“МИАТ”-ийг дампууруулж, “Asiana” компанийг оруулж ирэх сонирхол хэнд байна вэ

Солонгосын Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо / ШБӨХЗХ /-ныхон Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компанийг шударга бус өрсөлдсөнийх нь төлөө 1.8 тэрбум воноор торгохоор болсон гэнэ. Зүгээр ч үгүй “Корейн эйр” авиа компанитай үгсэн хуйвалдсан хэргийг “МИАТ” компанид тохжээ. Уг хороо нь БНСУ-ын Засгийн газрын харьяа агентлаг бөгөөд манайхаар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ юм байна л даа. Тэд эхлээд үндэснийхээ “Корейн эйр” компанийг Сөүл-Улаанбаатарын чиглэлд өрсөлдөгчгүйгээр ноёрхож байгааг эрс шүүмжилж, монополийн хэрэг үүсгэсэн юм байна. Ингээд “Корейн эйр”-ийг шалгах явцад “МИАТ” ч энэ хэргийн хамсаатан болох нь илчлэгдсэн гэнэ. Үүгээр зогсохгүй “МИАТ” компанийн картелийн хэрэг” гээчийг сэдэж мөрдөн шалгалт ч хийгээд амжсан юм байх. Ингээд мөрдөн шалгалтынхаа үр дүнгийн талаар БНСУ-ын ШБӨХЗХ-ныхон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөл, “МИАТ” компанийн гүйцэтгэх захирлыг албан байрандаа дуудаж нэгэн мэдэгдэл өгчээ. Энэхүү мэдэгдлийн товч утгыг дор сийрүүлье. Солонгос шинжээчийн гаргасан дүгнэлтэд “Корейн Эйр болон “МИАТ” авиа компаниуд БНСУ-ын нутаг дэвсгэр дээр болон Солонгос, Монголын агаарын тээврийн зах зээл дээр зорчигч тээврийн үйлчилгээнд суудлын тоонд хязгаарлалт тавих, зорчигч хуваах, өөр өрсөлдөгчийг энэ зах зээлд нэвтрэхэд саад болсон. Үүнийг хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хийсэн” гэж дүгнэжээ. Ингээд “Корейн эйр”-ийг 4.5 тэрбум вон, “МИАТ”-ыг 1.8 тэрбум воноор торгох санал гаргасан юм байна. Гэвч манай тал тэдний саналыг хүлээж авахаас татгалзсан гэдгийг албан хүн хэллээ. Одоогийн байдлаар Монголын талаас Гадаад харилцааны яамнаас ноот бичиг, ЗТБХБ-ын сайдаас байр сууриа илэрхийлсэн захидал, “МИАТ” компаниас холбогдох тайлбар мэдээллийг тус тус гарган хүргүүлжээ. Ер нь уг хэргийг БНСУ-ын дотоодын хууль тогтоомжийн дагуу өөрийн компанид хамааруулсан байдлаар шалгаж, тайлан гаргасан бөгөөд нэг талаас хоёр орны хоорондын агаарын харилцааны асуудалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм байна.

Энэхүү “картелийн хэрэг” гэгчийн цаана “Asiana”-гийн эрх ашиг бий юү

Байгаа гэж хардах үндэслэл байна. Энэ талаар өгүүлэхээс өмнө хоёр орны агаарын харилцааны талаар багахан түүх сөхье. Монгол Улс болон БНСУ нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийг соёрхон баталсан бөгөөд хоёул Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн.  Үүнээс гадна хоёр орны Засгийн газар 1992 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу Монголын талаас агаарын тээврийн “МИАТ” төрийн өмчит хувьцаат компани, БНСУ-ын талаас Корэйн Эйр компаниуд томилогдон, өнөөг хүртэл Улаанбаатар-Сеүлийн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа юм билээ. Тэгэхээр аливаа зөрчил, маргаан дээрх эрхзүйн баримтад зааснаар шийдэгдэх ёстой.
2003 оноос энэ чиглэлд зорчигчдын урсгал нэмэгдсэнээр “МИАТ” хүсэлт тавьж зуны гурван сар хуваарьт зургаан нислэг дээрээ нэмж долоо хоног бүр нэмэлт таван нислэг үйлдэх зөвшөөрөл БНСУ-ын талаас авчээ. “Корейн эйр” ч өөрт ногдох нэмэлт нислэгийн зөвшөөрлөө авсан байна. Сонирхолтой нь, БНСУ-ын Газар, нутаг далайн хэрэг эрхлэх яам “МИАТ”-аас бусад улсын авиа компаниудад нэмэлт нислэгийн тоог хязгааргүйгээр олгодог юм байна. Ганцхан манайд ингэж ялгавартай хандаж байгаа нь Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Asiana”-г оруулах далд бодлоготой нь холбоотой ажээ. Саяхан Монгол иргэд БНСУ-д зорчихдоо визийн хөнгөлөлт эдлэх болсон нь Солонгосын талын амбицыг бүр ч илэрхий болгосон гэнэ.  Визний хөнгөлөлт бий болно гэдэг нь энэ чиглэлд зорчигчийн урсгал нэмэгдэнэ, тэр хэрээр “Корейн эйр”, “МИАТ”-ийн олох орлого өснө гэсэн үг. Тиймээс солонгосууд “Asiana”-г оруулж ашиг орлогоос нь хуваалцах сонирхолтой байгаа юм байна л даа. Гэвч тэдний сонирхлыг манай тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, “Asiana” орж ирвэл агаарын хөлгийн парк, бааз суурь, нислэг үйлдэж буй олон чиглэлүүдээрээ Солонгосын авиа компаниуд манай агаарын тээврийн зах зээлд давамгайлна. Өөрөөр хэлбэл, солонгосуудын “МИАТ”-ийг чичлээд байгаа монополь жинхэнэ утгаараа бий болно гэсэн үг. Дээр нь, “МИАТ”ийн  Сөүлийн чиглэлд төдийгүй Сөүлээс дамжих транзит зорчигч урсгалыг татан авах бөгөөд энэ нь үндсэндээ “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн тээвэрлэж буй зорчигчдыг тээвэрлэнэ гэсэн үг юм. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн хувьд  Сөүл хот руу хийж буй нислэг нь хамгийн ашигтай чиглэл бөгөөд энэ чиглэлээс олсон орлогоор Европын чиглэлийн алдагдлыг нөхдөг юм. Тэгэхээр “МИАТ”-ийн үнээр “Asiana”-г оруулж ирэх нь Монголд ямар хор хохиролтой болох нь ойлгомжтой.

“МИАТ”-ыг дампууруулах уу

2011 оны долдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдын айлчлалтай холбоотойгоор хоёр орны хоорондын иргэний агаарын тээврийн нислэгт олон тээвэрлэгчийг оролцуулах талаар Солонгосын талтай холбогдох хэлэлцээг хийж, шийдвэрлэх чиглэлийг өгчээ. Энэ чиглэлийн зах зээл нь “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын орлогын 40 гаруй хувийг эзэлдэг бөгөөд олон улсын томоохон холбооны гишүүн, 200-аад агаарын хөлгийн парк бүхий хоёр хүчирхэг агаарын тээвэрлэгчтэй өрсөлдөх хүчин чадал “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанид байхгүй.
Нөхцөл байдал иймдээ хүрвэл үндэсний хамгийн том агаарын тээвэрлэгчдээ “баяртай” гэж хэлэхээс өөр аргагүйд хүрнэ. Тэгэхээр Засгийн газар “хоёр орны хоорондын иргэний агаарын нислэгт олон тээвэрлэгчийг оролцуулах талаар БНСУ-ын талтай хэлэлцээ хийх” чиглэл өгсөн нь шууд утгаараа БНСУ-ын хүсэл сонирхолд нийцүүлсэн Монгол Улсад ашиггүй шийдвэр гаргасан гэсэн үг. Тиймээс дотоодын эсэргүүцэлтэй тулгарч Засгийн газрын хэрэг эрхлэх газар БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэцээрийн дагуу 2003 онд байгуулсан Санамж бичгийн дөрөвдүгээр заалтаар суудлын багтаамжийн хязгаарлалтгүйгээр агаарын тээврийн үйлчилгээ явуулахаар тохирч, баталгаажуулаагүй байгаа тул уг хэлэлцээрийг дахин харилцан ашигтай байдлаар тохиролцохоор ажиллах чиглэл өгчээ.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлд гуравдагч авиа компани орох боломж бий, гэхдээ…

Тохиролцсон нислэгийн давтамжийн хүрээнд Солонгосын хэдэн ч агаарын тээвэрлэгч нислэг гүйцэтгэж болно. Өөрөөр хэлбэл, “МИАТ” долоо хоногт 5-6, “Корейн эйр” долоо хоногт дөрвөн удаа, мөн зуны нэмэлт нислэгийн тоог нэмээд энэхүү давтамжийн тоонд хэдэн ч авиа компани нислэг үйлдэж болно. Гэвч БНСУ-ын тал дотоод журам гэдэг нэрийдлээр энэхүү давтамжаас гадна агаарын тээвэрлэгч оруулах хүсэлтэй байдаг юм байна. Ерөнхийдөө Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээрийн зохицуулалтаас дээгүүр тавьсан зохисгүй хэрэг юм.  Бас нэг зүйлийг дурдахад, Монголын талаас “Монголиан аэрлайнес групп” компанид Чеонгжу, Чежугийн чиглэлд чартер нислэг гүйцэтгэх зөвшөөрөл тавихад Солонгосын тал “Asiana” агаарын тээврийн компанийн Сөүл, Бусанаас хийх чартер нислэгтэй уялдуулан олгох ижил тэгш бус нөхцөл тавиад байгаа юм билээ.

Х.Түвшинтөгс

http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=53278&vmet_main=14029


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих