“Мон-Уран”-ы Б.Наранхүү 4 тэрбумыг өгч сонгуульд нэр дэвших эрхээ авсан уу?
Дундговийн ганц мандатыг АН-аас салгаж чадсан хүн бол “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү. Бизнесийнхээ нэр хүнд гэхээсээ илүү гарын салаагаараа урсгаж байгаа мөнгөнийхөө хэмжээгээр танигдах болсон түүний талаар бас нэгэн сонирхолтой мэдээлэл гарч эхэллээ. Түүнийг АН-аас сонгуульд нэр дэвшихийн тулд дөрвөн тэрбум төгрөг хандиласан гэх яриа гараад байна. Өмнө нь МАН-аас энэ тойрогт өрсөлдөе гэсэн ч тус намын удирдлагууд хүлээж аваагүй юм. Харин АН-д хэдхэн хоногийн дотор элсч, тойргийн эрх авч чадсан. Үүнийг нь тухайн үед Б.Наранхүүгийн мөнгөтэй холбон тайлбарлах хүн олон байсан ч ийм хэмжээний мөнгө гэж төсөөлөөгүй байсан биз.
Б.Наранхүү Дундговь аймагт нэр дэвших эрхээ авахын тулд АН доторх “Нэг ардчилал” болон “Шонхор” фракциудад тус бүр нэг тэрбум төгрөг өгсөн гэж эх сурвалжууд ярьж байна. Мөн Буянт-Ухаагийн спорт цогцолборт болсон АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах үйл ажиллагааг нэг тэрбумаар ивээн тэтгэсэн гэсэн яриа АН дотор тархжээ. Харин үлдсэн нэг тэрбум төгрөгөө Дундговь аймагт нэр дэвшихээр зэхэж байсан бусад өрсөлдөгчийнхөө амыг тагласан гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнийг үнэн, худлыг тодруулахаар утас цохисон боловч холбогдож чадсангүй. Харин ойр хавийнх нь хүмүүсээс тодруулахад түүнийг хорьхон хоногийн дараа болох УИХ-ын сонгуульд тийм ч их санаа зовохгүй байгаа тухай хэлж байгаа юм. Зарим орон нутагт нэр дэвшигчид тойрогтоо очин хурга ишигтэй зууралдаж байхад Б.Наранхүү харин Хонконгд сонгуулийн бэлтгэлээ хийхээр дэлгүүр хэсэж явжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг тоорцог малгай өмсөн Баян-Өлгийн сонгогчидтой уулзаж явахад тэрбээр гадаадын дэлгүүрээр зургийн аппарат, камер сонирхож яваад ирсэн байх юм. Тэрбээр “Сонгуулийн үед зургийн аппарат, камераас эхлээд хэрэгтэй юм их байна. Үүнийгээ авахаар явж байна” гэж ярилцлага өгчээ. Үүнээс үзвэл Б.Наранхүү үнэхээр сонгуульд нэг суудал аваад гараад ирнэ гэдэгтээ багагүй итгэлтэй байгаа аж.
Б.Наранхүү дөрвөн тэрбум төгрөгийн хүчээр АН-аас нэр дэвшсэн гэж яригдаж байгаа бол түүний эгч Б.Сарангэрэл энэ жил НИТХ-ын сонгуульд МАН-ын листийн дөрөвт бичигдэж, нэр дэвшээд байгаа юм. Нэг гэр бүлийн хоёр хүн өрсөлдөгч намуудаас нэр дэвшиж болохгүй гэсэн теорем байхгүй ч энэ нь Б.Наранхүү эгчтэйгээ хамт МАН-аас сонгуульд нэр дэвших гэсэн ч гологдсон түүхийг эргэн сануулсаар байх юм.
24tsag.mn
URL: