БАКИЧ ГЕНЕРАЛЫН ОХИНЫГ КАНАДААС ОЛЛОО
Ж.Нямдаш ах маань гэргийн хамт АНУ, Канадад өвөлжөөд Монголдоо зусахаар саяхан иржээ. Тэр богцондоо тун сонирхолтой ганзагалаа тээж ирснээ “Өнөөдөр”-ийнхэнд задлав. Ж.Нямдаш ах бол сэтгүүлч хүн. “Үзэг, цаас нийлүүлсний минь 50 жилийн ой сая тавдугаар сард тохиосон” гэж тэр гайхуулж байна. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины баганыг тулалцаж, залуус биднийг өмгөөлөл ивээлдээ багтааж явсан хүн бол Ж.Нямдаш ах.
Тэрбээр “АЭ”-д бичиж, хожим нь гэрэл зурагчин болж, фото зургийн их мастер М.Цэрэнжамц гуайн ажлыг үргэлжлүүлж, “АЭ”- ийн Гэрэл зургийн албаны даргаар ажиллаж байв. ХХI зуун эхэлснээс хойш хос зам буюу төмөр зам руу “урван” одож, “Ган зам” сонины эрхлэгчээр тэтгэвэрт гартлаа ажилласан билээ. Уншигч танд Ж.Нямдаш ахын богцон дахь олзыг дэлгэе.
Монголоос Америк тив рүү нар тосон 16-17 цаг нисэх онгоцоор явахдаа “Монголд өнгөрүүлсэн есөн сар” (Монгол дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовецийн өдрийн тэмдэглэл. 1912 оны наймдугаар сараас 1913 оны таван сар) гэсэн номыг уншин, аян замын уртыг мэдэрсэнгүй. Төрийн шагналт түүхч, доктор О.Батсайханы эмхтгэн хэвлүүлсэн уг номоос ХХ зууны эхэн үеийн Монгол орныхоо, ялангуяа Нийслэл хүрээний дүр төрх, хүн ардын амьдрал ахуй ямаршуухан байсныг кино дэлгэцнээс харах шиг болсон юм. Үнэхээр сонирхолтой, маш ховор баримтыг дэлгэсэн, тун чухал бүтээл юм байна. Бидний хагас дутуу мэдэх зуугаад жилийн тэртээх нууцлаг үйл явдлыг гэрчилсэн тэр тэмдэглэлийг олж, анх хэвлүүлсэн хүн нь Канадын Торонтогийн их сургуулийн багш, доктор Ольга Бакич аж.
Монголын түүхэнд бичигдэж үлдсэн генерал Бакичийн ач охин гэсэн үг л дээ. Яг л миний очих газар. Номоос эчнээ танилцсан тэр бүсгүйтэй сэтг үүлчийн сониуч занд хөтл өгдөн уулзахсан гэдэг бодол тээсээр Канад оронд хөл тавьсан билээ. Таван сая гаруй хүнтэй их хотоос нэр мэдэх төдий хүнийг олно гэдэг өтгөн өвсөнд хаясан зүү хайхтай адил байв. Гэсэн ч хүүхдүүдийнхээ тус дэмээр Ольга Михайловна Бакичтай уулзсан. Уулзахаар барахг үй дотночлон танилцаж хууч яриа дэлгэсэн хэсгээс уншигч танаа толилуулъя.
-1930-аад онд Монгол Улсын зүүн хязгаараар довтлон түрэмгийлж байсан япончуудын эзэгнэлийн нутаг Манжуурт амьдарч байсан Оросын цагаачдын нэг нь танайх. Чухам яаж яваад тэнд суурьшив. Тэр үеийн нөхцөл байдал ямаршуухан байв?
-Эмгэнэлт хувь заяаны төөргөөр гурван үеэрээ хүнд хэцүү амьдрал туулсан замаа эргэн харж, дурсан ярихад надад хэцүү байдаг. Япончуудын эзэмшлийн үед Хятадад боломжийн сайхан амьдарч байлаа гэх хүн байдаг л юм. Төрж өссөн эх орондоо хавчигдаж, байх суух газаргүй болсон хүнд харийн нутаг илүү санагдаад тийнхүү ярьдаг биз. Харин манайхны хувьд үе дамжин сүүдэр шиг дагасан хардалт мөрдөлтөд өртөж, бие сэтгэлийн дарамт шахалтыг эдэлсэн болохоор Хятадад сайхан байсан гэж хэлж чадахгүй. Би бага байсан учир үйл явдлын наад цаад учрыг мэддэггүй байж. Өвөө, эмээ, аав ээжийн ярьсан, ном хэвлэлээс уншсан зэргээс Хятадад цагаачлан амьдарсан оросууд шоовдорлогдон хүнд хэцүү замыг туулсныг ойлгосон доо.
Бидний өвөг эцэг Андрей Степанович Бакич уг нь Черногорын серб гаралтай хүн. 1905 оны хувьсгалын дараа Оросын эзэнт гүрний армид элсэн дэлхийн I дайн болон иргэний дайнд оролцож, эр зориг, командлах ур чадвараар шалгаран бага даргаас дэслэгч генерал болтол дэвшсэн гэдэг. Улаан армид дийлдсэн цагаантны хүч Сибирээс түрэгдэн ухрахад түүний удирдсан корпус Монголд орж ирсэн юм билээ. Тэднийг Барон Унгерн болон цагаантны бусад бүлэглэлтэй хүчээ нэгтгэж, тэмцлээ үргэлжлүүлэх бодолтой байсан гэлцдэг. Гэвч 1991 оны намар өвөөг штабын нь хэсэг офицерийн хамт Монголын журамт цэрэг олзолж, улмаар Улаан армид хүлээлгэн өгч л дээ. Тэднийг 1922 оны хавар Новосибирскт (Новониколаевск) буудан хороосон юм.
Бэлэвсэрч үлдсэн эмээ минь гурван нялх хүүхдээ дагуулан Хятад руу дүрвэн ирэхэд хамгийн том нь миний эцэг Михаил Андреевич Бакич, 13-тай байж. “Цагаантны үлдэгдэл” гээд эх орондоо гадуурхагдан, Владивостокоос тийнхүү гарахдаа ойр зуур хэрэглэх зүйлээ аваад л санд мэнд дүрэвсэн гэдэгсэн. Харбинд анх ирэхэд хүн танихгүй, хэл мэдэхгүй, ажил олдохгүй маш хэцүү байж. Арайхийн Дорнод Хятадын төмөр замын өртөөнд ажилд ортол эмээг удалгүй халчихсан гэдэг. Тэнд Зөвлөлтийн паспорттой оросууд, хятадууд ажиллах ёстой гэдэг шалтгаанаар л тийнхүү золигт гаргасан аж. Нутаг нэгт цагаач оросуудын дэм тусаар ойр зуурын хар бор ажил хийж болгоод л байж. Эмээ минь ухаантай, боловсролтой эмэгтэй учир хүүхдүүдээ мэдлэг мэргэжилтэй болгох гэж бүхнээ зориулж. Түүний зүтгэлийг амжилтаар хариулсан хүү нь миний аав. Тэр дуулна, зурна, шүлэг бичнэ, ер нь тал бүрийн авьяастай, маш хөдөлмөрч хүн байлаа.
Дунд сургуулиа алтан медальтай төгсөөд Харбины Политехникийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер архитекторч мэргэжилтэй болсон байна. Суралцахын зэрэгцээ ойр зуурын ажил хийх, барилгын зураг төсөв зохиох зэргээр гэр орны амьдралд нэмэр болдог байснаа ярьдагсан. Харийн нутагт хэдийгээр ядуу тарчигхан байсан ч хүүхд үүд нь тусад орж, амьдралд хөлөө олох янзтай байтал япончууд зүүн хойд Хятадыг эзлэн Манж-го хэмээх тоглоомын улс байгуулан, цагаач оросуудын байдал хүндхэн болж. Японы цэрэг зэвсэг нэмэгдэж шинэ дайнд бэлтгэх, ялангуяа Монгол, Зөвлөлтийг эзлэхээр Хятадын нутаг дээр ихээхэн ажил өрнүүлж, түүндээ хятад, өвөрмонголчууд төдийгүй Зөвлөлт Оросоос ирсэн олон үндэстэн ястан, цагаач иргэдийг хүчээр дайчлан ажиллуулж байжээ. Амьдрахын эрхээр ажиллах хэрэгтэй байсан биз. Цагаантны генералын хүү гэж адлагдсан Михаил Бакич буюу миний аав 1935 онд ЗХУын харьяат Татьяна Абловатай гэрлэн, анх төрүүлсэн охин нь би.
Ээж минь Дорнод Хятадын төмөр замд ахлах диспетчерээр ажиллаж байсан эцэг дээрээ Зөвлөлтөөс ирээд байхдаа танилцсан юм билээ. Зөвлөлтийн засгийн газар уг замыг 1935 онд Японд худалдсаны дараа миний эхийн эцгийг “гадаадын тагнуул” хэмээн баривчилж, Сталины хорих газар Гулагт 20 жил ял эдлүүлэхээр авч яваад сураггүй болсон. Тэрбээр Зөвлөлтийн иргэн, эх орны даалгавар томилолтоор ажиллаж байсан хүн шүү дээ. Дэлхий дахинаа дайны аюул нүүрлэж, олон үндэстэн ястны сэтгэлд айдас хүйдэс хургасан хүнд хэцүү үед нөхөр, дайсан хоёрыг ялгах аргагүй орчинд балчир нас минь өнгөрч дээ.
-1945 оны чөлөөлөх дайны ялалтаар дэлхийн II дайн төгсгөл болж, Азид энх амгалан үе эхэлсэн гэж бид ойлгодог. Сүүлчийн тулалдааны талбар Хятадад оршин суугч цагаач оросуудын ажил амьдрал, хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Ингэж асуух хүн цөөнгүй тааралддаг юм. Жишээ нь 2008 онд Токиогийн их сургуулиас зохион байгуулсан онолын хуралд илтгэл тавихаар очиход үндсэн сэдвээсээ хазайж, дайны дараах үеийн цагаач оросуудын хувь заяаны талаар сонирхоод байсан. Миний сэтгэлийг эмзэглүүлдэг сэдэв. Ярихаас ч айдас төрдөг юм. Гэсэн ч би бодит үнэнийг өгүүлсэн. Миний ярьсныг англи хэлнээс хөрвүүлэн Казанийн их сургуулиас хэвлүүлдэг “Евроазийские исследования” сэтгүүлд нийтэлсэн байна билээ. (О.Бакич уг сэтгүүлийг надад ирүүлэв. Ж.Н) 1945 оны наймдугаар сарын 9-нд Улаан арми Зүүн хойт Хятадын нутагт цөмрөн, хот сууринг бөмбөгдөхөд хүмүүс ихэд цочирдон балмагдаж, хонгил шуудуу, хоргодох байрны зүг гүйлдэж байв. Тийм газруудыг япончууд нутгийн иргэдээр урьдчилан бэлтгүүлсэн. Бөмбөгдөлтийн дуу чимээ, хохирол их. Үнэхээр аймаар байж билээ.
Шархдаж бэртсэн хүмүүсийн ёолон орилох нь өрөвдөлтэй. Би тэр үед долоотой. Аюулыг сайтар ойлгодоггүй байж. Ямар сайндаа түгшүүрийн дохио өгөхөд бие халхлах төдий хавтгай модоор нүүрээ таглан газар хэвтэж байхав. Бөмбөгний хэлтэрхийнээс бие хамгаалж буй нь тэр. Агаараас хаясан бөмбөгөнд япончууд төдийгүй энгийн иргэд, оросууд өртсөн. Тэгэхдээ япончууд л дайны гай гамшгийг чирч ирээд бидэнд балаг тарилаа гэдгийг хүмүүс ойлгож, цагаач оросууд ч гэсэн Улаан армийнхныг нааштай угтсаныг хэлэх хэрэгтэй. Тэд чөлөөлөгч армийн цэргүүдтэй элэгсэг дотно ярилцаж байхыг ч харсан. Тэдэнтэй үерхэж, жирэмсэн болоод хоцорсон хүүхнүүд байсан гэдэг. Зөвлөлтийнхэн уулзалт цуглаан зохиож ухуулга, суртал нэвтрүүлэг хийдэг байв. Цагаачид тэр бүхэнд итгэж, ирээдүйгээ гэгээлгээр төс өөлж байсан байх. Гэвч бүх зүйл санаснаас эсрэгээр эргэж Орос орноос дүрвэн ирсэн хүмүүсийг Зөвлөлтийн тагнуулын Смерш-ийн ажилтнууд бөөн бөөнөөр баривчлан вагонд мал шиг ачаад явуулсан даа. “Цагаантны дээрэмчин” гэгдсэн 15-17 мянган хүнийг тийнхүү баривчлан, яллан шийтгэсэн нь Зөвлөлт засагт итгэх итгэлийг алдагдуулсан.
1945 оны намраас 1946 оны өвөл хүртэл үргэлжилсэн баривчилгаанд япончуудад орос хэл заасан багшаас эхлээд жирийн албан хаагч, ажилчид, цэвэрлэгч, тэр бүү хэл нэр нь эргэлзээтэй, сэжигтэй санагдсан энгийн оросууд өртөж, Зөвлөлтийн хорих лагерьт хүнд хүчир ажил хийх ялаар шийтгүүлсэн юм. Тэд Зөвлөлт засагт ямар ч гэм хийгээгүй, тэр ч байтугай Орос оронд төрөөгүй хүмүүс байсан. Тэднийг тийнхүү шоовдорлон хэлмэгдүүлсэн нь хүн төрөлхтөнд тохиолдсон нэгэн гамшиг гэж боддог. Миний эцгийг бас баривчилсан. Харин түүнийг ажил мэргэжил, авьяас чадвар нь хүнд ялаас аварсан даа. Тэр Харбин, Чанчун, Мүгдэн хотод Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгал барихаас эхлээд томоохон барилга байгууламж, цогцолборын зураг төсөл зохиох, удирдан бариулах ажил хийсэн. Одоо тэдгээр нь бий биз.
Улаан арми Хятадын нутагт ирсний дараа 1945 оны наймдугаар сарын 15-нд Японы Эзэн хаан бууж өгснөө радиогоор зарламагц Манжуурт суурьшсан япончууд орон байр эд хогшлоо хаяад санд мэнд зугтахад тэдэнтэй ойр дотно ажиллаж, гар хөл нь болсон цагаачид хамт явцгаасан. Тэд бодвол амьд гараа биз. Хятадад хувьсгал ялж, Ардын засаг тогтсоноос хойш цагаач оросууд сайнаа үзээгүй. Наад захын жишээ нь намайг пионерийн болон комсомолын идэвхтнээр элсэх гэхэд “цагаантны үлдэгдэл” гээд авдаггүй байв. Үеийн охид, хөвгүүд улаан бүч зүүгээд баярлаж байхад би гомдсондоо уйлаад л зогсож байсан даа. Харбины ганц орос сургуульд сурч, Зөвлөлтийн ном, хэвлэл уншиж, үзэл суртлаар хүмүүжсэн хүүхдүүдийн нэг нь би. Тэгэхэд яагаад тийнх үү ялгаварлан гадуурхаж байсан юм бол? Манайхныг Зөвлөлтийн иргэн болгож паспорт ч олгоогүй, Хятадад ажилласан Зөвлөлтийн мэргэжилтэн нартай ойр дотно харилцах ч хориотой, тэд ч биднээс цэрвэдэг байлаа. ЗХУ-ын Засгийн газар 1954 оноос Харбины оросуудад нутагтаа буцах боломж олгосон. Олон ч гэр бүл эх орондоо эргэн очсон. Тэдний ихэнх нь садан төрлөө бараадах, баригдаж хоригдсон эцэг эхээ олохоор явсан байх. Бидний хувьд 1959 онд Австрали руу гарсан.
-Оросын эзэнт гүрний Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Яковлевич Коростовец 1912 оны намар Хүрээнд ирж, Монгол, Орос хоёр орны хооронд найрамдлын гэрээг хийхээр ихээхэн зүтгэн чармайж 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд уг гэрээнд гарын үсэг зурсан хүн. Тийнхүү Монгол Улсын Засгийн газрыг Оросын эзэнт гүрэн анх албан ёсоор зөвшөөрснийг түүхчид олзуурхан тэмдэглэсэн байдаг. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн И.Я.Коростовецийг та хэдийнээс мэддэг байв?
-Иван Яковлевич Дорно дахиныг судлагч, нийтлэлч, Оросын нэрт дипломатч байсан. Түүнийг бичсэн нийтлэлээс нь, ялангуяа Хятадын тухай бичсэн ном зохиолоор нь таньдаг болсон. Дэлхийд Хятад орныг нээн харуулсан хүн шүү дээ. “Чингис хаанаас Зөвлөлт Найрамдах Улс хүртэл” гэдэг маш сонирхолтой ном бичиж, герман хэлээр хэвлүүлсэн удаатай. И.Я.Коростовец 1917 оны Оросын хувьсгалын дараа бидний адил эх орноосоо дүрвэн, цагаачдын хүнд хатуу амьдралыг хэсүүчлэн туулсаар 1933 онд Парист таалал төгссөн гэдэг. Түүний бичсэн Монголын тухай тэмдэглэл хүүхдүүдэд нь үлдсэнийг би дуулсан юм. Бидний өвөг эцэг Андрей Бакичийн хувь заяатай холбоотой тэр орныг сонирхох хүсэлдээ хөтлөгдөн эрэлд гарсан гэх үү дээ.
-И.Я.Коростовецийн 1912-1913 оны тэр тэмдэглэлийг хаанаас, яаж олов?
-Иван Яковлевич Коростовецийн ууган хүү Флавий Иванович (1887 онд төрсөн Ж.Н) эцэгтэйгээ Бээжинд амьдарч байгаад Дэлхийн II дайны дараа Австрали явахдаа Монголын тухай аавынхаа тэмдэглэлийн гар бичмэлийг авч явсан юм билээ. Тэрбээр өөд болохоосоо өмнө уг тэмдэглэлийг өөрийн найз, Оросын нэгэн цагаач эрд өгчээ. Тэр хоёрын аль аль нь уг тэмдэглэлийг хэвлүүлэх бодолтой байсан ч чадалгүй нас баржээ. Би 1959 оноос Австралид суурьшин Торонтогийн Альбертагийн их сургуульд 1977 онд докторын зэрэг хамгаалж, Канадад амьдрах болсон. Австралид Оросын цагаачид олон, тэдний дотор миний найз нөхөд цөөнгүй бий. Тэднээс И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн олон сар” тэмдэглэлийн эхийг түүний хүү Флавий Ивановичоос авсан хүний хүүхэд байгааг мэдэж сурагласаар уулзаж, салган авсан даа. 3-4 хүний гар дамжин миний гарт орсон Монголын тухай ховор баримтыг олсон түүх товчхондоо иймэрхүү байх шив дээ.
-Уг тэмдэглэлийг танд өгсөн хүн одоо хаана, юу хийдэг вэ?
-Өөд болсон гэнэ лээ. Үр хүүхдүүд нь байгаа. Харин би түүний нэрийг хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Тангараг. Уг тэмдэглэлийн эхийг түүнээс авахдаа бид тийнхүү тохиролцсон юм. Хүнд амласнаа няцвал хэн болох вэ. Тэр эрхэм хүн Зөвлөлт засаг, коммунист большевикуудаас айж болгоомжилдог, тэдний гар урт гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн нэгэн байсан. Уг тэмдэглэлд тэр үеийн Хятадын харгис бодлогыг илэрхий бичсэн болохоор тэднээс айсан биз.
-Баримтыг олох нэг хэрэг, хэвлүүлнэ гэдэг амаргүй. Зардал хөрөнгө, ашиг орлого гээд л…?
-Тийм ээ. Уг тэмдэглэлийг хэвлүүлж ашиг хонжоо олохыг бодоогүй. Түүнийг уншихад монголчуудын ахуй амьдрал, зан заншил үнэхээр сонирхолтой, хаана ч байхгүй өвөрмөц онцлогтой санагдсан. Түүнийг хүн ардад чадах ядахаараа хүргэхийг зорьсон юм. Торонтогийн их сургуулийн Орос хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ази дахь оросууд” гэдэг сэтгүүл эрхлэн гаргадаг байлаа. Тус сэтгүүлийн 1994- 1995 оны дугааруудад цуврал байдлаар анх нийтэлсэн. И.Я.Коростовец хэвлүүлэхээр бэлтгэж машиндсан эх дээрээ гараар гаргацтай засварлаж янзалсан байв. Түүнийг тэр чигээр нь оруулж хэвлүүлсэн дээ. Тэрхүү тэмдэглэлийг англиар орчуулж хэвлүүлэх бодолтой байсан ч бэл бэнчин дутсан. Дээр өгүүлсэн сэтгүүл маань судалгаа, танин мэдэхүйн чиглэлийн нийтлэл зонхилдог, идэвхтэн уншигч, хандивлагчдын мөнгө хөрөнгөөр цөөн хувь хэвлэгддэг юм. Сургуулиас шальтай мөнгө зарцуулдаггүй, уншигч цөөнтэй хэвлэл шүү дээ. Харин надаас уг тэмдэглэлийг авсан түүхч О.Батсайхан Монголд тусгай ном болгон хэвлүүлсэнд үнэхээр их баярлаж байгаа.
-Та өнөөгийн Монголын тухай ямар ойлголттой явдаг вэ?
-Ний нуугүй үнэнээ хэлэхэд монголчуудын тухай мэдлэг бага шүү. Бага залуудаа Харбинд монгол хүмүүсийг зөндөө харсан. Хар бор ажил хийдэг, ядуу зүдүү амьдралтай, өрөвдмөөр хүмүүс. Тэд чинь Хятадын монголчууд. Ар Монголоос (тэр үеийн ойлголтоор хэлэв бололтой) анх уулзаж танилцсан хүн гэвэл О.Батсайхан, та хоёр л болох шив дээ. Тэр Монголд урина гэсэн. Тэгвэл юутай сайхан бэ, миний нэгэн хүсэл биеллээ гэсэн үг. Миний төрж өссөн газар Хятад орон, Харбин хот. Тэнд ч очих бодолтой байгаа.
-Таны хувийн амьдралыг сонирхож болох уу?
-Хоёр хүүхэдтэй. Тэд айл орон болж, тусдаа гарсан. Одоо нөхрийн хамт боломжийн сайхан л амьдарч байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гээд зав чөлөө багатай байгаа. Хань минь Канадын иргэн.
-Монголын түүхэнд нэмэр болох ховор баримтыг олж бидний үед хүргэсэн танд талархлаа илэрхийлье. Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Жалцавын Нямдаш
URL: