Ховдынхон Кёкүшюзанд итгэх болов уу?
Арлын Японд нэрээ дуурсгасан аавын хөвгүүдийн нэг нь Д.Батбаяр. Гэвч тэрбээр харьцангуй эрт зодог тайлсан. Олон амжилтаасаа татгалзаж, гэнэтхэн л сумогийн ертөнцийг орхих болсон нь том шалтгаантай аж. Кёкүшюзан Д.Батбаяр сумогийн дэвжээнд мэхний их дэлгүүр нэрээр алдаршсан. Гэхдээ энэ зальтай эр бодит амьдрал дээр ч бусдыг хууран мэхлэхийг өмнөө тавьдаг нэгэн аж. Тиймээс ч Япон дахь Монголын элчин сайдын яаманд Д.Батбаярын хохирогчдын жагсаалт байдаг аж. Японы иргэдийг хулхидаж, Монголоос очсон нутаг нэгт сумочдодоо хүндрэл дарамт учруулах болсон Д.Батбаяр олон хавар нэгэндээ гэгч болсон гэдэг. Түүнд хулхидуулсан жирийн иргэдээс гадна Д.Батбаярын хүн чанарыг таньсан сумогийн ертөнцийнхөн мэхний их дэлгүүрээс салахын хүслэн болсон аж. Тиймээс ч Д.Батбаярт нэр хүндээ унаж амжаагүй байгааг ашиглан Монгол руу нутаг буцахаас аргагүй байдал үүсчээ.
Японы Якуза нартай холбоотой байсан гэх түүнийг хориотой бизнест хөл тавьсан байж болзошгүй хэмээн Сумогийн холбоо хардаж байсан нь нэрмээс болсон гэдэг. Монголын арвин нөөцтэй орд газруудын нэгнийг мань эр Якуза нарт асар өндөр үнээр худалдаж орхисон түүх бас байдаг гэх юм билээ. Харамсалтай нь орд газар Монголдоо үлдэж, Якуза нар хоосон хоцрохын үед Д.Батбаяр Японоос сүүл хавчин арилсан тухай яриа байдаг. Ямартай ч Д.Батбаяр анхны гэргий П.Буянбилэгээсээ мөн л өнөөг хүртэл зугтсаар яваа юм. Хоёр хүүхдийг нь төрүүлж өсгөн, хүний газар түшиг тулгуур болж явсан ханьдаа өнөөг хүртэл Д.Батбаяр толгой эргэм эд хөрөнгөнөөсөө ганц ч зоос тасалж өгөлгүй хулхидсаар явдаг сурагтай.
Тэдний салалтыг шүүхээр шийдсэнээс хойш нэг л өдөр Д.Батбаяр бүх хөрөнгө болох 13 компанийг өөрийн ах дүү, хамаатан садны нэр дээр шилжүүлэн, шүүхээр оногдуулсан эцэг хүний хариуцдагаас мултарч дөнгөжээ. Бусдын нэр дээр шилжүүлж амжаагүй ганцхан хөрөнгө байсан нь гуравдугаар хороололд орших нэгэн дунд сургууль аж. Гэтэл Япон, Монголын хамтарсан гэх уг дунд сургууль үнэн хэрэгтээ Д.Батбаярын япон түншээсээ луйвардсан хөрөнгө байсан гэдэг. Монголд сургууль байгуулж, монгол хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах сонирхолтой япон танил нь Д.Батбаяр хэл мэддэггүйг нь далимдуулан уг сургуулийн гэрчилгээ, бичиг баримтыг өөрийн нэр дээр гаргуулан, хувийн өмчийнхөө тоог нэгээр нэмснийг мэдээгүй явсан аж.
Д.Батбаярын хоёр хүүхдийн ээж П.Буянбилэг салсан нөхөртөө эцэг хүнийх нь хувьд оногдох хариуцлагыг үүрүүлэх гэж шүүхээр хоёр жил явсан тухай мэдээлэл байдаг. Олигтой эр хүн үр хүүхдийнхээ ээж, ханилж явсан ханиа ийм байдалд оруулах уу? Үүнээс гадна Д.Батбаярын бас нэгэн жижиг луйврыг дурдахад сумогийн дэвжээнд барилдаж байх үедээ мань хүн нэр хүнддээ дулдуйдан Японы визтэй холбоотой наймаанд гар дүрдэг байсан гэх. П.Буянбилэгтэй хийсэн хуримынхаа үеэр Монголоос хоёр онгоц дүүрэн зочин урьж, зорчигч бүрээс виз, аяллын тийз, буух зочид буудал нэрээр 8000 ам.доллар татсан талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Гэвч Д.Батбаяр зочин бүрээсээ хураасан мөнгөнөөсөө МИАТ-д нэг ч төгрөг төлөөгүй байжээ. Зорчигчдын хоёр талын зардлыг тооцохоор хэдэн зуун сая ам.долларын өр МИАТ-д тавьсан гэсэн үг.
Ийм хэмжээний мөнгөөр төрийн өмчит тус компанийг хохироосон Д.Батбаярын ил, далд луйвар үүгээр дуусахгүй. Д.Батбаярын араас мөр гишгэн орж ирж, сумогийн ертөнцөд танигдсан монгол залууст оны ялгаа байдлаар дарамт учруулдаг байсан тухай зарим нэгэн сумочид мэр сэр дурдсан нь бий. Асашёорюү Д.Дагвадорж, Д.Батбаяр нарын харилцаа тийм ч сайнгүй байдгийн шалтгаан энэ бололтой. Монголд эргэн ирэнгүүтээ эрх мэдэлд шунах болсон Д.Батбаярыг АН гар тосон авсан. 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Д.Батбаяр энэ удаа Ховдод өрсөлдөхөөр боллоо. Тойрог сольсны нэг шалтгаан нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихдээ амласан амлалтуудаа биелүүлээгүйд байгаа аж. 3000 хүнийг Япон явуулж ажилтай болгоно гэхчлэн амлаж, Наран улсад ажиллах хүмүүсийн бүртгэлээр сурталчилгаагаа эхэлж байсан Д.Батбаярт тус дүүргийнхэн хулхидуулж хоцорчээ. Тиймээс Сонгинохайрханы иргэдийн нүүрийг харах аргагүй болсон Д.Батбаяр мэдээллээс алс нутгийнханд молиго үмхүүлэхээр шийдсэн гэнэ.
Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдарт хүрсэн олон хүн байдаг. Гэхдээ нэр хүнд нь өсөхийн хэрээр төрсөн эцгийнхээ нэрийг сольж, мөн чанараасаа урвасан хүн үгүй. Харин Д.Батбаяр эцгээсээ урвахыг ч юман чинээ бодолгүй овгоо солиулж, Кекүшюзан хэмээх цолоороо овоглосон байдаг. Чухам энэ нь Д.Батбаярын хүн чанар хөлийн жийрэг шиг болсныг илчилж буй юм. Тэгээд ч 2008-2012 онд УИХ-д суухдаа төрийн ажлаас илүүтэй хувийн бизнесээ өсгөсөн хүн түүнээс өөр үгүй. Улстөрч болоход мөн чанараас гадна мэдлэг оюун дутах нь хэдийнээ тодорхой болсон Д.Батбаяр эдүгээ Ховдынхныг юу гэж хошгируулж яваа бол?
Ц.Сэлэнгэ
URL: