Шийдвэрлэх сонголт

Монголын ард түмэн “Болдог юм болдогоороо болно” гэдэг шиг энэ жил ахиад л ээлжит сонгуультайгаа золгох гэж байна. Ахиад л хэнийг нь сонговол хулхидуулчихгүй бол, хэнд нь итгэвэл алдчихгүй бол хэмээн ухаанаа зарна. Зарим хүмүүс “бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэг шиг бүгд л адилхан луйварчид шүү дээ гэж санаа алдана. Зарим нь огт саналаа өгөхгүй, яагаад гэвэл хэнд нь ч өгсөн адилхан гэж муйхарлана. Ардчилсан гэх тодотголыг авснаас хойш зургаа дахь сонгуультайгаа бид золгож, саналаа өгөх тэр өдөр улам л ойртсоор. Сонгууль гэж яг юу вэ гэдгийг ч сайн ойлголгүй 22 жилийг ардаа орхилоо. Сонгоод л байдаг сонгосон хүн нь гардаггүй, илбийн юм шиг өөрчлөгддөг үр дүнг нь гайхсаар, сонгуулийн дараа ахуй амьдрал нь сайжирдаггүй муужирдаг 22 жилийг ардаа орхилоо.

Сонгууль гэдэг мөнгө тарааж бэлтэйгээ гайхуулах гайхал биш, сонгууль гэж гурил будаа тарааж, ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор тоглох тоглоом биш, сонгууль гэж өөрийгөө рекламдаж од болгох шоу биш, сонгууль гэж луйвар хийж, түмнийг хуурах нүгэл биш. Эх орноо хөгжүүлэх, Монгол хүнийг сайн сайхан амьдруулах бодлого хөтөлбөрийг дэмжих нь таны зөв сонголт байх учиртай.

Сонгууль бол иргэн таны Ү ндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж. Та хэнээс ч хараат бусаар, хэнээр ч заалгалгүйгээр зөвхөн өөрийнхөө хүслээр энэ л хүн намайг төлөөлж улс орноо үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадна гэсэн тэр хүнээ сонгож байж л таны сонголт хэрэгжинэ.

Монголд байгаа хамгийн том аюул бол сонголтгүй сонгууль юм. 1992 оны сонгуульд МАХН ялсан. Ардчилалтай дөнгөж золгоод хийсэн бидний анхны сонгууль. 1996 оны сонгуульд өнөөгийн АН ялсан. Тэдний юу хийж, Эх орныг минь яаж түйвээснийг Монголчууд бид сайн мэднэ. 2000 оны сонгууль буцаад л МАХН ялсан. Учир нь ардчилалынханд итгэх итгэл ард түмэнд үлдээгүй. 2004 оны сонгуульд МАХН арай гэж нэг юм ялсан, ингээд Эвсэлийн засгийн газрыг байгуулах эхлэл тавигдсан. 2008 онд МАХН ялсан, удалгүй эвсэлийн засгийн газар байгуулж, нэрээ өөрчилж, муу муухайгийн үүр уурхай болсон бүлэглэлийг бүтээсэн.

Эрх баригчид эхлээд ээлжлэн засгийн эрхийг барьж ард түмний нүднээс далдуур хуйвалддаг байсан бол одоо бүр цагаандаа гарч, бүхний өмнө “бид нэг шүү” гэдэг боллоо.

Нэгэнт тэд эрх мэдэл, мөнгө гэсэн адил үнэт зүйлтэй, хулгай дээрэм гэсэн нэг зорилготой учраас тэднийг нийлсэнд гайхаад байх зүйл үгүй. Монгол Улсын сүүлийн 22 жилийн түүх бол эрх баригчдын хэрхэн Монгол орныг хувааж идсэн түүх. Сонгууль болох тэр өдөр ойртсоор л, Монголын ард түмэн хувь заяагаа. ирээдүйгээ даатгах тэр мөч хором хормоор ойртсоор л.

Харин та хэнд өөрийн хувь заяа, үр хүүхдийнхээ ирээдүйг даатгах гэж байна?

Эрх баригчдад дахиад найдах гэж үү? Өнөөгийн эрх баригчдыг сонгоод хэний амьдрал сайжирсан бэ?

Хэн нэгнийг муулах бас сайлах гэсэнгүй, зүгээр л Монголоо гэсэн зүрх сэтгэл минь 22 жил төр барьсан эрх баригчдыг битгий сонгооч гээд байна.

Монголын ард түмний хувь заяа, ирээдүй гэрэл гэгээтэй байг гэсэн хүсэл минь ингэж хэлээд байна.

Монголчууд бид сонин ард түмэн, нэг тийм итгэмтгий, цайлган.

Бидний энэ зан дээр эрх баригчид тоглоод сурчихаж. Ард түмнээр яаж өрөвдүүлж, яаж итгэлийг нь олж, яаж сонголтыг нь авахаа луйварчид маш сайн мэднэ.

Яг өнөөдөр Монголын маргааш хором хормоор харанхуй руу алслан байна. Монгол хүний амьдрал өлсгөлөн ядуурал, гуйланчлал руу өдөр өдрөөр дөхөн байна.

Ийм нөхцөл байдалд бид ардчилсан гэх зургаа дахь сонгуультай золгох гэж байна.

Өмнөх таван сонгуулийн үр дүн таны амьдралд хэрхэн нөлөөлөв? Дүгнэх цаг нь одоо болсон. Сонгуульд болдог зүйл болдогоороо болж байна, арай дөнгүүр нэгийг нь л сонгочихоё гэж хандаж хэрхэвч болохгүй. Сонгууль гэж ямар чухал зүйл болохыг, ямар үнэтэй зүйл болохыг ойлгох хэрэггэй. Дээр хэлсэнчлэн Монголд үнэндээ сонголт гэж байдаггүй. Тийм болохоор ард түмэн сонгууль өгөхдөө итгэлгүй бас зорилгогүй, сонгосон хүн нь сонгогдохгүй, сонгосон сонголт нь хий дэмий учраас сонгууль Монголчуудад үнэ цэнэгүй болчихоод байна. Өнөөдрийн эрх барьж буй хүмүүс ард түмнийг хуурч, хулхидсаар байгаад итгэх итгэлгүй, сонгох сонголтгүй болгочихлоо шүү дээ. Гурил будаагаар ирээдүйгээ худалдаж, өнгө мөнгөөр өнөөдөр маргаашаа аргацаасан сонгуулийг Монголчууд бид 22 жил харлаа, одоо хангалттай. Өөрийгөө биш юмаа гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бодож 2012 оны сонгуульд та маш хариуцлагатай оролцох ёстой. Өмнөх сонгуулиуд бүтд л хоосон амлалт, худлаа хийрхэл хулгай луйвар дунд болж өнгөрсөн. Монголын ард түмний сонголтыг луйвардаж байхад бид зүгээр л байгаад байх гэж үү?  Бурууг биш зөвийг, худлааг биш үнэнийг, хуурамчийг биш үнэнчийг л сонгоорой ард түмэн минь.

Газар нутгаа харийнханаар нүхлүүлж, тусгаар тогтнолоо алдаж, хүн ардаа ядууруулж, эх орноо худалдаж байгаа хүмүүсийг та сонгоно гэвэл та ч бас гэмт хэрэгтэн гэсэн үг.

Эрх баригчдыг нэг л том зүйл мэт бодож айж байгаа бол, өнөөгийн эрх баригчдаас өөр сонголт байхгүй гэж бодож байгаа бол, хэнд итгэхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л сайн бод, сонголт байж л таараа, луйварчныг сонговол тэр луйвраа л үйлдэнэ, хулгайчийг сонговол тэр хулгайгаа л давтана, алдсан хүнийг ухаарсан гэж бодвол эндүүрэл шүү тэр алдаагаа ахиад л давтана.

Эх орондоо хайртай, эрдэм мэдлэгтэй, эрэлхэг зоригтой Монгол аавын хүү, ээжийн охин байж л таараа. Ямар ч байсан бид тусгаар тогтнолтой, ард түмэнтэй, бахархах түүхтэй орон.

21 000 төгрөг нь эцэстээ хатсан талх тараадаг Африкийн хувь тавиланг давтахаас өмнө, төрөлх нутгаа лиценз нэрээр худалдагдаж бусдын колони болох нь харахаас өмнө, Монгол хүн нь дүрвэж дуусаад гадныханы оромж болохоос өмнө эх орноо аврах хүн бол Монгол Улсын иргэн та. Таны сонгох сонголтонд эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдийн чинь ирээдүйн баталгаа байна.

2012 оны сонгуульд өнөөгийн эрх баригчид эртнээс бэлтгэн, сонгуулийн бүхий л шатанд хийх луйвраа төлөвлөчихсөн байна.

Ард түмнийг сайн сайхан амьдруулна, Монгол орныг хөгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр дэвшуүлж болохгүй, намууд нэгдэж эвсэл болох боломж хязгаарлагдмал, сурталчилгаа хийх хоног цөөн, харин эрх баригч намынхан юу ч хииж, яаж ч өөрсдийгөө сурталчилж болно гэсэн сонгуулийн хууль баталсан. Ийм л адил бус гараанаас эхлэх 2012 оны сонгуультай та бид тулж ирээд байна.

Надтай надгүй болох юм болдогоороо л болно гэж та өөрийгөө үнэгүйдүүлж болохгүй, тань шиг л жирийн хоёр сая долоон зуун мянган иргэн эх орныхоо хувь заяаг маргаашийг тодорхойлно гэдгийг үргэлж санаж, сонголт хэзээд ард түмний гарт байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Монголчууд алдвал хамтдаа л алдана, оновол хамтдаа л ононо.

Эцсийн эцэсттөрөлх эх орондоо бид, бидний үр хойч л амьдарна шүү дээ. Монголын улс төр, нийгэм, эдийн засаг яаж бүхэлдээ сүйрч, хэрхэн хямарч байгааг бид сүүлийн 22 жилд нүдээрээ харсан, чихээрээ сонссон, биеэрээ мэдэрсэн.

Одоо муу муухайг эцэслэх цаг нь болжээ. Амьдрах итгэлгүй, аврах төргүй, найдах хүнгүй болчихсон Монголын ард түмэн харанхуй дундаас зүү олох адил сонголтоо хийх гэж тэмтчин байна.

Дуртай дургүй, таалагддаг таалагдцаггүй, сайхан муухай гэдгээсээ тур татгалзаад Эх орныг минь хамгийн сүүлчийн удаа аврах боломж болсон 2012 оны сонголтоо та зөв хийгээрэй. Монголын ард түмэн сонголтгүй сонгуулийн өмнө байна, гэхдээ Монгол хүний саруул ухаанд би итгэдэг. Таны сонголт мэргэн байг.

Эцсийн эцэст газар шороо, байгалийн баялагаа харийнханд алдлаа.

Эцсийн эцэст юмны үнийг гурав дахин нэмж өглөө.

Эцсийн эцэст хүн амын тэн хагас нь ядуу тарчиг бор хоногоо өнгөрөөж байна.

Эцсийн эцэст залуучууд харийн оронд боолын хөдөлмөр хийн цагаачилж байна.

Та бидний цайлган цагаан сэттэлийг хууран мэхэлж, төр засгийн эрхийг төрийн нэр барьсан луйварчид булаан авч, 22 жилийн хугацаанд өөрсдөө хагартлаа баяжлаа. МАН, АН нэртэй нуувчинд нуугдаж байгаа олигархиудыг дахин хэзээ ч битгий сонго.

МАН, АН нэртэй намын нуувчинд улс төрөөр баяжсан луйварчид, 22 жил Монголын төрийг, ард түмний сэтгэлийг уландаа гишгэгчид намын нэрээр Засгийн эрхийг авахаар зэхэж байна. Монголчуудаа болгоомжил !

Т а бидний сонголт асар их үнэ цэнэтэйг санаж зөвхөн “ГУРАВ ДАХЬ ХҮЧИН ЭВСЭЛ”-ийг сонгоцгооё !!!

Миний Монголын ард түмнийг Мөнх хөх тэнгэр ивээг.

Философийн магистр Д.Санчир


URL:

Сэтгэгдэл бичих