Н.Алтанхуяг Ерөнхий сайдын нэр барьж PR- джээ

Хорь гаруй хоногт бид сонгуулиар амьсаглаж байна. Угаас дөрвөн жилд тохиодог үйлдэл учраас дасч, давж гараад сурчихжээ. Залхмаар сурталчилгааны хугацаа багасч хэмжээ хязгаартай болсон. Сурталчилгааны богино хугацаанд нэр дэвшигчид юу хийж чаддаг, хийж чадах бүхнээ яаран уудалж, уралдацгааж байна. Богино хугацаанд амжиж нийтэд таалагдахын тулд ярьж л байвал “оноо” гэж андуурсан нөхөд байна. Хадуурсан яриаг сонсоход элэг хөшмөөр. НИТХ-д нэр дэвшиж байгаа нэг нөхөр сэтгүүлч Отгонбаатарын ярилцлагад орж байна. Нийслэл утаагүй болчихвол л хөгжинө гэлээ. Гоё юм. Өөр олон асуудал бий. Та чухам юу хийж чадах вэ гэсэн асуултад дахин утаагаа л яриад явчихна. Түүнд хотын утааг яривал болчихно гэж хэн нэгэн хэлсэн үү, эсвэл өөрөө бодож олсон уу, бүү мэд. Бас чихэндээ ч итгээгүй яриа сонслоо. АН-ын дарга Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг амаа олохгүй магтаж , тэдэнтэй өөрийгөө холбон ярьж явна.

Ю.Цэдэнбал 40 жил Монгол Улсыг удирдахдаа улс шиг улс болгосон. Ж.Батмөнх өөрчлөлт шинэчлэлтийг монгол оронд авчирсан хүн гэжээ. Үнэндээ түүхийн үнэн бол энэ л дээ. Гэхдээ АН-ынхан тухайн цаг үеийн удирдагчдын үйл хэргийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Монголд ардчиллыг АН авчирсан, тухайн үеийн нэрээр МАХН 90 жил улс орныг удирдаад юу бүтээсэн билээ гэж шүүмжилж, буруутгадаг. Харин өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол төрийн зүтгэлтэнүүдийн үйл хэргийг үнэлж эхэлжээ. Ардчиллын 20 жилийн хугацаанд АН-аар овоглосон хэн нь ч өнгөрсөн түүхийг хараан зүхэж, өөрсдийгөө ардчиллын баатрууд хэмээн товойлгож ирсэн.

Цаг хугацаа үнэнийг ялгаж таниулдаг гэдэг. Харин өнөөдрийн цаг хугацаа АН-ыг ухааруулав уу эсвэл сонгуулийн үеийн тактик уу. Мөн Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын орыг залгах баруун нутгийн хүү гэж өөрийгөө өхөөрдсөн байна билээ. Өөрөөр хэлбэл, баруун нутгаас төрөх гуравдахь үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж зарлажээ. Сурталчилгааны хугацаа богино хэдий ч сонгогчдын санал авахын тулд байр суурь, үзэл бодлоосоо 180 хэм эргэнэ гэдэг байж боломгүй. Өнөө цагийн улстөрийн өрсөлдөөнд пиар хийхэд эдгээр зүтгэлтэнүүдийн нэр даанч хүндэднэ. Тэр тусмаа 20 жил тэдний үйл хэргийг үгүйсгэж явсан улстөрийн хүчнээс нэр дэвшигчид тэдний нэрийг гул барих эрх бий гэж үү.

Б. Ренчин


URL:

Сэтгэгдэл бичих