Ц.Анандбазарын араас АТГ-ынхэн сар илүү мөрдөж сонгуулийн тухай болон сүрдүүлгийн үг хэллэг орсон яриаг нь чагнадаг байжээ

Дорноговь аймагт МАН-аас нэр дэвших эрхээ төвөггүйхэн авсан “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг намынх нь шийд гарсан өдөр нь шахуу баривчилсан нь нийгэмд том шуугиан дэгдээсэн.  Хууль хүчнийхэн олон жил Ц.Анандбазар захиралтай ноцолдож байгаа нь үнэн юм.  Эрүүгийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн хэрэгт нь цөөнгүй удаа байцааж шалгаж бүр цагдан хорьж байсан гэдэг.  Гэсэн ч тухай бүрд нь “Сод Монгол” компаний захирлын буруу бүрэн нотлогдолгүй хэрэг нь шийдэгдэхгүй удааширч байжээ.  Байдал ийнхүү мухардалд орлоо гээд хүчнийхэн Ц.Анандбазарыг хараа хяналтаасаа гаргаагүй бололтой.  Ялангуяа улс төрд орж сонгуульд нэр дэвших нь тодорхой болмогц үйл ажиллагаагаа бүр ч идэвхжүүлсэн гэнэ.  Тэд зохих зөвшөөрөлтэйгээр “Сод Монгол” группын захирлын утсан харилцааг хэсэгчилэн чагнадаг байсан тухай яриа улс төрийн хүрээнийхэнд тархжээ.  АТГ-ын өмнөх удирдлагууд бие биенийхээ өрөөнд камер суулгаад бүтэлгүйдэж байсныг бодвол өдгөө хамаагүй боловсронгуй техник хэрэгсэл гаднаас оруулж ирсэн гэнэ.  Тусгай программаар ажилладаг энэхүү систем нь захиалагчийн өгсөн заавраар тухайн этгээдийн яриаг хэсэгчилэн хянадаг гэнэ.  Үүнд нь хүчнийхэн өөрийн сонирхож байгаа чиглэлийн дагуу сонирхол татах үгсийг програмдаа оруулдаг бөгөөд “объект” уг үгсийг хэрэглэх үед систем автоматаар ажиллан яриаг бүхэлд нь бичиж авдаг гэнэ.  Америкт Холбооны мөрдөх товчооныхон ийм аргаар суурин болон үүрэн телефон яриаг хянаад удаж байгаа аж.  Хэрвээ ямар нэгэн “объект” яриандаа “Аллах”, “тэсрэх бөмбөг”  гэх мэт үгсийг хэлбэл уг этгээдийн утасны дугаар болон ярианы агуулга зэрэг мэдээлэл мөрдөх товчооныхонд ирдэг аж.  Үүнийгээ улс орны аюулгүй байдал болон хувь хүний халдашгүй эрхийг тэнцүү хангаж байгаа хэрэг гэж америкчууд үздэг аж.  Тэгвэл хүчнийхэн Ц.Анандбазарт шалгаж байгаа хэргийн дагуу “сонгууль”, “мөнгө”, “тохирье” гэх үгсийг программдаа суулгаж өгчээ.  Мөн өмнө нь бусдыг айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан тул өргөн хэрэглэгддэг айлган сүрдүүлсэн шинжтэй үг, хэллэгийг ч оруулсан гэнэ.  Ийнхүү “объект” утсаар ярихдаа дээрх үгсийг хэрэглэбэл яриа нь шууд бичигдэж байсан бололтой.  Тэгвэл “СодМонгол” компаний захирал сонгуульд нэр дэвшиж байгаатай холбоотой мөнгө хөрөнгө босгох, бизнесийн асуудлаа шийдэх гээд сүүлийн хэдэн сар гар утсаа улайстал ярьсан нь эцсийн эцэст ийнхүү өөрийгөө барьж өгчээ.  Ц.Анандбазарын баривчилгааны арга хэлбэрийн аюултай тал нь улс төрийн хүрээнийхэнд бөөн айдас төрүүлсэн тул утсаараа нарийн ширийн зүйл ярих зоригтон эрс цөөрчээ.  Бүр электрон шуудангаа ашиглахаас ч айдаг болсон гэх юм.  Харин Ц.Анандбазарын оронд нэр дэвших болсон Ж.Батсуурь гишүүн давхар давхар зовлонд унасан гэнэ.  “Сод Монгол”-ын захирлыг “захиалж” баривчлуулсан эзнээр тодорсоны дээр гэнэт нэр дэвших болтол хамаг бэлтгэл ажил нь зуун задгай аж.  Учир нь тэрээр Ц.Анандбазар нэр дэвших байх гээд сонгуулийн талаар бодоогүй байсан гэнэ.

NUUTS.MN С.Норов


URL:

Сэтгэгдэл бичих