Монгол улс, АНУ-гаас 585 сая ам.долларын тусламж авчээ
Одоогоос 25 жилийн тэртээ Монгол Улс, АНУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Албан ёсоор харилцсан нь бага мэт санагдах боловч албан бусаар, худалдааны журмаар харилцсаар бид 150 гаруй жил болсон аж. Дипломат харилцаа тогтоосны түүхэн жилийг угтан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон сэтгүүлчитэй зангиагүй уулзалт хийсэн юм. Хэдийгээр манай улс, АНУ-тай цөөхөн салбарт хамтран ажилладаг ч ирээдүйд хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг Элчин сайд хэлж байлаа. “25 жилийн хугацаа бага мэт санагдах боловч энэ хугацаанд бид чамгүй ажлыг хийж, манай хоёр улсын хамтын ажиллагаа ч өмнөхөөсөө нэг шат урагшилжээ. Одоогоор бид дипломат харилцаа, хөгжлийн туслалцаа, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, энхийг сахиулах, иргэд хоорондын гэсэн тавхан харилцааны чиглэлээр хөгжиж байна. Цаашид илүү олон салбарт харилцах боломж бүрэн бий. Эхний шатууд нь ч хэрэгжээд эхэлсэн” гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон ярив.
Бид 10 жилийн өмнө ямар байсан бэ? Монгол Улсын нийт эдийн засаг 1,1 тэрбум ам.доллар, төсөв нь 400 сая ам.доллар байжээ. Үүнээс 300 саяыг нь гадны зээл тусламж эзэлж байсан аж. Гэтэл одоо нийт эдийн засаг 10 тэрбум ам.долларт хүрч, төсвийн хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрчээ. Арван жилийн өмнө үзүүлж байсан тусламж өнөөдөр буугаагүй ч дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувийг эзэлж байгаа аж. “Арав гаруй жилийн өмнө гадны зээл тусламж дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас аль хэдийнэ даваад байсан. Гэтэл энэ богинохон хугацаанд томоохон үсрэлтийг хийлээ шүү дээ. Хэдийгээр арван жилийн өмнөхтэйгөө адилхан зээл тусламжийг танай улс авч байгаа ч энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай л тэнцэж байна. Энэ бол амжилт. Гэхдээ цаашдаа зээл тусламж гэхээсээ илүүтэйгээр худалдааны салбарт хамтран ажиллах хэрэгтэй. Нэн даруй үүнийг шийдэх ёстой” гэж Жонатан Эдлтон ярьсан юм.
Гэхдээ энэ бол зөвхөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа, АНУ-ын Элчин сайдын яаман дээр ирсэн тоо гэдгийг санах хэрэгтэй. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын шугамаар өнгөрсөн 20 жилийн хугацаанд 220 сая ам.доллар санхүүжүүлсэн байна. Харин Мянганы сорилтын сангаас сүүлийн таван жилийн хугацаанд 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авчээ. “Нийтдээ 600 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг танай улс авсан байна. АНУ-ын улсын төрийн байгууллагууд төвлөрсөн байдаггүй учраас тодорхой тоо хэлэхэд хэцүү байна. АНУ-ын хөдөө аж ахуйн яам болоод бусад байгууллагаас жил бүр хөрөнгө оруулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд АНУ-ын Элчин сайдын яамны багц гэж байдаг. Үүнээс 585 мянган долларын хөрөнгө оруулж Амарбаясгалант хийдийг засварлахаар болсон. Дэлхийд ийм буцалтгүй тусламж авсан дөрөвхөн орон бий. Афганистан, Пакистан, Армен, Монгол гэсэн улсуудад соёлын өвийг хамгаалахад нь зориулж хөрөнгө оруулсан” гэж Жонатан Эдлтон ярив
АНУ-ын томоохон пүүс, компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол их байгаа ажээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, “Пибоди” компани Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлээд байгаа билээ. Мөн үүнээс гадна бизнесийн чиглэлээр Монголд зорчиж байгаа америк иргэд уул уурхайн салбарыг их сонирхдог гэдгийг Элчин сайд хэлж байв. “Манай улсаас танай улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Хэд, хэдэн бизнесмэн ч надтай уулзахдаа хэлж байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд. Манай улсын уул, уурхайн болоод хүнд механизмын технологи дэлхийд гайхагддаг. Байгальд ээлтэй, нанотехнологийг тусгасан гэдээд ярьвал олон зүйлс бий” гэж Жонатан Эдлтон ярив. Гэхдээ өөр салбарт хамтран ажиллах хүсэлтэй бизнесменүүд олон байдаг ажээ. Хамгийн сүүлд нанотехнологийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй бизнесменүүд АНУ-ын Элчин сайдын яаманд хандсан байна.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жилийн УИХ-ын сонгуульд маш их анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн тэд сонгуулийг шударга байх талаас зохион байгуулж, жирийн иргэдийг бухимдуулахгүй байхыг хүслээ. “Намайг Элчин сайд болохоос нэг жилийн өмнө танай улсад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон зуун хүн жагсаал цуглаан зохион байгуулсан. Сүүлдээ үймээн болж хувирсан шүү дээ. Тиймээс үүнийгээ анхааран сонгуулийг шударга байлгах талаас чармайн ажиллах ёстой. Танай улсын энэ жилийн сонгуулийг дэлхийн бусад улсууд анхаарч байгаа. Яагаад гэвэл дэлхийн хурдтай хөгжиж байгаа эдийн засагтай орон учраас” гэж Жонатан Эдлтон ярьсан юм.
Хоёр орны гадаад худалдааны эргэлт өмнөх жилүүдээсээ өссөн ч Монгол улсаас АНУ-д экспортлож байгаа бараа бүтээгдэхүүн ховор, зөвхөн уул уурхайн худалдаа л эзэлдэг ажээ. “Анх намайг 2009 онд ирж байхад АНУ-аас Монголд 43 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлож байсан бол өнгөрсөн онд 330 сая ам.доллар экспортлосон байна. Харин Монголоос ямар ч бараа экспортлодоггүй” гэж Жонатан Эдлтон ярив. Монгол Улс гадаадад экспортлох бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг Элчин сайд сануулж байв. Энэ хэвээрээ удаан үргэлжлэх юм бол эдийн засагт үзүүлэх өгөөж төдийлөн нэмэгдэхгүй аж.
Зуны амралтаараа АНУ-д ажиллаж, суралцах хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-д очоод ажиллаж чадаагүй гэсэн яриа гараад байсан билээ. Үүнийг АНУ-ын элчин сайдын яам анхааралдаа авч байгаа бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ямар нэгэн хэмжээгээр алдааг давтан гаргасаар байх юм бол АНУ-д ирэх эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах юм байна. “АНУ-д суралцуулах хөтөлбөрүүдийг бид дэмжиж байгаа. Үйл ажиллагаанд нь алдаа гарсан юм бий. Очоод байх газар, ажиллах газартай тохиролцоогүйн улмаас үл ойлголцол гарсан байна лээ. Гэхдээ үүнийг засах, өөрчлөх боломж бий. Бид энэ жилээс эхлэн хатуу анхаарал тавьж байгаа” гэж Жонатан Эдлтон ярив.
АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан ном гаргажээ. Энэхүү номонд АНУ, Монгол улсын дипломат харилцааны түүхэн тоймыг сонирхолтойгоор харуулсан байна. Үүнийг удахгүй англи хэл дээр бэлтгэн хүргэх ажээ. Мөн цаашид хамтран ажиллах чиглэлээ ч үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.
URL: