Гурван заан, нэг гарьдын ”тулаан”
УИХ-ын сонгууль тун удахгүй болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-д нэр дэвшигчид тус бүрийнхээ тойрогт “уран мэх”-ийг уралдуулан өрсөлдөхөөр зэхэж байна. Наадмаар бол тэнд улсын том цолны төлөөх ширүүн өрсөлдөөн болж байгаа ч юм шиг. Эдгээр өрсөлдөөн дунд бөхийн цолоор яривал 3 заан, 1 гарьд барилдахаар зэхэж буй мэт нэгэн тойрог байх. Дашрамд сонирхуулахад хангарьд хэмээх үлгэрийн амьтан нь бөхийн цол байхаас гадна нийслэлчүүдийн мандан бадрахын бэлгэдэл, хотын маань сүр сүлдний илэрхийлэл болдог. Нийслэлийн сүлд тэмдэг болсон Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн дүртэй байдаг. Харин заан нь мөн л бөхийн цол болохоос гадна амар амгалан, хүч чадлын бэлгэдэл болдог ажээ.
Бөхөөр бол цол нэмэхийн тулд зориг, хүч бяр, арга мэх ихээхэн ач холбогдолтой. Энэ өрсөлдөөн дунд Заан цолтнууд гарьд болох, гарьд цолтон арслан болох хурц дайчин барилдаан явагдах нь тодорхой байна. Заан цолтнуудын хувьд, өнгөрсөн 4 жилд “Заан” цолоо хангалттай хэмжээнд хамгаалаад зогсохгүй, эдүгээ цолоо нэмэгдүүлэх эрч хүч, эр бяртай хэн нэгэнд л нь улсын баяр наадам цол нэмэгдүүлэх боломж олгоно. Харин гарьд цолтны хувьд нэгэнт хүрсэн энэ цолоо хамгаалаад зогсохгүй, “арслан” цолонд хүрэхийн тулд барилдах идэвхийлэн барилдах нь тодорхой байна.
“Заан” цолтнуудыг ажиглаад байхад өмнөх 4 жилд хир зэрэг цолоо хамгаалан барилдсан вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэдний зарим нэг нь өмнөх 4 жил огт барилдаагүй байх, барилдсан нэг нь начны найраанд орооцолдсон, сүүлийн үеийн барилдаанд гэнэт “тодрон” гарч ирэхийг оролдсон, барилдахаасаа илүү ам авах, авсан амандаа “тахихаа” өгөх хандлага нь давамгайлсан “бөхчүүд” байх юм.
Гэтэл гарьдын хувьд байдал арай өөр, тэрээр 4 жилд байнгын идэвхтэй барилдаж ирснээс гадна, үе үе арслан, аваргуудыг ч олон нийтийн эрх ашгийн төлөө “өвдөг шороодуулж” явсан удаатай. Хамгийн гол нь 4 жилийн өмнө наадамчин олондоо амлаж байсан гол амлалтаа энэ жил биелүүлсэн нь түүнийг арслангийн эрэмбэтэй гарьд гэж бөх сонирхогч олон нийтийн зүгээс нэгэнт үнэлгээ өгөөд байгаа гэнэ.
Ямартай ч улсын наадам дөхөж байна. Гарьд арслан цолтой болох нь түүний 4 жилийн уйгагүй бэлтгэлээс нэгэнт илэрхий харагдаж байгаа бол, гурван заанаас хэн нь гарьд болох бол гэдэг асуудал анхаарал татаж байна. Эр бяртай заануудын эрэмгий зоригоос хамааран тэдний нэг нь гарьд цолтой болох гарцаагүй билээ.
Гэтэл өнөөгийн байдлаар гарьдын энтэй заан цолтон харагдахгүй хэвээр л байна.
Сонгууль ч дөхлөө, наадам ч ойртлоо. Улс төрчдийн уралдаан, хүчит бөхчүүдийн барилдааныг үзэх ойртож байна даа, наадамчин олон минь. Сайхаан сайхаан. Наадам хаяанд ирлээ.
Ц.Дагдан
Olloo.mn
URL: