Ц.Элбэгдорж “Эх дэлхийн манлайлагч” гэдэг цол хүртжээ

НҮБ-аас жил бүр зарлаж,  хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг  шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагчид” шагнал \”Champions of the Earth” award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагналыг байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эх дэлхийн манлайлагчид” шагналын “Бодлогын манлайлагч”-ын эзэн болсон юм.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгаль орчныг хамгаалах талаар улсдаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, олон улсын тавцан дээр хэрэгжүүлж буй санал санаачилгууд нь даян дэлхийд манлайлж буйг бид энэхүү шагналаар дамжуулан зарлаж байгаадаа баяртай байна.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэр, санаачилгууд үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн бид зүй ёсоор үнэлж байна. Тэрээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, залуу үед хүрээлэн буй орчны талаар боловсрол олгож, байгаль орчинд ээлтэй уул уурхайн бодлого хэрэгжүүлэн, ус агаарыг бохирдлоос хамгаалах чиглэлээр олон санал санаачилга гаргаж, бодлого тодорхойлогчдын дундаас ялгарч манлайлж байна” гэж НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлагчид” шагналыг “Бодлогын манлайлагч” төрөлд урьд өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт М.С.Горбачёв, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт Аль Гор, Мексик Улсын Ерөнхийлөгч Ф.Калдерон, Малдивын Ерөнхийлөгч асан М.Нашийд, Монакогийн гүн Хунтайж II Альберт нарын зэрэг нэр хүндтэй удирдагчид хүртэж байжээ.

Монгол Улс Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй байгаль орчны бодлого, санаачилгуудаас дурдахад  манай улс Ерөнхийлөгчийн зарлигаар  мод тарих үндэсний өдөртэй болсон бөгөөд монголчууд жил бүр дунджаар 2 сая орчим мод тарьдаг болоод байна. Түүний “Хүн бүр 10 мод тарья”  уриалга нь дэлхий даяар хэрэгжвэл хүн төрөлхтөн жилд дунджаар 70 тэрбум мод тарьдаг болох юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт иргэний боловсролын цагтай болох эхлэл тавигдсан бөгөөд энэ хичээлийн суурь агуулгуудын нэг нь байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах тухай юм. Тэрээр анхны  9-р сарын 1-ний хичээлээ “Дэлхийн дулаарал ба Монгол” сэдвээр заасан билээ.

Монгол орны газар нутгийн 46%-ийг уул уурхайн лицензтэй талбай эзлээд байсан үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь байгаль орчинд ээлтэй шийдвэр болсон талаар мөн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр дурдаж байна.

Тэрээр агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж улмаар Агаарын бохирдлын эсрэг хууль батлагдсан. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр идэвхтэй ажиллаж,  олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Говийн нар, салхийг ашиглах “Гобитек” төсөлд Герман, Япон зэрэг орон хамтран ажиллах саналаа ирүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын тавцанд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг хэд хэдэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлийн гишүүн, Давосын эдийн засгийн чуулганы усны нөөцийн бүлгийн гишүүн  юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2010 онд Монгол Улсын Засгийн газар Говьд хуралдаж дэлхийн дулаарлын асуудлаархи илгээлтийг НҮБ-д илгээж байсан юм. Түүний санаачилгаар Nestle группээр удирдуулсан Усны судлалын зөвлөл Монгол Улсыг судалгаандаа хамруулахаар болж, хамтын ажиллагааны эхний алхмууд хийгдээд байна.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цөлжилтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилга гаргаад байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулагдсан билээ.

Олон улсын тавцанд анхаарал татаж буй нэг санаачилга нь хүний хөгжлийн индексийг тооцохдоо нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээг тооцдог болох тухай юм.

Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын “Эх дэлхийн манлайлагчид” шагналын “Бодлогын манлайлагч” –ын эзэн болсныг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотноо зарлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих