Чингэлтэйн Засаг дарга Д.Ганболд чимхсэн мөнгөөрөө сонгууль луйвардах уу

Нийслэлийг удирдаж буй хүмүүс өнгөрсөн хугацаанд хүний амьдралд ашиг тус багатай хөшөө баримал гэх мэт аахар шаахар зүйлд хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Энэ нь ердөө л их ажил хийсэн болж харагдах гэсэн инээдтэй мэх. Тэд энэ сонгуулиар дахин гарахын тулд тэрхүү залиа ашиглаж байна. Янз бүрийн хэлбэр дүрстэй хэдэн хөшөө, сараалжин төмрөө том бүтээн байгуулалт хэмээн нэрлэж, тууз хайчлан зурагтаар гарах нь тэдний эрхэм зорилго болжээ. Ямар сайндаа л МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь “Манай телевизийг очно гэвэл хотын дарга нар жорлонгийн нээлтэд ч тууз хайчилна” хэмээн твиттертээ жиргэж байх вэ дээ.

Ер нь нийслэлийн иргэдэд хөшөө, сараалж тийм хэрэгтэй гэж үү. Хямд өртгөөр чанартай ажил хийж байгаа бол бас яах вэ гэхсэн. Харамсалтай нь, тэд 100 хувь эсрэгээр нь ажилладаг. Тухайлбал  Чингэлтэйн Засаг дарга Д.Ганболд “Тусгаар тогтнолын” гэгдэх ганц гозгор баганыг хоёр тэрбумаар босгож байсан. Яг үнэндээ энэ мэт зүйлд ийм их мөнгө зарцуулна гэдэг юу л бол.

Цонжин болдогт сүндэрлэж буй Чингис хааны морьтой хөшөөт цогцолборыг барихад хоёр тэрбумыг зарцуулсан гэдэг. Гэтэл бараг Чингис хааны барьсан ташуур шиг гонзгой баганыг тийм хэмжээний мөнгөөр босгоно гэдэг арай дэндсэн луйвар байгаа биздээ. Эрх мэдэлтнүүд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэрээр төсвийн мөнгийг ингэж “хусдаг” моод дэлгэрээд байгаа учраас хууль хяналтынхан засаг ноёдыг шалгах болсон. Зарим нь ч ял зэмээ хүртсэн. Гэхдээ бүх асуудал бүрэн цэгцрээгүй байхад сонгууль эхэлчихлээ. Энэ нь тэдэнд том далим болж, түрхэн зуур нүд хуурах хөшөө, хайсханаар сонгогчдын толгойг ид эргүүлж байна.

Эрхэмсэг эрх баригчид маань үнэхээр л хүнд хэрэгтэй, амьдралд ашигтай бүтээн байгуулалт хийе гэж бодож байгаа бол барж ядсан тэр их мөнгөө төрөх эмнэлэг өргөтгөх, гэр хорооллуудыг тохижуулах, дэд бүтэц татах зэрэг зайлшгүй хэрэгцээтэй зүйлд зарцуулах хэрэгтэй шүү дээ. Хоёр тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн багтаамжтай зургаан цэцэрлэг барьж болох л байсан. Гэвч дандаа түр зуурын өнгөлөн далдлалтаар хуурч буй нь тэдний үнэн нүүр царайг илчилж байна.
Нийслэл, дүүргийн удирдлагуудын сүр дуулиантайгаар нээж, тууз хайчилж байсан “бүтээн байгуулалт”-ууд удаж төдөлгүй хотын нүүр царайг дарсан хог болж хувирдгийг бид хангалттай харсан. Наад зах нь төв талбайгаа харъя л даа. Талбайн урд төрийн дууллын хөшөө барилаа л гэсэн.

Уг нь тэр хөшөө төрийн дууллыг өдөрт хоёр удаа “дуулж” байх учиртай. Харин одоо бол хэмхэрхий хог болсон. Талбайн хоёр талын гэрлийн шонгуудын хооронд татсан гэрэлтүүлэг нэртэй заваан утаснуудыг харсан бүхний ой гутдаг. Бүр арай ч дээ гэж харамсмаар. Аль 90-ээд оны эхэн үед л хэрэглэдэг байсан Хятадын хог шүү дээ. Үнэндээ ядарсан жижиг худалдаачин ч өнөө цагт ийм хогийг ТҮЦ-ндээ тоож өлгөхгүй.

Тэгвэл ийм янзаар ажил хийсэн нэр зүүдэг, ийм л буруу сэтгэлтэй хүмүүс нийслэлийг он удаан жил удирдлаа. Тиймээс хотын иргэд энэ удаад холыг харж, хоёрыг бодохоос өөр аргагүй. Басхүү асуудалтай хүмүүсийг нэгмөр шалгуулж, амьдралтай юм ярьсантай нь хамтарч ажиллах цаг нэгэнт болсон байна.

Ц.Сугар  http://chuhal.mn/


URL:

Сэтгэгдэл бичих