О.Магнай: Би амбициа нууж байгаагүй

О.Магнай өөрийгөө иргэний хөдөлгөөний удирдагч хэмээн тодорхойлдог. Магадгүй түүний зөв байх. Учир нь нийгэм  түүнийг талбай дээр жагсч, тэмцэж явсан тэр л үеэр нь хүлээж авдаг. Тодруулбал, Ардчилсан намын гишүүн О.Магнай гэхээсээ иргэний хөдөлгөөний Магнай гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.

-Саяхан таны бичсэн нийтлэлийг уншсан. Тэр нийтлэлийг уншаад О.Магнай иргэний хөдөлгөөндөө иргээд иржээ гэж ойлгосон шүү.  Жагсаал тэмцэлд эргэдийг уриалаад байгаа ч юм шиг санагдсан?
-Нийгмийн байгаа байдлыг өөрийнхөө өнцгөөс бичсэн юм. Жагсаалд тэмцэлд уриалсан мэт сэтгэгдэл төрсөн бол жагсах хэрэгтэй байгаагийн шинж гэж ойлгож байна. Ер нь иргэд өөрсдийн сайн сайхны төлөө санаачилгатай байх, тэмцдэг байх нь агуулгаараа нийгмийн шинэчилэл шударга ёс тогтоход эерэг нөлөөтэй гэж би хардаг. Иргэд идэвхигүй, иргэний нийгэм сул байх л дарга нарыг биеэ тооход хүргэдэг юм.

-Долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шүүх хуулийг АНУ-ын конгресст өргөн барих асуудал сонсогдсон.  Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, одоогийн Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын 13 хүнд АНУ-гийн виз олгохгүй байх, Америкийн аль нэгэн банкинд хадгаламжтай байвал түүнийг нь царцаах талаар хөндөж байгаа чинь зарим нэг албан тушаалтанд таалагдахгүй байгаа бололтой юм?
-Эхлээд нэг түүх ярья. ОХУ-ын дотоод яамны хууль бус үйл ажиллагааны талаар шүүмжилдэг байсан залуу хуульч Сергей Магнитскийг хууль, шүүх, прокурорын байгууллагынхан нь хууль бусаар баривчилж, хүнд нөхцөлд удаан хорьсон, дээрээс нь ямар нэгэн эмнэлэгийн тусламж үзүүлээгүйн улмаас 2009 оны арваннэгдүгээр сард шоронд нас барсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан хэн нэгэн хариуцлага хүлээлгүй, хэрэг хэрэгсэхгүй болсон. Харин 2010 оны есдүгээр сард Мериланд мужаас сонгогдсон АНУ-ын сенатор ноён Бенжамин Карден энэ хэргийг шударгаар шүүлгэх тухай хууль санаачлан АНУ-ын конгрессд өргөн барьсан. Уг хуульд С.Магнитскийг хууль бусаар баривчлахад оролцсон цагдаа, прокурор, дотоод яамныхан, шүүгч гэх мэтийн 60 албан тушаалтанд АНУ-ын виз олгохгүй,  дээрээс нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр санхүүгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, ямар нэгэн банкны данстай бол тэрийг нь “хөлдөөх” тухай заалтууд тусгасан байдаг. Энэхүү санаачилгыг Европын холбоо дэмжин Евро парламентын 2010 оны арванхоёрдугаар сарын ээлжит хуралдаанаар С.Магнитскийн хэргийг шударгаар шүүх хуулийг мөн баталсан юм. Одоо Европын холбооны хуулиар С.Магнитскийн хэргийг шударгаар шүүх хуулийг Европын холбооны бүх улс  хэлэлцэх ёстой. Удахгүй Польш улс энэ хуулийг хэлэлцэх гэж байна. Бид үүнээс жишээ аван Долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шүүх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой эсэх асуудлаар судалсан ерөнхийдөө болсон үйл явдлууд ижил төстэй учраас бололцооны харагдсан л даа. Бид Вашингтонд төвтэй хэд хэдэн лобби фирмд хандсан. Бидний ажил нэлээд нааштай явж байна.Гэхдээ хэзээ конгресст өргөн барихыг  одоо хэлэх боломжгүй байна. Юуны түрүүнд долдугаар сарын 1-нд чухам юу болсон тухай, энэ хэрэгт хандаж байгаа манай дотоод нөхцөл байдлын талаар үнэнийг тайлбарласан олон хуудас материалыг англи хэлнээ хөрвүүлж лобби фирмд хүргүүлсэн.

-Энэ хэрэг Монгол Улсын дотоод асуудал. Заавал гадныхнаар шүүлгэх хэрэг байна уу. Монгол Улсын дотоод асуудлаар АНУ-д хуулийн төсөл өргөн барьж байгааг тань олон хүн гайхаж байгаа?
-Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал зөвхөн тухайн улсын дотоод хэрэг биш гэдэг ерөнхий зарчим дэлхийд үйлчилдэг.  Энэ үүднээс Монгол Улсын төрийн буруутай үйл ажиллагаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, иргэдээ буудан хороосон. Үүнийг төр нь шударгаар шүүхгүй байгаа тохиолдолд гадны хориг арга хэмжээ авдаг шүү дээ. Хэрэв санаж байгаа бол Саддам Хусейны дэглэмийн үед Иракийн нефтийг гадагш нь  худалдахыг хориглоод зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр сольдог хориг арга хэмжээ авч байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Беларусын Ерөнхийлөгч, Европын сүүлийн дарангуйлагч гэгддэг Лукашенког сонгуульд луйвраар ялсных нь дараа АНУ “виз олгохгүй” гэдгээ мэдэгдлээ. Цаашлаад АНУ-ын компаниудыг Беларуст хөрөнгө оруулахыг хориглож байна.Европын холбоо ч гэсэн тус улсын 46 албан тушаалтанд виз олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Иймэрхүү хориг арга хэмжээ дэлхий дээр байдаг. Гэтэл Монгол Улсад хүний эрх зөрчсөн үйлдэл болчихоод хоёр жил гаруй өнгөрч байхад одоо болтол хариуцлага хүлээсэн хүн алга байна шүү дээ. Тийм учраас гадны эрх чөлөө ардчиллыг дэмждэг орнуудын тусламжтайгаар энэ хэрэг шударгаар шүүгдэх болов уу гэж найдаж байгаа.

-Таныг янз бүрийн зүйл ярилаа гээд дахиад шоронд хорьчихвол яана. Шоронд суухаас айхгүй байна уу, ер нь шорон танд ямар санагдсан бэ?
-Би хоёр сар гаруй шоронд нь сууж, хангалттай шалгуулсан. Долдугаар сарын 1-ний хэргээр шүү дээ.  Миний хэлсэн үгэн дээр л асуудал яригдсан болохоос надад хийсэн хууль бус үйлдэл байхгүй. Тэгээд ч луйвар булхайгаар дүүрэн сонгууль болсон нь ардуудыг жагсахад хүргэснийг хэзээ ч мартаж болохгүй. Монголын шоронгийн тухайд нэг л зүйл  ажиглагдсан. Монголын шорон ардын хүүхдээр л дүүрэн байдаг юм билээ. Нийт гэмт хэргийн 80 орчим хувь нь хулгай дээрэм. Энэ нь нийгмийн үзэгдэл болсон ядуурлын бас нэг сүүдэр тал. Иргэд ажилтай орлоготой болвол гэмт хэргийн гаралт олон дахин буурах бололцоотой
-Би Батзандангаа  магтмаар байна. Үзэл санаа зарчим гэх мэт манай нийгэмд мартагдах шахаад байгаа үнэт зүйлсийг би Батзандангаас мэдэрдэг. “Эрдэнэс ТТ”-ийн ТУЗ-ын гишүүнээр сонгогдсонд баяртай байгаа. Иргэний нийгмийн бодит төлөөлөл болсон манай Батзандан шиг хүн л тэнд жинхэнэ хяналтыг тавьж чадна. М.Ичинноровын хувьд тэр хүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Миний нөхдийн хэн хэн нь Монголд ховор бөгөөд хэрэгтэй хүмүүс шүү.

-Иргэний хөдөлгөөнийнхөн бусдаас мөнгө авч жагсдаг, бусдыг  дарамталж мөнгө авдаг гэсэн яриа байдаг. Ингэхэд Ж.Батзандан та хоёрт жагсаал хийлээ гээд хэн нэгэн мөнгө өгч байсан уу?
-Тийм зүйл ерөөсөө байгаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. Иймэрхүү яриаг гадны уул уурхайн төслийг хэрэгжүүлэгчид л санаатай тараагаад байх шиг санагддаг. Тэд Засгийн газартай ямарч  аргаар учраа олж чадах хүмүүс, харин иргэний нийгэм сул, нэр хүндгүй байх нь тэдэнд л хамгийн ашигтай.

-Та Ардчилсан намын гишүүн. Танай намын удирдлага хэр сайн ажиллаж байна. Ирэх  сонгуульд Ардчилсан нам ялах болов уу?
-Монголд сүүлийн үед их олон юм болж байна. Улс төрийн дахин хуваарилалт өрнөж байна. Үүнийг Монголын улс төрд байх ёстой зүйл гэж үзэж байгаа.  Ардчилсан намын удирлагууд ирэх оны сонгууль болтол өөрчлөгдөхгүй нь тодорхой болсон. Тиймээс Ардчилсан нам Ардчилсан нам шиг байх ёстой. Ингэж байж л ирэх сонгуульд ялалт байгуулах байх.  Харин өнөөдрийх шиг МАНАН хэвээрээ явбал хэцүүхэн л зүйлтэй тулгарах болов уу.

-УИХ-ын 2008 оны сонгуульд та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан. 2012 оны сонгуульд нэр дэвших үү?
-Би амбицитай.  Хэзээ ч тэр амбициа нууж хааж яваагүй. Гэхдээ сонгууль болох зай ч байна. Тэгэхээр дэвшинэ, дэвшихгүй гэж одоо хэлэх нь хариуцлагагүй зүйл болох болов уу

-Эрхбаригчид “Эх орны хишиг” тараагаад эхэлчихсэн. Үүнийгээ иргэд рүүгээ чиглэсэн ажил боллоо гэж дүгнэж буй. Та эрхбаригчдын өгч байгаа “Эх орны хишиг”-ээ хүртсэн үү?
-Хүртэж амжаагүй л явна. Би иргэдэд бэлэн мөнгө тараахын эсрэг байдаг. Ийм их бэлэн мөнгө тараах хэрэггүй байсан юм. Эрхбаригч намуудад амлалтаа биелүүлэх  нь иргэдийн амьдралыг сайжруулахаас илүү чухал байжээ гэж харагдаж байна. Бэлэн мөнгө ихээр тараах нь эдийн засагт маш аюултай үзэгдэл. Нэг их наяд орчим төгрөгөөр дэлхийн стандартад нийцсэн төрөх төв, хүүхдийн эмнэлэг, хөдөө хотыг холбосон зам, эрчим хүч гээд их олон асуудлыг шийдвэрлэж чадах байлаа. Энэ бүхнийг хөсөр хаяад их наядаар тооцогдох мөнгийг бэлнээр нь тарааж байна гэдэг С.Батболдын Засгийн газрын огцрох хангалттай үндэслэл гэж бодож байна.

-Харин ч байгалийн баялгаа эрх тэгш хувааж байгаа хуваарилалт юм биш үү?
-Нэг үеэ бодвол Монгол руу их мөнгөний урсгал орж ирж байна. Үүнийг зөв тогтоох хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгой гэрээнээс Монгол улсын хөгжил, монгол иргэний амьдрал шалтгаална гэж би ойлгодог. Тэгж итгэж хүлээж байна. Монголын баялаг бол монгол хүний өмч. Энэ өмчийг гадаадынхан эрхбаригчидтай хамт идчихгүй бол шүү дээ. Тэгээд ч бэлэн мөнгө тараасныг байгалийн баялгийн эрх тэгш хуваарилалт гэж тооцож болохгүй байх.

-Эрхбаригчид гадаадын мөнгө­­­тэй “нөхдүүд” Монголд ир­­­­­­лээ гээд алга ташин угтаж байгаа?
-Тавантолгойн асуудалд Монголын эрхбаригчид өөрсдөө толгой мэдэж шийдвэр гаргаж чадахгүй. Монголчууд уранаа, төмөр замаа оросуудад өгчихлөө. Одоо хятадуудыг хоосон хоцроож болохгүй. Тиймээс Тавантолгойн тендер хятадуудынх болно, харж л байгаарай. Австрали, Хятадын хамтарсан консерциум тендерт ялах байх. Ер нь бол Монголын эдийн засгийн хөгжил, монгол төрийн бодлого хоёр хөршөөсөө хамаарах болсон. Аль нэгийг нь гомдоочихгүй тэнцвэрийг нь хадгалахын тулд дээгүүр их юм өрнөж байгаа, бид л мэдэхгүй болохоос. Уул уурхайн салбарыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг гээд байгаа. Би Монгол Улс хөгжиж байгааг олж харахгүй л явна

-Яагаад?
-Өөртөө тохиолдсон болсон явдлаа ярья л даа. Гадаадаас ирсэн нэг найз маань надаас танай улс яагаад хөгждөггүй юм бэ гэж асуусан юм. Бид Сүхбаатарын талбайн хажуу дахь хоёр шилэн барилгаа л хөгжил гэж  бодож явахад  өнөөдөр саран дээр буудал барих асуудал яригдаж байна. Хөгжил гэдэг үүнийг л хэлдэг юм билээ. Түүнээс бус хэдэн шилэн барилга барьснаа хөгжил гэж тооцож болохгүй.

Ж.Нямсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих