Ё.Отгонбаяр сайд аа, 23 дугаар сургуулийн захирлын хэрээс хэтэрсэн аяглалд хязгаар тавьж өгөөч
Ардын хүүхдэд “А” үсэг зааж, эрдмийн их далайд сэлүүрдэх эхлэлийг нь тавих үүрэгтэй ерөнхий боловсролын сургуулиудын талаар таагүй мэдээлэл дуулдах нь энэ цагийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн “имиж” болоо юу гэлтэй. Зах зээл, хувийн хөрөнгө гэдэг утгаараа хувийн сургуулиуд ч дүүрч хэмээн мунхаглаж болох ч улсын сургуулийн удирдах албан тушаалтнуудын увайгүйтлийг өнгөрсөн хорвоо хэмээн өөгшүүлж боломгүй санагдах. Сүүлийн үед нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн захирал Ц.Уянга хатагтайн авир хэрээс хэтэрсэн тухай дуулдах боллоо.Тэрбээр хувийн компанидаа ажиллаж байгаа аятай л аяглах болсон аж.
Эх сурвалжийн өгүүлснээр Мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан газрынхан тус сургуульд шалгалт хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын эцсийн хариу хараахан гараагүй байгаа юм байна. Ямартаа ч энэ удаа бид үүрэгт ажлаа умартан хэт дураараа аашилж, хэдэн багш ажилчдаа амьгүй албат болгон хувиргасан Ц.Уянгын увайгүй үйлдлийн зарим нэгээс нь салбарын сайдынх нь сонорт хүргэхээр шийдлээ. Тэрбээр 2005 онд тус сургуулийн захирлаар томилогдсон юм билээ.
Тус сургуулийн зөвлөл нь дүрмийн дагуу жилд гурван удаа хуралдах ёстой ч хуралддаггүй атлаа хурлын протокол шийдвэрийг захирал Ц.Уянга өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдэн, илгээж дарга, гишүүдээр гарын үсэг зуруулдаг. Түүгээр ч барахгүй сургуулийн үйл ажиллагааны тайланг сүүлийн гурван жил тайлагнаагүй аж. Өөрөөр хэлбэл захирал Ц.Уянга нь дээд газруудаас шалгалт ирэхээр доод албан тушаалтандаа үүрэг өгч хуурамч бичиг баримт үйлдүүлэн шалгалтыг дандаа мөнгө, танил талаараа аргалж огт гэм зэмгүй өнгөрч мэргэшсэн нэгэн бололтой. Ташрамд сонордуулахад Ц.Уянга нь захирлаар ажиллаж буй таван жилийн хугацаандаа 30 гаруй шагнал хүртсэн бөгөөд энэ нь нэг талаар хамтран ажиллаж буй удирдлагын багийн амжилт гэдгийг тэрбээр огт анзаардаггүй, угаас хуваалцах дургүй нэгэн бололтой.
Тэр ч утгаараа сургалтын менежерүүдээ хууль бусаар халж, өөрийнх нь талд үнэнчээр зүтгэгчдээр удирдлагын багаа бүрдүүлэхэд хамаг анхаарлаа хандуулдаг хачин зуршилтай юм байна. Эцэг, эх, сурагчдын дунд нэр хүндтэй чадварлаг сургалтын менежерээ халж авсан хүн нь өмнөх захирал Д.Байгалын үед тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2004-2005 оны хичээлийн жилд Гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр хагас жил ажиллахдаа эрхэм захирлын идэвхийллээр ажлын чадваргүй хэмээн гологдож халагдсан Б.Баттулга агаад түүнийг чухам ямар үзүүлэлт, шалгуураар дахин ажилд авсан нь гагцхүү захирал хатагтайн мэдэх хэрэг биз.
Түүгээр ч барахгүй өнгөрсөн жил сургуулийн нийгмийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан шаардлага авч байсан удаатай юм байна. Гэвч тэрбээр алдаагаа засахыг хүсээгүй бололтой. Мэргэжлийн бус Ө.Дуламсүрэнг өнөө хүртэл нийгмийн ажилтнаар ажиллуулсаар байгаа юм. Тэр хэрээр тус сургуулийн хүүхдийн эрх хамгаалагдах, хүмүүжил сайжрах асуудал орхигдох нь мэдээж. Үндсэн ажил үүргийн дагуу сургуулийн хүний нөөцийн хөгжлийг хангах, эрүүл бүтээлч хамт олон төлөвшүүлэх естойгоо умартан үл ойлгогдох асуудлууд алхам тутамдаа гаргадаг нь хэвийн үзэгдэл гэж ч болохуйц болсон аж, захирал эмэгтэйн…
Жил бүр 20-30 багшийг халж солих нь 23 дугаар дунд сургуулийн хувьд хэвийн үзэгдэл агаад багш, хамт олон нь захирлыгаа ажлаас халчих болов уу гэж айгаад хурал цуглаан болоход үг хэлэхээс эмээн ам хамхиж суудгаа тус сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн багш нар нуугаагүй. Ер нь бол тус сургууль багш нартай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг агаад өөрт нь таалагдахгүй бол халдаг. Халахдаа тушаалыг нь цаг хугацаанд нь гаргаж өгдөггүйгээс ажилгүйдлийн тэтгэмжээ авч чаддаггүй эрх нь зөрчигдөх нь хэвийн үзэгдэл болжээ. Мөн 2007 онд нийгмийн ухааны багш Н.Ганхуягийг захирал Ц.Уянга өөрийн төрсөн хүү Энх-Амартай муухай харилцлаа гэж эрэгтэй багш нараар бүлэглэн зодохыг шахан дарамталж ажлаас халсан тухай яриа бий.
За тэгээд өөрийнхөө нөхөр Г.Дамдиннямынхаа танил талын найз нарыг мэргэжлийн бус ажилд авч, 23 дугаар сургуулийг төрийн албанд орох залуучуудыг бэлтгэдэг дадлагын орон зай болгож байгаа тухай учир мэдэх хүмүүс толгой сэгсрэн ярихтай олонтаа таарсан.
Өглөө цагтаа ажилдаа ирдэггүй захирал эцэг эх, бусад хүмүүст чирэгдэл учруулж, уулзах хүмүүсийг цаг авч уулз гэж хүнд суртал гаргадаг том толгойтой бөгөөд дотоодын ажил зохион байгуулалтыг зөрчиж, захирлын дэргэдэх эвлэлийн хурал цуглаан, багш нарын нийтийн хурлыг 18 цагаас хойш өөрийн хүссэн цагтаа хийж, өөрийн үзэл бодлыг тулгасан, сунжирсан, ач холбогдолгүй хурлыг 23 цаг хүртэл хийлгэж кайф авдаг гаж хуучтай нэгэн.
Багш нарын хагас жилийн тайлангийн хурлыг ганцаарчлан хийж, өөрийгөө хүрээлүүлэхийг хичээн оролдон ятгаж, бүх хүслийг нь биелүүлнэ хэмээн амлалт өгч буй ч тус сургуульд түүнд итгэх багш тун ч цөөхөн гэдэг нь мэдээж. Сурагчдын дунд захирлаа хэр сайн таних вэ гэх судалгаа явуулахад олонх нь “Бид захирлаа таньдаггүй. Гоё л эмэгтэй байдаг гэсэн” гэж хариулсан байна лээ. СӨУБ-ын үйл ажиллагаанд хэт хошуу дүрж эрх мэдлээ хэтрүүлэн үйл ажиллагаа бүрт нь өөрөө зөвшөөрөл өгнө гэж төлөвлөсөн гэдэг ч ямар нэг ажил зохион байгуулдаггүйгээс сурагчдын урам хугарч тэд ч идэвх санаачлагагүй болсон байх юм.
Сурагчдыг хөгжүүлэх хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах орон зай байхгүй, байгаа ганц урлагийн заалаа сар гаруй гадны байгууллагад түрээслүүлснээс сурагчдын дунд ямар ч ажил зохион байгуулаагүй нь суралцагчдын эрхийг ноцтой зөрчиж байгаагийн нэг илрэл гэхээс өөрөөр юу гэхэв. Уг 23 дугаар дунд сургууль нийслэлд төдийгүй Монголдоо нэр хүндтэй сургуулийн нэгд тооцогддог байсан цаг бий. Гэвч одоо энэ бүхэн дурсамж болон үлдэх бололтой. Ц.Уянга захирлыг анх томилогдон ирэхэд буюу 2004-2005 оны хичээлийн жилд тус сургууль 1700 гаруй сурагчидтай байсан бол өнөөдөр 2700 гаруй сурагчидтайгаар хичээллэж байна.
Нэг ангид суралцах анги дүүргэлтийн тоог 50-60 хүргэж сурагчдыг хэтрүүлэн авсан нь угтаа бизнесийн ашиг сонирхолтой гэж хардахаар байгаа юм. Тодруулбал тус сургуулийн нэгдүгээр ангид хүүхдээ оруулахын тулд нэг сая төгрөг төлдөг бичигдээгүй журмыг нийслэлчүүд андахгүй. Тэгээд ч Ц.Уянга захирлаар томилогдон ирснээсээ хойш сурагчдыг элсүүлэн авах журмыг үгүйсгэн, сурагчдыг элсүүлэн авах комисс байгуулдаггүй, дураараа бүлэг нэмдэг, эрх мэдлээрээ далайлган “Сурагчдыг бүртгэж авна уу” гэсэн бичгийг хүүхдийн тоо хэтэрснийг харгалзахгүй сургалтын менежерүүдэд өгдөг.
Түүнчлэн сурагчдаас хандив хэмээн 700-1000 ам.доллар хураан авдаг тухай хүүхдээ боломжийн боловсролтой болгох чин хүслээр жигүүрлэсэн эцэг, эхчүүд батлаад өгнө. Бас болоогүй ээ, гар утасныхаа төлбөрийг сургуулийн санхүүгээр мөнгөөр төлүүлдэг гэж байгаа. Түүний энэ мэт хэрээс хэтэрсэн үйлдэлд дургүйцсэн Япон хэлний мэргэжилтэн багш Кохаги сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн хүмүүжлийн талаар шүүмжлэлт илтгэл тавьж ажлаасаа халагдах хүсэлт тавьсаныг нь Уянга захирал дуртайяа зөвшөөрсөн агаад сурагчид л чадварлаг, хайртай багш нь ажлаас гарсанд ихэд харамссан тухайгаа илэн далангүй хэлж байсан юм.
Ийнхүү хагас зуун жилийн түүхтэй сургуулийн нэр төрийг хатагтай Ц.Уянга уландаа гишгэж, хэрээс хэтэрсэн үйлдлүүд нь хэмжээ хязгаараа алдчихаад буйг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр танд дуулгая. Түүнээс гадна Ц.Уянга захирал “сургуулийн сонин” нэрийн дор Сурагчдын зөвлөлийн нэрийг барин сурагчдыг үнэн төлбөргүй ашиглан, сонин гаргадаг бөгөөд сонины мөнгийг сургуулийн санхүү үл хамаардаг төдийгүй олсон орлогоор нь дүү Золзаяагаа цалинжуулдаг аж. Хэрвээ би андуураагүй бол сонин хэвлүүлж буй нь Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж буй явдал билээ.
Х. Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
уянга одоо 24 -р сургуулийн захирал болсон гэсэн бас яаж самарах юм бгаам …