З.Ойдов: Өтөл насандаа улсынхаа төлөө зүтгэмээр байна

Хөдөлмөрийн баатар З.Ойдовтой ярилцлаа.

-МАХН-МҮАН-ын Шударга өс эвслээс яагаад нэр дэвших болсон юм бэ?

-Би тамирчин байсан хүн. Зодог тайлаад МУБИС-д багшилсан. Тамирчин хүн гэхээр л барилддаг нь ноцолдож, уралддаг нь гүйгээд байдаг хүмүүс биш л дээ. Тамирчин хүмүүс цээжиндээ улс орноо сайн сайхан болгох юмсан гэдэг бодол тээж явдаг юм. Тийм учраас ирэх сонгуульд нэр дэвшихээр болсон. Би өөрийгөө их голж явдаг хүн. Гэхдээ парламентаар хэлэлцэж байгаа асуудал гишүүдийн ярьж байгааг сонсоод зарим зүйлийг нь ингээд засчихвал зөв болох юм байна гэсэн бодол төрдөг байсан юм. Сүүлд МАНАН-г эвсэхэд нь эхэн үедээ зөв гэж боддог байлаа. Дандаа сөрөг хүчин нэрээр бие биеийнхээ хийх ажлыг гацаагаад болох зүйлийг бүтэхгүй болгож байснаас хамтраад ажилласан нь дээр юм байна гэж үзсэн. Гэтэл тэд хамтарснаараа харин ч муу зүйл болсныг харлаа. Хэдийгээр энэ хоёр нам салсан ч ирэх сонгуулийн дараа дахиад хамтрах юм байна. Тэгвэл Монгол Улсад ядуурал гарч, гадаад өр дийлдэхээ болино. Ер нь манай ард түмнээс гарсан санал дарга нарын чихэнд хүрдэггүй. Үүнийг өөрчлөхийн тулд МАХН-аас УИХ-д нэр дэвшихээр болсон.

-Та МАХН-д хэзээ элссэн билээ…

-1977  онд элссэн. МАХН нэрээ солих үед гишүүдийн дунд намдаа үлдэнэ, үлдэхгүй гэдэг яриа өрнөсөн. Өнгөрсөн түүхийн хугацаанд МАХН-ын ном дүрмээр манай улс хөгжил дэвшлээ тодорхойлж ирсэн. Бидний аав, ээж бүгд энэ намын дүрмээр хүмүүжсэн. Үнэндээ Ардын нам болоод МАХН-аас тусдаа гарсан хүмүүс тэдний аав ээж энэ намын хүмүүжлээр хүмүүжсэн шүү дээ. Тийм учраас сонгуулийн өмнө нэрээ солиод хэрэггүй гэдгийг тухайн үедээ ойлгож МАХН-даа үлдэх нь зөв гэдэг шийдвэрийг гаргасан юм. Ард түмний аж амьдралыг дээшлүүлж улсынхаа газар шорооны төлөө байнга үнэн үгээ хэлж ярьсаар ирсэн энэ намдаа үлдэх нь зүйтэй гэж үзсэн. 2011 оны зургадугаар сарын 21-ний өдөр МАХН-ын батлах дээрээ намын гишүүнчлэлээ дахин сэргээх тамга даруулсан.

-Тэгвэл яагаад таныг нэр дэвшүүлэхгүй гээд байгаа юм бол…

-Төрсөн нутаг Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт нэр дэвшихээр болоод материалаа аваачиж өгсний дараа МАН-ын 90 дүгээр үүрээс “Энэ бол манай намын гишүүн хүн МАХН-аас нэр дэвшлээ. Ингэж болохгүй” гэсэн бичиг СЕХ-нд очсон юм билээ. Уг нь би МАХН-ыг МАН болох үед хуучин намдаа үлдье Ардын намын үйл ажиллагаанд үүнээс хойш оролцохоо больё гээд шийдчихсэн байлаа.

-90 дүгээр үүр дээрээ очиж асуудлын учрыг асуув уу?

-Асуусан. Тэгтэл өөдөөс МАХН-ын гишүүдийн хуучны бүртгэлийг харуулж байна лээ.

-Тэгэхээр та МАН-аас гарах өргөдлөө албан ёсоор өгөх ёстой байсан юм биш үү. Тэгээгүй учраас таныг МАН-ын гишүүн хэвээрээ байгаа гэж үзээд байгаа байх л даа?

-МАН-ын батлахыг авчихсан хүмүүс МАХН руу явахдаа албан ёсоор өргөдлөө өгөөд гарсан. Миний хувьд МАН-ын батлахыг аваагүй учраас яах гэж өргөдөл өгөх юм. МАХН, МАН болж нэрээ өөрчлөхдөө гишүүдээ автоматаар МАН-ын гишүүн болсон гэж үзэх ёсгүй шүү дээ. МАН-д орох хүмүүсээ шинээр бүртгэж явах учиртай, Тэгтэл МАХН байх үеийнхээ бүртгэлийг үзүүлээд хүний сонгогдох эрхэд халдаад явж болохгүй.

-Тухайн үедээ МАН-д энэ эсэргүүцлээ илэрхийлэх байж л дээ?

-Тэртэй тэргүй МАН-ын дүрэмд МАН-ын гишүүн болох хүн бичгээр өргөдөл гаргаж бат илэрхийллээ авна гээд заачихсан байгаа. Гэтэл би тэгээгүй учраас МАН-ын гишүүн биш.

-Одоо тэгээд яах вэ. Та сонгуульд нэр дэвших боломжгүй болчихлоо.

-Манай намын нөхдүүд асуудлыг хөөцөлдөж байгаа, Тиймээс хүлээгээд сууж байна. Манай эвслээс зургаан хүн нэр дэвшигчийн батламжаа авч чадахгүй байна. СЕХ үнэхээр шударга юм бол МАН-ын 90 дүгээр үүр дээр очоод “Ойдовын МАН-аас гаръя” гэсэн өргөдөл нь хаана байна гээд шалгах ёстой. Түүнд өгсөн батлах нь хаана байна гээд асуух хэрэгтэй. Ингэж л үнэн мөнийг олох хэрэгтэй юм. Даанч ийм хүсэл тэдэнд алга.

Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг улс төрийн хоёр хүчин хүсч байгаа байх. Тиймээс зориудаар ийм саад тавьж байна л даа.

-Та ард түмэндээ хүндлэгдэж дэлхийд танигдсан тамирчин хүн. Заавал улс төрд орж сэтгэлээ чилээхийн хэрэг байна уу. Дэлхийн дэвжээнд шавь нараа бэлтгээд сууж байвал сайхан юм биш үү?

-Хэдэн хүүхдээ тойруулаад суухаас илүү жаргал хаана байх вэ. Гэтэл улс эх орны маань баялгийг гадагшаа зөөгөөд дууслаа. Жирийн ард түмэн бид түүнээс хувь хүртэх боломж алга байна. Миний алдар хүнд хорхойд хоргүй байдлыг минь ард түмэн харж өвөрхангайнхан маань сонгох болов уу. УИХ-ын гишүүн болбол эх орныхоо эрх ашгийн төлөө кноп дарах нэг хүний тоо парламентад нэмэгдэнэ шүү дээ. Гишүүдийг харж байхад бие бие рүүгээ эвгүй хазгай үг шидэж байдаг л юм. Ийм болох бүтэхгүй газар руу дурлах бодол надад байхгүй. Гэсэн ч эх орноо бодоод УИХ-д орохоос өөр арга алга. Тамирчин байхдаа тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байсан бол өтөл насандаа улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэмээр байна. Идэх хоолтой элэг бүтэн сайхан амьдрахыг боддог хүмүүс шударга ёс эвслийг сонгох байх аа. Энэ жилийн сонгуульд иргэд сэтгэл хөдлөлөөрөө хандах юм бол буруу ташаа болно. Улс орныхоо байдлыг бодож ирээдүй харж зөв сонголт хийгээрэй гэж хэлмээр байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих