Н.Энхбаяр: 24 цагийн турш дусал ус ууж байна уу, талхны үртэс идэж байна уу гэдгийг бичдэг байсан

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намынхан өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм.
-Таныг болон танай намын нэр бүхий хүмүүсийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ асуудалд ямар дүгнэлт өгөх вэ?
-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Монгол Улсад өөрчлөлт хийе, олигархи дэглэмээс салгая гэж зорьж байгаа. Манай эвслээс сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд шаардлага хангасан. Тиймээс нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй хүмүүсийн оронд нөхөн нэр дэвшүүлэхгүй. Хасагдсан хүмүүсээ намын жагсаалт руу оруулах боломжийг судалж байна. Харин би их хүчтэй байгаа учраас сонгуульд оруулахгүй гэж хасаад байна. Хүчгүй бол тоохгүй шүү дээ. Хэрэв болохгүй бол шүүхээр явж, Үндсэн хуулийн Цэцэд хандана.

-Удахгүй танд холбогдох хэргийн шүүх хурал болно. Хавтаст хэрэгтэйгээ танилцсан уу?
-Энэ сарын 12-нд болох шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Гэхдээ хавтаст хэрэгтэйгээ гүйцэд танилцаагүй. Учир нь нэг хавтас нь 100 орчим хуудас бөгөөд 49 хавтаст хэргийнхээ дөнгөж эхний гурван бо­тийг нь уншаад байгаа. Зүгээр 4900 хуудастай уран зохиолын ном уншихад ямар байдаг билээ. 4900 хуудас материал бий. Тиймээс уншиж амжаагүй байна. Үнэндээ энэ шүүх хурлыг шударга болно гэдэгт итгэхгүй байна. Прокурорын байгууллагаас СЕХ-нд “Н.Энхбаярыг битгий бүртгээч ээ” гэсэн бичиг явуулсан гэнэ лээ. Энэ хүн сонгуулийн хуулийн 27.5 дугаар зүйлийг зөрчсөн байж магадгүй, үүнийг анхааралдаа авч үзээч ээ гэсэн бай­гаа юм. Би Сонгуулийн хуульд заасны дагуу бүх материалаа бүрдүүлж СЕХ-нд өгсөн. Гэвч нэр дэвшүүлэхгүй хаслаа. Надаас айж байгаа байхгүй юу. Тэд ийм бичгийг СЕХ-нд өгснөөрөө намайг зохиомол хэрэгт унагаж, шантаажилж байгаагаа нотоллоо.

-ШШГЕГ-ынхан таныг мөрдөн байцаах газарт байхад хийсэн бичлэгээ нийтэд үзүүлсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тэр бичлэгийг өөрөө ч үзэж чадаагүй. Шүүхийн байгууллага тийм бичлэг хийх эрхгүй. Түүнийгээ олон нийтэд дэлгэх ч ёсгүй. Энэ нь хууль зөрчиж байгаа асуудал. Үнэхээр тэр бичлэгийг гаргах гээд байгаа юм бол 32 хоногт бичсэн бүх бичлэгийг дэлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, намайг хүчээр авч явснаасаа хойшхи бүх бичлэгийг үзүүл. Би гаргахыг шаардсан. Маш олон хоног миний эрхийг зөрчиж, намынхаа гишүүд дэмжигчид, Монголын ард түмэнд бичсэн захидлыг Төв аймгийн цагдах хорих төвийнхөн хурааж авсан. Энэ үйлдэл нь намайг улс төрийн хоригдол болгож байгаа юм. Миний захидал хууль зөрчөөгүй. Харин тэдэнд хууль зөрчиж байна гэдгийг нь хэлэхэд “Дарга тушаал өгсөн” гэсэн хариулт өгсөн. Танай дарга хуулиас том эрх мэдэлтэй юм байна, надад хууль зөрчсөн юм байхгүй гэхэд “бид хууль зөрчиж байгаагаа мэдэж байна” гэсэн ч дарга тушаал өгсөн гээд зогсож байсан. Манай улс зөвхөн мөрдөстэй хүний орон биш. Эрх чөлөөтэй орон. Тэд миний эрхийг зөрчсөн. Шударга бус зүйлийг эсэргүүцэж, бухимдсандаа өлсгөлөн зарласан.

-Бухимдаж, өлсгөлөн зарла­сан учраас “салаавч” гаргасан хэрэг үү?
-Найман өдөр юу ч идээгүй, дээрээс нь эрхээ зөрчүүлж байгаа хүн бухимдах нь аргагүй шүү дээ. Намайг өлсгөлөн зарлачихсан байхад “Клизм тавьсны дараа өлсгөлөн зарласныг албан ёсоор тооцдог” хэмээж, намайг тавлаж байсан. Миний хувьд аль хэдийнэ өлсгөлөн зарласан байсан. Намайг эмчлэхгүй үхүүлбэл тэр л биз гэдгээ хэлсэн. Үүнээс гадна өлсгөлөн зарласан хүнд өглөө, оройгүй хоол, сүүтэй будаа, талх оруулж ирээд үнэртүүлдэг байсан. Би хоол идэхгүй гэхээр, та хоол идэхгүй гэсэн гарын үсгээ зур. Хоолоо хар, үнэрт энэ бол Ц.Нямдорж сайдын гаргасан журам, өлсгөлөн зарласан хүмүүст хоол үнэрлүүлэх ёстой юм гэж танилцуулдаг байсан. Одоо бодоход инээдтэй юм. Харин өлсгөлөн зарласан хүнд бол бухимдал. Гэвч тухайн үедээ өлссөн хүнийг ингэж яргалж байхыг нь хараад би тэвчихгүй, бухимдаж байсан.

Эцэст нь надад эмч нар албадан эмчилгээ хийнэ. Ингэхдээ намайг оронд хөдөлгөөнгүй хүлж байгаад гуурсны үзүүрт Зоонд буюу өөх тос хийн шулуун гэдсээр шургуулж, ходоодонд хийнэ гэсэн. Үүнийг нь би үнэхээр тэвчээгүй. Шударга бус зүйлийн эсрэг өөрийгөө хохироож тэмцэж байна. Түүнээс биш хүн хутгалах гэж дайраагүй, буудах гэж яваагүй. Харин та нар салаавчаас өөр дохио мэдэхгүй юм шиг байна. Муу муухай үг хэлж тэмцэнэ. Би өөрийгөө хохироож тэмцэж байна. Харин та нар хүн биш юм. Та нар муухай үг, салаавчнаас өөр юм ойлгохгүй юм байна гэж хэлсэн. Тэгтэл түүнийг нь гаргахгүй, салаавч гаргасныг нь үзүүлээд байсан юм билээ. Өөрсдөө бол их сайхан хүнлэг хүн болж үүнийг гаргасан байна билээ.

-Таныг үсэндээ уян зүү нууж, өөртөө шингэн хийдэг байсан гэх мэдээлэл гарсан?
-Сүүлд нь үсэндээ уян зүү хийж байгаад шөнө өөртөө тэжээл хийсэн гэж бичсэн байна гэсэн. Би тийм зүйлийг унших зав байхгүй учраас уншаагүй. Тийм тэнэг зүйлийн эсрэг юм яриад ч хэрэггүй. Яг бодит зүйл дээр хоригдож байх үед 24 цагийн турш камераар бичлэг хийдэг. Шөнө бичлэг хийхийн тулд гэрэл унтраадаггүй байсан. Би харанхуйд унтаж сурсан учраас нойр их хулждаг, их сэрдэг байсан. 24 цагийн турш дусал ус ууж байна уу, талхны үртэс идэж байна уу гэдгийг бичдэг байсан. Хэрэв үнэхээр уян зүү хийгээд тэжээл хийсэн бол ШШГЕГ хамгийн түрүүнд дэлгэж үзүүлэх байсан.

-Нүцгэн хоригдлууд дундуур явуулсан гэсэн?
-Өмгөөлөгчтэйгөө уулзах гээд бууж байхад хоригдож байсан хүмүүсийг нүцгэлээд галуун цуваагаар алхуулж байсан. Өмгөөлөгчөөсөө асуухад хашрааж, хэрэг хүлээлгэх аргын нэг гэж хэлсэн. Мөн миний сэтгэл санаанд дарамт учруулж байгаа хэрэг гэж байсан.

Э.ПАГМА

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих