрт орж ирснээр нь далимдуулж, сонгуулийн дараа олдохгүй байж магад хэмээн ямар нэг асуудлаа шийдүүлчих санаа гаргавал “анхааралдаа авна, сонгуулийн дараа шийдэж өгье.

Одоо танд ямар нэг зүйл өгч, амлавал хууль зөрчсөн болно” гээд угаасаа өгөхгүй харамч зангаа, хэзээ ч биелүүлэхгүй худалч амлалтаа хуулиар халхавчилчихна. Ямартай ч өглөө орой, өдөр шөнөгүй хамт байгаа ах эгч нараа сонгуулийн дараа алга болчихоор санах байх даа. Зурагт, хөгжим, компьютер гээд гэрийн хойморт заларсан бүхнээр цаг тутамд гарч, ойрын хамаатнуудаас илүү өдөр бүр уулзаж байгаа хойно санахаас ч яах билээ. Харин сайхан мишээсэн царай, гоё амласан үгээ хумхын тоос болгочихолгүй төлөөлөгч, гишүүн болсон хойноо ч бидэнтэйгээ өдөр бүр ингэж уулзаж байвал зүгээрсэн. 2008 онд хотын гудамж мөн л уран яруу үгсээр хачир хийж, инээсэн гоё ах эгч нарын зургаар дүүрсэн. Ингээд зогсоогүй ээ, гудамжийг чинь гэрэлтэй болгоно, хогийг чинь өдөр бүр ачна, гэрийг чинь байшин болгоно гэж яг л өнөөдрийнх шиг уран донгодож байсан. Гэтэл өнөөдөр хөөрхий бидний амьдрал бахь байдгаараа.

Аманд нь шар тос түрхмээр байгаа сайхан амлалт биелэгдэшгүй даалгавар хэвээр байсаар бас нэгэн сонгуультай золгож байгаа нь энэ. Инээсэн бүхэн нөхөр биш гэж ямар үнэн үг вэ. 2008 оны сонгуулиар инээж байсан хүмүүс бараг л бүгдээрээ иргэн та бидэнд нөхөр болж чадсангүй. Тэгэхээр энэ сонгуулиар ч хотын гудамжаар дүүрэн мишээж байгаа ах эгч нар ч төгс итгэлийг төрүүлж чадахгүй л байгаа юм даа, нэг л хуурамч инээд харагдаад. Инээхэд ч учир бий гэдэг дээ.

В.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих