Д.Сумъяабазарт Сонгинохайрханчууд ам сайтай байна
УИХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байгаа Д.Сумъяабазарыг үндэсний бөхийн залуу аварга гэдгээр сонгогчид илүүтэй мэднэ. Түүнийг Монгол Улсын 14 дэх аварга гэдгээр ард түмэн хайрлан хүндэлж явдаг.
2002 онд автомашины худалдаагаар бизнест хөл тавьснаасаа хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг байгуулж, Улсын циркт шат дараалсан хөрөнгө оруулж, Брокер диллерийн компани болон олон улсын хөрөнгө оруулалтын төсөл гэх мэтэд сүүлийн арван жил хүч оюунаа өргөсөн Д.Сумъяабазар бөх гэхээсээ илүүтэй ажил хэрэгч бизнесмен гэдгээрээ хоногших болсон. Түүний бизнес өдгөө Монголын томоохон бизнес группын нэг болон хөгжжээ.
Улмаар 2008 онд СХД- ээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин сонгогдсон Д.Сумъяабазар дүүргийнхээ ирээдүйн итгэлийг дааж дөрвөн жилийн турш чамгүй ажил амжуулсанд нь СХД-ийн ард иргэд талархал илэрхийлэн, уулзалт бүрт алга нижигнүүлэн баяр хүргэж, амжилт хүсч байна.
Д.Сумъяабазар улс төрийн тавцанд өөрийн байр сууриа олж авахын тулд нэлээдгүй хугацаанд уйгагүй идэвх зүтгэл гарган ажиллаж, үр дүнд хүрсэн нь илэрхий. Нийгмийн ноцтой тулгамдсан асуудалд байнга анхаарлаа тавьж ажилладаг түүнийг өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хийсэн ажил амжилтаа улам баяжуулан баталгаажуулж, дүүргээ төлөөлөн их хуралд суухыг иргэд үнэн сэтгэлээсээ хүсч байна. Учир нь Д.Сумъяабазарын улс төр, эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол нь сонгогчдын анхаарлыг ихээр татаж байгаа аж.
Тэрээр, “Нийслэлийн хөгжлийг ярихын тулд эхлээд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. Үүний тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах учиртай. Өнөөдөр СХД-т тулгамдсан олон асуудал байна. Шийдвэрлэх ёстой бүтээн байгуулалтын олон ажлууд байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэвч одоогийн Их хурал баталж өгсөнгүй. Цаашид нийслэл Засгийн газрын хэмжээнд, дүүрэг аймгийн хэмжээнд, хороо сумын хэмжээнд шийдвэр гаргах, хөрөнгө босгох, хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй байх ёстой. Өнөөдөр СХД-ийн нэг хороонд 8-10 мянган хүн амьдарч байна. Энэ бол таван сумын иргэдийг нийлүүлсэн тоо. СХД-ийн хэмжээнд 260 мянган хүн амьдарч байна. Энэ бол 4-5 аймгийн иргэдийг нийлүүлсэн тоо. Г этэл шийдвэр гаргах эрх мэдэл нь, хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэтэрхий бага байна. Бид дүүрэгтээ зам тавьж дэд бүтцийн ажлыг шийдэж байна Гэвч өнөөдрийнхөөс илүү их зам тавих шаардлагатай байна.
Гэр хорооллуудыг дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох зорилго тавин ажиллаж байна. Гэрэлтүүлгийг илүү өндөр түвшинд гаргамаар байна. Гэвч бид хэдийгээр дүүргийн асуудлыг тодорхой түвшинд шийдэж байгаа ч цогц хөгжлийн бодлого ярихын тулд хөрөнгө санхүүгээ шийдэх хэрэгтэй байна. Хэрвээ дүүрэгт өөрт нь эрх мэдэл өгөх юм бол хөрөнгө босгож болно. Үүнийг хувьцаа гаргах хэлбэрээр, бонд гаргах хэлбэрээр, хувийн хэвшилдээ концессийн тухай хуулийн дагуу хамтран ажиллах гэх мэт олон аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Хотын парламентын төлөөлөгч надад хууль батлах эрх байдаггүй юм. Тэгэхээр дүүргийн энэ олон асуудал, зорилт, ундарсан их ажлыг хавтсандаа сугавчлаад УИХ дээр очиж шийдвэрлэх ёстой” хэмээн иргэдийн уулзалт дээр ярьж байгаа юм.
Бодит байдалд нийцсэн, зөв судалгаа, үндэслэлтэй түүний яриа сонгуулийн ялалтыг Д.Сумъяабазарт өөрт нь өдөр ирэх тусам улам ойртуулж байна.
Д.Сэндэр
URL: