Н.Энхбаяр: Ц.Нямдоржийг таниагүй юм байна гэж харамсах нь юу юм, бодсон
МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийнхэнтэй дугуй ширээний уулзалт хийв. Уулзалтын эхэнд тэрээр сонгууль, намынхаа баримталж байгаа бодлого үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. “Би Ерөнхийлөгч байхдаа эвтэй байхдаа хүчтэй гэсэн зарчмыг баримталдаг байсан. Харин одоо шударга байхдаа эвтэй, эвтэй байх даа хүчтэй” гэдэг зарчмыг баримталж байна. Өнөөдөр шударга бус сонгууль. явуулбал хэн ч хариуцлага хүлээдэггүй Үндсэн хуультай болчихоод байна. Тиймээс шинэ Үндсэн хуулиа гаргах хэрэгтэй. Таван толгойгоо ард түмэндээ шууд өгье, Оюу толгойн гэрээгээ засъя гэдэг зорилтыг манай нам, эвслээс зорилт болгон дэвшүүлээд байгаа юм. Энэ сонгуульд МАН, АН-ынхан их сандралдаж байна. Үгсэн хуйвалдсан кампанит ажил явуулж байна. Үүний дараа Ч.Улаан гишүүн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхгүй гэсэн нь хууль бус, шударга бус, үндэслэлгүй үйлдэл болсныг тайлбарласан юм. Ингээд сэтгүүлчид МАХН-ын дарга Н.Энхбаяраас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Долдугаар сарын нэгэнтэй холбогдуулан цагдаагийн дарга нарыг ялласан үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үнэндээ би сайн ажиглаж чадсангүй. СЕХ-ны асуудал анхаарал татаад амжсангүй. Уг нь намайг шүүх хуралд гэрчээр дуудсан. Би тэр хуралд дуудвал очъё гэдгээ хэлсэн байгаа. Гэвч тэр өдөр ажлын цаг дуусахаас өмнө намайг дуудаагүй учраас би очоогүй. Сураг сонсох нь ээ, цагдаа нарын заримд нь ял оноогоод, заримыг нь өршөөсен гэсэн. Ер нь долдугаар сарын 1-ний хэргийг буруу шүүж байгаа гэдэг байр суурийг би эртнээс илэрхийлсэн. Төв аймгийн цагдан хорих төвд байхдаа бичсэн захидалдаа ч энэ тухай дурдсан байгаа. Энэ хэргийг шүүхдээ эхлээд 2008 оны сонгууль үнэхээр луйвартай болсон уу гэдгийг тогтоох ёстой, Жагсаал цуглааныг яагаад зохицуулж чадаагүй юм гэдэг хариуцлагыг хайх хэрэгтэй. Үүний дараа таван хүний амь ямар учраас үрэгдсэнийг тогтоож, буруутныг нь шүүх ёстой. Үүнийг тогтоолгүй, шүүх хурлыг хийж байгаа нь Монголд олигархийн бурангуй дэглэм тогтсоныг харуулаад байна.
-Танай намын зарим гишүүд сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо. Тэгэхээр орных нь хүмүүсийг нөхөн нэр дэвшүүлэх үү?
-Манай эвслээс сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд шаардлага хангасан гэж үзэж байгаа. Тиймээс нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадаагүй хүмүүсийн оронд нөхөн нэр дэвшүүлэхгүй. Хасагдсан хүмүүсээ намын жагсаалт руу оруулах боломжийг судалж байна. Хэрэв болохгүй бол шүүхээр явж, Үндсэн хуулийн Цэцэд хандана.
-Та өөрийнхөө хавтаст хэрэгтэй танилцсан уу?
-5000 гаруй хуудас материал бий. Тиймээс уншиж амжаагүй байна. Үнэндээ энэ шүүх хурлыг шударга болно гэдэгт итгэхгүй байна. Прокурорын байгууллагаас СЕХ-нд “Н.Энхбаярыг битгий бүртгээч ээ” гэсэн бичиг явуулсан гэнэ лээ. Сонгуулийн хуулийн 27.5 дугаар зүйлд аливаа нэр дэвшигч нь эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж, УИХ-ын гишүүн байх чадвартай юу гэдгийг нь харгалзана гэж заасныг харгалзаж, Н.Энхбаярын дэвшүүлэх үгүйгээ шийдээрэй гэсэн утгатай бичиг байсан юм билээ. Уг нь би Сонгуулийн хуульд заасны дагуу бүх материалаа бүрдүүлээд, СЕХ-нд өгсөн. Гэвч нэр дэвшүүлэлгүй хаслаа. Надаас айж байгаа байхгүй юу. Тэд ийм бичгийг СЕХ-нд өгснөөрөө намайг зохиомол хэрэгт унагаж, шангаж байгаагаа нотлоод өгчихлөө. Гадныхан энэ байдлыг хараад Монгол Улс ардчиллаас ухарлаа гэсэн дүгнэлтийг албан ёсоор хэлж байгаа. Тиймээс Монголын ардчиллыг аваръя.
Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаа хүмүүсийн 80 гаруй хувь залуу хүн байна лээ. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэднийг хорьж байгаа байхгүй юу. Мөрдөн байцаагчаа ирж уулзахыг хүлээсээр байгаад нэг хүн багадаа хоёр жил дөрвөн сар хоригддог юм билээ. “Манай эхнэр надаас салсан. Эхнэр маань намайг шоронд орлоо гээд архичин болчихсон. Ар гэр амьдрал маань надгүй нурж унасан” гэж ярих залуус зөндөө байсан. Залуучуудыг буруутайг нь тогтоогоогүй байж ингэж шоронгоор хүмүүжүүлж болох уу. Энэ бол алдаа.
-ШШГЕГ-ынхан таныг мөрдөн байцаах газарт байхад хийсэн бичлэгээ хэсэгчлэн нийтэд үзүүлсэн. Таны зохисгүй авирлаж байгааг хүмүүс гайхаж, нэг хэсэг шуугисан л даа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тэр бичлэгийг өөрөө үзэж чадаагүй. Хүмүүс байна лээ. Шүүхийн байгууллага тийм бичлэг хийх эрхгүй. Түүнийгээ нийтэд дэлгэх ёсгүй. Хэрэв үнэхээр тэр бичлэгийг үзүүлэх гээд байгаа юм бол 32 хоногт бичсэн бүх бичлэгийг дэлгэх ёстой. Шударга бус зүйлийг эсэргүүцсэн учраас би өлсгөлөн зарласан. Би чинь хүн юм болохоор мэдээж бие муудсан. Гэтэл тэд надад нэг литр шингэн хийнэ гэсэн. Тэгэхээр нь би өдөрт 400 грамм шингэн хийлгэнэ гэдгээ хэлсэн. Та нар ч гэсэн хоолгүй нэг өдөр явбал бухимддаг биз дээ. Найман өдөр юу ч идээгүй дээрээс нь эрхээ зөрчүүлж байгаа хүн бухимдах нь аргагүй шүү дээ. Намайг өлсгөлөн зарлачихсан байхад “Клизм тавьсны дараа өлсгөлөн зарласныг албан ёсоор тооцдог” хэмээн хэлж, намайг тавлаж байсан. Клизмийг нь тавиулъя гэтэл нэг хоногийн дараа хөдөлсөн шүү дээ. Ингээд өглөө, оройгүй хоол, сүүтэй будаа, талх оруулж ирээд үнэртүүлдэг байлаа. Энэ бол Ц.Нямдорж сайдын гаргасан журам, өлсгөлөн зарласан хүмүүст хоол үнэрлүүлэх ёстой юм гэж танилцуулдаг байсан. Одоо бодоход инээдтэй. Гэвч тухайн үедээ өлссөн хүнийг ингэж яргалж байхыг нь хараад би тэвчихгүй, бухимдаж байсан. Эцэст нь надад эмч нар албадан эмчилгээ хийнэ. Ингэхдээ намайг оронд хүлж байгаад гуурсны үзүүрт өөх тос хийн шулуун гэдсээр шургуулж, ходоодонд аваачна гэсэн. Үүнийг нь би үнэхээр тэвчээгүй. “Шударга бус зүйлийн эсрэг өөрийгөө хохироож тэмцэж байна. Түүнээс биш хүн хутгалах гэж дайраагүй, буудах гэж яваагүй. Харин та нар салаавчаас өөр дохио мэдэхгүй юм шиг байна. Муу муухай үг хэлбэл таарах хүмүүс юм байна. Та нар хүн биш юм” гэж хэлсэн. Тэгтэл түүнийг нь гаргахгүй, салаавч гаргасныг нь үзүүлээд байсан юм билээ.
-Цагдан хорих төв, эмнэлэгт байхдаа юу эргэцүүлж байв. Өндөр албан тушаалтай явахдаа шударга ажиллаж, зөв явдаг байжээ гэсэн харамсах бодол төрж байв уу?
-Миний тэмцэл зөв байж гэж бодсон. Тийм учраас зоригтой байлаа. Харин Ц.Нямдоржийг таниагүй юм байна гэж харамсах нь юу юм, бодсон. Хүн танина гэдэг насан туршдаа суралцах эрдэм юм байна. Ц.Нямдорж хүний эрх зөрчиж байгаа тухай түүний хариуцаж байгаа байгууллагаас гомдол ирдэг байсан. Тэр үед Ц.Нямдоржийг дуудаад “Энэ алдаагаа зас” гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа тэр орж ирээд “Хүмүүс андуурсан байна. Энэ бол АН-ынхан хатгаж бичүүлсэн байна” гэсэн тайлбар өгдөг байлаа. Тэгэхэд нь бид хэтэрхий улстөржөөд Нямдорждоо сайн хандаад түүний хэлсэн тайлбарт итгээд явдаг байсан. Одоо бодоход тэр асуудлыг нь өөрийн биеэр очиж шалгадаг байж. Алдааг нь засах ёстой байжээ гэж боддог. Манай эвслийнхэн бол алдаагаа засахын төлөө яваа дахин алдаа гаргахгүй хүмүүс байхгүй юу. Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, Ц.Цолмон гээд бид бол алдсан. Түүнийгээ хэлнэ. Харин одоо алдаагаа засахын төлөө явж байна.
Я.Мөнгөнцэцэг
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: