“Аваргууд ” өвдөг шороодоход гайхахгүй
Намуудаас сонгуульд зориулсан сурталчилгааг ажиглахад янз янзын тактик баримталж байх шиг.МАН гэхэд аядуу,тэгэхдээ сурталчилгаагаа бүр налгар тайван явуулж байх шиг.Эрх барьж буй туршлага зангарагтай энэ нам хийсэн үр бүтээлт ажил,биелэх боломжтой мөрийн хөтөлбөрөөрөө сонгогчдын саналыг авна гэж тооцсон байж болно.Гэхдээ л өнгөрсөн хугацаанд ямар үр дүнтэй ажил үйлс бүтээснээ сонгогчиддоо давтан сануулахад илүүдэхгүй мэт.Амь зуулгаа бодож ажилдаа зүтэгсэн хүмүүс аль юм болгоныг санах билээ.Мартана.
АН зөөлөн хэлбэл нэлээд давшингуй,хатуухан хэлбэл дайрлангуй дээрэнгүй өнгө аястай сурталчилгаа хийж байх шиг.Тухайлбал “нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН аваргуудаа,МАН амны бөхөө сойлоо” ч гэж байх шиг.Тэр аваргууд гэдэг нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,Лу.Гантөмөр ажээ.УИХ-ын гишүүн хүн бусдаасаа цойлж гараад аварга болчихдог гэвэл үнэмшихэд бэрх.УИХ- ын гишүүн байна гэдэг тодорхой цаг хугацаанд л ажиллах алба юм.Харин АН-ынхны хувьд МАН-аас тус дүүрэгт нэр дэвшсэн Ч.Ганхуяг,Ц.Цогзолмаа хоёр амны бөх шиг,шинэ цэрэг шиг амархан харагдаад байгаа ажээ.
Нэг үе амны бөх амархан өвдөг шорооддог байсан л даа.Тэр цаг үе хэдийнээ түүх болон үлдсэнийг бөхийн барилдаан хардаг сонирхдог хүн ойлгодог болсон.Амны бөх гэж амархан санагдаад буй Ч.Ганхуяг,Ц.Цогзолмаа хоёр нийслэлийнхний хувьд,тэр дотроо Сүхбаатар дүүргийнхэнд хэзээний танил хүмүүс ажээ.Ч.Ганхуяг Сангийн дэд сайд,Ц.Цогзолмаа СБД-ийн засаг дарга,Нийслэлийн засаг даргын орлогоч дарга.Тиймээс энэ хоёр,бөхөөр юм бол улсын начин,эсвэл аймгийн арслангийн хэмжээний хүмүүс биз дээ.
Одоо аймаг цэргийн арслан бүү хэл начингууд улсын аварга арслангуудыг түүртэлгүй хаядаг болсон шүү дээ.Учир нь аварга арслангууд цолондоо ханаад бэлтгэл хийхгүй маадайгаад таргалчихсан.Тухайлбал УИХ-ын зарим гишүүд өдөр тутмын сонины улстөржсөн мэдээ нийтлэл уншихаас цаашгүй хоцрогдсонтой ижилхэн юм уу даа.Харин сонгуульд шинээр нэр дэвшиж буй залуучууд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг,шинийг бодож хийх санаачилгатай,ажлын зохих туршлагатай чадварлага хүмүүс гэж болно.
Тэгээд ч МАН боловсон хүчний бодлогодоо 25 хувь нь ажлын баялаг туршлагатай ахмадууд,25 хувь нь ид дунд насны эрч хүчтэй хүмүүс,25 хувь нь залуус,25 хувь нь эмэгтэйчүүд байхаар удирдах албан тушаалтныхаа байршлыг зохицуулахаар зарласан нь хэрэгжвэл маш зөв юм.АН-ын сурталчилгаагаар бол дан аваргууд нь албан тушаалыг лаглайтал эзэлчихээд залуусаа тоохгүй дээгүүр хараад байвал хол явахгүй,элсэн хана мэт нуран унана.
Г.Ганхуяг,Ц.Цогзолмаа хоёр амны бөх ч арай бишээ,”аваргууд”-ыг өвдөг сөхрүүлсэн байхад гайхах явдал үгүй.Сонгууль болоход хорь хонохоо байлаа,харж л байя.
С.ҮНЭНХҮҮ
URL: