2012 оны сонгуулиар юм юм болно
2000 оны сонгууль санаанд оромгүй үр дүн авчирна гэж хэлж байсан Хөвсгөлийн цаатан бөөтэй хийсэн ярилцлагыг уншигчид санаж байгаа байх. Түүнээс хойш уламжпал болгон манай сонин сонгууль бүрийн өмнө ирэх сонгуулийн төлөв болон улс төрийн нөхцөл байдлын талаар тус бөөтэй ярилцлага хийсээр ирсэн билээ. Ингээд Хөвсгөлийн Цагаан нуурын цаатан бөөтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Та Монголын өнөөгийн улс төрчдийг юу гэж боддог вэ? Хэрэв сөрөг дүгнэлттэй байдаг бол үүнээс гарах гарцыг хэрхэн харж байна вэ?
-Би Монгол Улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болоосой гэж боддог. Хий худлаа ярьсан хүмүүс энэ Монгол орныг идэж, зарж дуусч байна. Ер нь тэд хэзээ ч ойлгохгүй, 76 гишүүний юм хийж бүтээж байгааг нь бус хэрүүл хийж байгаа дүрс нь л орой бүр харагдах юм. Нэг нэгнээ хэмлэж, улсаа худалдаж буй эрх баригчдад бид итгэх арга алга болжээ. Гишүүд та бүхэн сайн бодоцгоож үзээрэй,
-Энэ Монгол орон улс шиг улс биш болоод удаж байна. Юу гэвэл Монгол улс минь эзэнгүй айл шиг эзгүйрэн хоосорч байна. Монголынхоо баялгийг хувааж идэж буй 76 гишүүн хэрэг алга аа. Сүүлийн үед баялгийн хараал гэж их ярих боллоо. Монгол үнэхээр баялгийн хараалтай улс болох гээд байна уу?
-Монголчууд эд баялгийн хараал байдаг гэдгийг мэдэхгүй л байна. Алт гэдэг нь бидний оршин тогтнож байгаа байгаль ээжийн минь судас юм. Судсыг нь таствал байгаль эх та бүхэнд өөр нүүрээ харуулна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Газрын баялгаар баяжаад хол явахгүй. Нэг үгээр ээжийнхээ юмыг хулгай хийсэнтэй адилхан.
Сайд дарга нар монгол хүн биш юм шиг л уурхайн зөвшөөрлийг маш ихээр өгөх юм. За ер нь миний ард түмэн болон монгол туургатан урт удаан амьдарч, энэ сайхан дэлхий дээрээ үржиж, байгаль ээжтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Би байгалиа шүтэж, байгальтайгаа харьцдаг хүн болохоор байгаль ээжээ их өрөвдөх юм даа.
-Бас нэг яриа бий, тэр нь хятадууд Монголд ихээр суурьшиж байна гэсэн яриа. Энэ үнэхээр ноцтой асуудал мөн үү?
-Энд тэндгүй барилга баригдаж, энд тэндгүй хятад ажилчид байна. Монголчууд залхуу юм уу, эсвэл баяндаа ийм ажил хийхгүй байгаа юм болов уу. Би маш их гайхаж байна. Төр засаг нь ч төр засаг. Төрийн бодлого гэж үгүй болж, төр засаг нь ард түмнээ анхаарахгүй, харийнхны гар хөл болцгоож, харийнхантай нийлж Монголыг устгах гэж байна. Монгол үндэстнээ бус өөрсдийн эрх ашгийн төлөө юугаа ч зориулахад бэлэн хүмүүс энэ үндэстнийг мөхөөж байна. Монголчууд минь ээ сэрж амьдраач, удахгүй Монгол үндэстэн арчигдан хаягдах гээд байна.
Монголоор дүүрэн ажилгүй, ажил хайж буй олон мянган хүн байсаар байтал төр засгийнхан гаднаас олон мянган хятад ажилчид оруулж ирж ажиллуулж байгаа нь их буруу зүйл юм. Ихэс дээдсүүд нь өөрсдөө ашигтай гэрээ хийж, нутгаа зарж идчихээд цаана нь ард түмнээ хоосруулж байна. Хятадуудын гар хөл болж буй хоёр нүүртэнгүүд өөрсдөө хятад хүн болов уу ч гэж бодогдох юм.
-Таны сэтгэлийг эмзэглүүлж явдаг өөр зүйл бий юу?
-Дээрээ толгойгүй, доороо гүйдлээ олохгүй гэж ярьдаг шиг манай улсад өөрийн толгойгүй улс төрчид жаахан юм бодох цаг нь болж. Улсын Их Хурлын 76 гишүүн юу ч хийхгүй зөвхөн цаг нөгцөөх гэж л сайхан ордондоо ирэх юм
гэж бодогдох боллоо. Болдог бол өөрсдөө огцормоор л юм. Юу ч хийдэггүй сандал бөглөөд л сууж байгаа гишүүд хэрэв ерөнхий-лөгчийн засаглалаар явбал хариуцлага хүлээж харин ч сэтгэл гаргана даа. Ингэхэд 76 гишүүн ямар хэрэгтэй юм бэ!
-Бөөгийн нэр баригсад их болжээ. Энэ талаар таны бодол?
-Айл бүр бөөтэй, дов жалга бүхэн бөөтэй болчихжээ. Ийм юм байх ёсгүй. Шинэ цагийн бөө гэгч нар бөөгийн удамгүй айлд бөө төрүүлэх гэж улайрах юм. Хий тэнэмэл сүнс биед нь оруулж байна. Тэр үедээ хүн мэддэггүй. 2-3 жилийн дараа тэр биед орсон сүнс тэр айл ах дүү амраг саданг нь сүрдүүлдэг юм. Тэгээд бөө болсон хүн багшаасаа шавь авч болох болохгүйг нь асууж авдаг. Гэтэл одоо багшдаа өгсөн мөнгөө олно гээд дороо шавь авч байна. Ингэж ярьж байгаа хүн мөнгөний бөө гэгч нь биш үү. Бас онгод нь орсон үгүйгээ мэдэхгүй тийрэн албингууд шүү.
Ер нь бол бөө болох хүн бөөгийн өвчин тусдаг. Тэр нь багаас нь илэрдэг бөгөөд зүүдээрээ дамжуулан тодорхой юм хардаг. Гэтэл одоо бие нь л өвдсөн хүн болгон бөө болох ёстой гэж хүмүүсийн толгойг эргүүлж хий муу сүнс оруулаад байх юм. Иймээс бөө нарын нэр хүнд их унаж байна. Ер нь одоо цагийн бөө нар хий юм биедээ оруулчихаад их том бөө болчихсон юм шиг санаад л байна даа. Айл бүхэн бөөтэй байна гэж байхгүй. Тэр тусмаа нэг гэр бүлд хоёроос гурван бөө байна гэдэг бүр худлаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Тантай яаж холбоо барих вэ?
- 99140522 дугаар руу зөвхөн мессеж бичиж болно.
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: