Криштиано Роналдо: Португал юм уу Испанийг аварга болно гэж мөрий тавина
Криштиано Роналдо: Португал юм уу Испанийг аварга болно гэж мөрий тавина
Европын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эл тэмцээний гол од нь Криштиано Роналдо. Европт эдүгээ түүнтэй эн зэрэгцэхээр хөлбөмбөгч үгүй гээд хэлчихвэл хилс болохгүй байх. Гэхдээ хөлбөмбөг бол багийн спорт болохоор хичнээн хүчтэй хөлбөмбөгч байлаа ч багаараа сайн тоглож байж амжилтад хүрдэг жамтай. Криштиано Роналдогийн ахлаж буй Португалын шигшээ оддоор дүүрэн ч одоо хүртэл хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлд хүртэл тоглож, томоохон ялалт байгуулж чадахгүй л яваа юм. Энэ Европын аваргаар Криштиано Роналдо гялалзаж чадвал, Португаль шигшээ багийн тоглолтоо сайн гаргаж чадвал аварга болох боломж ихтэй. Тэд “Үхлийн хэсэг”-т Голланд, Германтай оноолт таарсан. Ингээд Криштиано Роналдогийн Европын аваргын өмнөхөн өгсөн нэгэн ярилцлагыг хөлбөмбөг сонирхогчдодоо зориулан хөрвүүллээ.
-Криштиано Роналдо, шигшээ багийн дасгалжуулагч Паулу Бенту таны нуруун дээр бүх ачааг үүрүүлэхгүй гэж мэдэгдсэн байна билээ…
-Тийм ээ, би хичнээн сайн хөлбөмбөгч байж болох ч багийн амжилтыг ганцаараа авч явахгүй шүү дээ. Манай шигшээд олон сайн хөлбөмбөгчид бий. Сүүлийн хэдэн жилд бид хэмжээндээ хүртэл тоглож чадаагүй. Тиймээс энэ тэмцээнд бүрэн хүчээ шавхаж, амжилт гаргана гэж найдаж байна.
-Гэвч хөлбөмбөгийн зарим мэргэжилтнүүд Португалын шигшээг хэсгээсээ ч гарч чадахгүй гэж дүгнэж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бидний орсон хэсэгт Герман, Голланд, Данийн шигшээ багтсан болохоор “Үхлийн хэсэг” гэж нэрлэсэн. Тиймээс ч хэсгээсээ гарахад нэн хүнд гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид Европын аваргад түрүүлнэ гэж яригдаж буй Герман юмуу Голландын шигшээ багийн нэгийг хожиход хэсгээсээ гарах боломжтой. Тэгээд цаашдаа түрүүлэх ч боломж гарч ирнэ. Бидний хувьд шилдэг наймд ямар багтай таарах нь их чухал.
-Португалын шигшээд “Реал”-д хамтдаа тоглодог олон хөлбөмбөгч бий. Эдгээр хөлбөмбөгчдийн хамтдаа тоглоод дадчихсан байдал амжилтад нөлөөлөх болов уу?
-“Реал”-д Португалын олон тоглогч бий. Рикардо Карвальо, Пепе, Фабир Коэнтрао гээд шигшээгийн гол цөм болж буй хөлбөмбөгчид. Мэцээж, нэг багт бид тоглодог нь багийн дотоод уур амьсгалд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Мөн “Манчестер Юнайтед”-д хамт тоглож байсан Нани ч бий. Бид шигшээ багтаа тоглох дуртай.
-Европын аваргаар Португалын шигшээ баг ямар зорилго тавьж байгаа вэ?
-Эхний ээлжинд бид хэсгээсээ гарах ёстой. Үүний дараа дараагийн зорилго гарч ирнэ.
-Танд жил бүр л нэг янзын асуултаа давтан тавьж буй бол уучлаарай. Та өнгөрсөн улиралд 55 тоглолтод гарч, 60 гоол оруулсан гайхалтай үзүүлэлттэй тоглолоо. Та ирэх улиралд энэ амжилтаа дахиад эвдэх болов уу?
-Хичээнэ л гэж хэлье. Илүү өндөр амжилтад хүрэхийн тулд бүх хүчээ шавхах болно. Гэхдээ арай цөөн гоол орууллаа гэхэд илүү олон дамжуулалт ч өгч болно шүү дээ. Жил бүр л улам сайжирна гэдэг хэцүү болж байна. Гэхдээ би хичээсээр л байгаа. Би Усейн Болтоос жишээ авах дуртай. Тэр 100 метрийн зайд 9.58 секунд гүйчихсэн хэрнээ одоо энэ эвдэгдэшгүй мэт санагдах амжилтаа давахыг хичээж, бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Боломжгүй мэт санагдаж буй зүйл тэгэхээр боломжтой л байдаг хэрэг.
-Та өнгөрсөн улиралд “Реал”-ын төлөө 4900 минут талбайд гарчээ. Тэгсэн хэрнээ ердеө 70 минутын л тоглолтод оролцоогүй юм билээ. Ингэхээр Европын аваргын өмнө их ядарчихсан байх юм биш үү?
-Үгүй ээ, тийм биш. Хэдийгээр хүнд улирлыг давсан ч гэсэн миний хөл, тархи хэвийн л ажиллаж байна. Тэгээд ч Европын аваргын төлөө тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Би өөрийгөө зохих хэмжээгээр амрааж, тэмцээнд сайн сойсон гэж бодож байна. Одоо хурдхан л тогломоор байна.
-Таныг энэ жил “Алтан бөмбөг” гарцаагүй гардана гэж бичих юм. Энэ тухай өөрөө юу гэж бодож байна вэ?
-Би энэ талаар бодоод байдаггүй. Миний хувьд Испанийн лигт тоглож, аварга болох чухал байлаа. Бид “Барселона”-г есөн оноогоор орхиж, аварга болсон нь сайхан явдал. Харин “Алтан бөмбөг”-ийн хувьд би өөрөө санал өгөх биш. Саналаа өгч буй хүн бүр л өөрийн гэсэн бодолтой шүү дээ. Гэхдээ үнэнээ хэлэхэд, энэ улиралд би “Алтан бөмбөг” гардахаар тоглосон гэж бодож байна. Ямартай ч нэр дэвшигчид дунд байх л ёстой.
-Та энэ шагналыг шударгаар олгодог гэдэгт эргэлздэг үү?
-Би сайн мэдэхгүй сэдвээрээ хамаагүй ярихыг хүсэхгүй. Та ч энэ тал дээр надаас илүү мэддэг биз. Гэвч бүх зүйл шударга байгаасай л гэж хүсч байна.
-Таныг багийнхаа зарим нөхдийг гоол оруулахад нь тэвэрч баяр хүргээд заримыг нь болохоор тоодоггүй гэж их шүүмжлэх юм…?
-“Реал” их том баг шүү дээ. Бид байнга хүмүүсийн овоо хараан дор байдаг. Тоглолтыг л гэхэд хэдэн сая хүн шууд үздэг. Гэтэл хөлбөмбөгч гэдэг чинь энгийн л нэг хүн. Тэр хүнд сайн, муу тал, дутагдал гэж бий. Тиймээс би элдэв шүүмжлэлд дасчихсан. Үүнээс холдъё гээд арга байхгүй л дээ.
-Таныг Фабио Коэнтраотой цагийг хамтдаа их өнгөрүүлдэг гэж сонссон. Та хоёр илүү дотно найзууд хэрэг үү?
-Фабиогийн хувьд өнгөрсөн улирал хүнд өнгөрлөө. Тиймээс түүнд туслах хэрэгтэй. Ер нь шинэ багт ирсэн эхний жил хэнд ч хүнд л байдаг. Бид адилхан Португал хүмүүс болохоор нэг нэгэндээ тустай явдаг.
-“Реал”-ын багийн анд Кака бас тааруухан цаг үетэйгээ таарчихаад байна. Та түүнд багаа соль гэж зөвлөх үү?
-Ирээдүйн тухай асуудлаа Кака өөрөө л гэр бүлтэйгээ хамт шийдэх болно. Тиймээс “би багийнхаа анд, найзынхаа талаар элдэв тайлбар хийхээс татгалзана. Миний бодлоор Кака урьдын адил сайн тоглож чадна.
-Та Ла лигийн 37 тоглолтод 46 гоол оруулсан хэрнээ Пичичи /Ла лигийн мэргэн буучийн шагнал/-г хүртэж чадсангүй…
-Хэдийгээр энэ шагналыг хүртэж чадаагүй ч гэсэн гайхалтай амжилт. Тэгээд ч би Испанийн Ла лигийн бүх багийн хаалганд гоол оруулсан ганц хөлбөмбөгч болсондоо баяртай яваа. Месси Пичичи аваад, би бүх багийг гоолоор “мялаасан” байна. Ийм ул мөрийг Испанийн хөлбөмбөгийн түүхэнд үлдээх сайхан байна.
-Та месситэй хамт хэзээ нэгэн цагт нэг багт тоглох тухай бодож байсан уу?
-Үгүй.
-Европын аварга эхэллээ. Та 16 багаас алийг нь аварга болно гэж мөрий тавих вэ?
-Мэдээж, эхнйй ээлжинд Португалын шигшээ багтаа итгэнэ. Би багийн ахлагч хүн. Мөн Испанийн шигшээг тооцооноос хасч огт болохгүй. Тиймээс энэ хоёр багийн төлөө л мөрий тавибал тавина даа.
Орчуулсан Р.Гэгээ
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: