Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Ховдынхныг хошгируулж барах уу
УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид нэр дэвшсэн тойрогтоо ялалт байгуулахын тулд есөн бусын бусармаг арга, саам хэрэглэдэг өмнөх зуршилаасаа огтхон ч салаагүй байна. Хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсдаг гэгчээр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар нэр дэвшигчид өмнөх шигээ дураараа дургин, дунд чөмгөөрөө жиргэх боломжгүй болсон ч элдэвийн арга нь улам зальтай, эвтэйхэн болж байна. Тухайлбал нэр дэвшсэн тойргийнхноо аймаг, аймгаар нь цуглуулж уулзаад, “Бид чинь нэг нутаг усны хүмүүс” гэж хошгируулан, саналыг нь авах гэж улайрцгаах болжээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хуралд нэрээ дэвшүүлсэн, эдүгээ тус дүүргийн Засаг даргын албыг хашиж байгаа Д.Ганболд гэгч дүүргийнхээ хороо болгонд очиж Ховд аймгийн гаралтай иргэдийг цуглуулан уулзалт хийж явна. Гэхдээ тэр иргэдийг уулзалтдаа ирүүлэхийн тулд “Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс уулзалт зохион байгуулах гэж байна. Ховдынхон уулзалтад хүрэлцэн ирнэ үү” гэсэн зарыг хороодын Засаг дарга нараар тараалгачихдаг аж. Нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа уулзалтад очиж, нутгийнхантайгаа уулзана гэж ажил, албаа зохицуулаад хөөрч догдолж очсон хөгшид голдуу иргэдийг харин мань засаг дарга тосч суудаг байна. Тэгээд хорооны Засаг дарга нь уулзалтыг нээж, “Манай дүүргийн Засаг дарга Ховдын хүн. Тиймээс Ховдынхан та бүгдийг цуглуулж, уулзаж, санал хүсэлтийг тань сонсъё гэсэн юм. Та бүхэн нутгийн хүүгээ дэмжээрэй” гэж хэнэг ч үгүй хэлж суудаг аж.
Хэдэн өдрийн өмнө энэ заль мэхээрээ Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд оршин суудаг Ховдын гаралтай иргэдийг цуглууллаа. Уулзалтад хориод хүн очсон байв. Уулзалтад очсон иргэд уулзалтын гол зорилгыг мэдээд, бухимдаж байгаагаа нуугаагүй. Тэдний зарим нь “Хэдэн жилийн өмнө нутаг уснаасаа гарч явсан бид өнөөдөр Чингэлтэй дүүргийн бусад иргэдтэйгээ яг адилхан энэ дүүргийн оршин суугчид. Гэтэл нутгийн зөвлөлийн уулзалт энэ тэр гэж хуурч цуглуулаад тархи угааж байна. Уулзах гэсэн юм бол бүх иргэдтэйгээ л адилхан уулзах ёстой биз дээ. Ингэлээ гээд таны төлөө бид саналаа өгөх нь юу л бол” гэж өөрт нь хатуухан хэлж байлаа.
Зарим нэг нь Та “Ховдын аль сумын хүн бэ” гэж асуугаад нэр дэвшигчийг хэлэх үггүй болгов. Нэр дэвшигч дээрх асуултад ээрч мууран байж, “Би багаасаа Улаанбаатарт өссөн. Манай аав, ээж Ховдын гаралтай хүмүүс” гэж үнэнээ өчинө лээ. Нэг өвөө бүр “Чингэлтэй дүүрэг Д.Ганболд гэж Засаг даргатай гэдгийг би өнөөдөр л мэдэж авч байна” хэмээн эрхэм Засаг даргын нүүрийг улайлгасан.
Нэр дэвшигчид иргэдийн саналыг авах гэж аргаа ядсан арга хэрэглэж байгаа нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын найруулга муутай энэхүү арга хэмжээнээс харагдаж байна.
Ц.Хонгор http://mongolcomments.mn/
URL: