АН-ын баячууд Өвөрхангайнхныг мөнгөөр басамжилж байна
Өвөрхангайнхан айраг сайтай, адуу сайтай. Үүгээрээ ч бахархдаг. Нутгийн зон олныхоо хүсэл сонирхол, бахархал дээр дөрөөлөн улс төрд хөл тавьсан хүн бол уяач Г.Батхүү. Хурдан моринд хорхойтой тэрбээр өврийн хангайнхны адууны сонирхлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн, олны саналыг авсан хэмээн нам нэгт хүчтэй улстөрчид нь түүнийг дүгнэдэг. Төрийн үнэ цэнэтэй аж ахуйн нэгж байсан АПУ-г Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хуйвалдан, хямдхан хувьчилж аван хөлжсөн Г.Батхүү улс төрд ч мөн замаа иймэрхүү байдлаар зассан байдаг. АН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг тэрбээр УИХ-ын дэд даргын суудалд ихээхэн хандивын тусламжтайгаар суусан. Үүнээс гадна Г.Батхүү Өвөрхангайн тойргийг хувьчилж аваад удсан.
Энэ удаагийн сонгуульд АН-ын хоёр тэрбумтан Өвөрхангайд нэр дэвшиж байгаа. “Монгол шуудан” банкаар овоглон нутгийн олондоо бага хүүтэй зээл амлаж, үйлдвэржилтийн бодлого ярьсаар гарч ирсэн Д.Зоригт Г.Батхүүгийн бараа бологчоор өнөө жилийн сонгуульд томилогдсон. УИХ-ын гишүүн З.Энхболдыг хужаа гаралтай гэсэн шалтгаанаар хавсран жийсэн энэ хоёр тэрбумтан сонгууль эхлэв үү, үгүй юү сонгогчдод мөнгө тараасан хэрэг мандуулаад байгаа билээ. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтад хоёулаа дээгүүр жагсаж, хэдэн арван тэрбумын эд баялгаараа гайхуулдаг тэд нутгийнхаа ядарсан олныг халтар хэдэн төгрөгөөр хуурах оролдлого хийсэн нь гутамшигтай үйлдэл байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Г.Батхүү, Д.Зоригт нарын хөрөнгө үзтэл нэмэгдэж, хувийн амбийц, бизнесийн цар хүрээ нь өссөн бол тэднийг УИХ-д итгэл хүлээлгэн илгээсэн Өвөрхангайчуудын амьдрал сайжирсангүй. Тийм ч болоод амьдрал ядуу Өвөрхангайчуудыг худалдаж авах нь Г.Батхүү, Д.Зоригт нарын баячуудад амар байгаа бололтой.
Одоогийн байдлаар Г.Батхүү, Д.Зоригт нар Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчин, өөрсдийн бие төлөөлөгч болох Махбариад, Төмөрням, Пунсалмаа, Доржпалам нарын хүмүүсээр дамжуулан Өвөрхангайн 19 сумын 560 иргэдэд нийт 168 сая төгрөг тараасан байна. Энэхүү бусдыг басамжилсан, хууль зөрчсөн гэмт үйлдлээ тэд 2012 оны дөрөвдүгээр сарын 24- ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд үүнийгээ хөлсөөр ажиллах гэрээ байдлаар ойлгуулах гэж төөрөлдүүлсэн аж. Сонгуулийн тухай хуулийн 35.15.1-д сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглосон байдаг.
Үүнээс гадна Г.Батхүү, Д.Зоригт нарын энэхүү хууль бус үйлдэл Эрүүгийн хуулийг зөрчиж буй аж. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүний хувьд гар өргөн батлалцсан хэрнээ өөрсдөө ийнхүү төрийн хуулийг уландаа гишгэж явааг юу гэж ойлгох вэ? АН-ын нэр дэвшигчдийн энэхүү гэмт үйлдлийг Өвөрхангайн АНын дарга Т.Хасбаатар бичлэгээр баталгаажуулан, СЕХ-нд илгээсэн байна. Т.Хасбаатар Арвайхээр суманд мөнгө авсан 200 хүний нэрсийн жагсаалт, мөнгө тараахад ашигласан гэрээний маягт зэргийг энэхүү мэдэгдэлдээ хавсаргасан нь баталгаатай баримт болжээ.
Өвөрхангайд АН-ынхан ийнхүү бие биенээ намнах болсон нь учиртай. Тус аймгийн АН-ын даргаар Г.Батхүүгийн халаасны хүн ажилладаг байсан. Гэвч УИХ-ын гишүүн З.Энхболд нэг тойргоос нэр дэвшин ялсан хоёр нөхрөө хууран “гол гаргаж”, шөнө дөлөөр Өвөрхангайд зочлон хор найруулсаар Т.Хасбаатар тус аймаг дахь АН-ын дарга болсон тухай яриа бий. Харамсалтай нь Т.Хасбаатарын бяр хүч дутаж, Өвөрхангайд З.Энхболд биш Г.Батхүү, Д.Зоригт нар нэр дэвших эрх намаасаа авсан билээ. Үүнд нь өширхсөн З.Энхболд өөрийн хүн болох Т.Хасбаатарыг ашиглан Г.Батхүү, Д.Зоригт нарын мөнгө тараасан гэмт үйлдлийг илчилсэн талаар АН-ынхан шивнэлдэж байна. Эдүгээ Өвөрхангайд нэр дэвшээд байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарын хувьд нутгийн ах дүүс нь мөнгө өгөхөд алга тосон, амаа ангайн угтан авдаг ядуу амьдралтай байх нь илүү таалагддаг бололтой.
АН-ын хэрэгжүүлсэн гэх Үйлдвэржилтийн бодлогын хүрээнд энэ аймагт 40 гаруй жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан гэсэн мэдээ бий. Үйлдвэр байгуулахаар зорьсон иргэд нутгаасаа төрсөн толгой бизнесмэнүүдээс зөвлөгөө, тусламж хүсэн хандах нь олонтаа. Гэвч тэдний хүсэлтийг Г.Батхүү, Д.Зоригт нар хүлээн авалгүй хатуурхдаг аж. Өвөрхангайд байгуулагдсан гэх 40-өөд үйлдвэрийн цөөнгүй хэсэг нь дампуурахдаа тулж, өр зээлэндээ баригдан хэцүү байдалд орсон мэдээ бий. Тэдэнд тусламж хэрэгтэй үед гар сунгаагүй хэрнээ хамаг юмаа алдаж, амьдрал нь хэцүүдсэний дараа хэдэн төгрөг тараан шидэж, айлын хүүхдийг алаг чихрээр хуурахын адил авирлан байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарт Өвөрхангайчуудыг төлөөлөн УИХ-д суух нүүр баймааргүй юм. Арвайхээрийн залуус “Муусайн баячуудын мөнгийг аваад бай, харин саналаа МАН-д өгөхөд л болно” гэж байна гэнэ лээ. Үүнээс харахад АН-ын баячуудын мөн чанарыг энэ нутгийнхан таньсан бололтой.
http://www.shuurhai.mn/?p=22538
URL: