Н.Энхбаяр: Шүүх урьдчилсан дүгнэлтээ гаргачихаад заналхийлж байна
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлсэн билээ. Гэвч Н.Энхбаяр өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаснаар энэ сарын 12 буюу ирэх мягмар гариг хүртэл хойшлууллаа.
Шүүх хурлын үеэр Н.Энхбаяр:
“Энэ хэрэг анхнаасаа зохиомол байсан. Би үүнийг нуулгүй хэлдэг байсан. Эхлээд хүмүүс анзаардаггүй, анхаарч сонсдоггүй, хууль хяналтын байгууллага шалгаад үнэнийг нь тогтооно биз дээ гэсэн хандлагатай байлаа. Дараа нь мөрдөн байцаагчид хууль зөрчиж, прокурорууд хуулиа биелүүлэхийн оронд хууль зөрчсөн үйл ажиллагааг нь дэмжиж зохиомол хэрэг бий болгосны дараа хүмүүс үнэхээр энэ хэрэг зохиомол юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ л бас эргэлзэж байсан хүмүүс бий.
Сонгуулийн ерөнхий хороонд прокуророос Е.Сагсай, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нар намайг сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр сонгуулийн нэрийн жагсаалтаас хасуулах утга бүхий бичиг ирүүлсэн. Үүнийг мэдээд энэ бол үнэхээр намайг сонгуульд оруулахгүй байх. Энэ хүний удирдсан намыг сонгуульд оруулахгүй, амжилтгүй оролцуулах гэсэн ийм л зорилгод нийцсэн зохиомол хэрэг юм байна гэдгийг ойлгосон байх. Шүүх, прокурорынхон өөрсдөө сонгуулийн ерөнхий хороонд ийм бичиг бичиж өгсөнөөрөө зохиомол хэргийн араас хөөцөлдөж, зохиомол хэргийн дагуу намайг хэрэгт холбогдуулж байгаа нь бодлого, зорилготой. Үүний цаад холын зорилго нь намайг сонгуульд оруулахгүй байх гэдгийг өөрсдөө бичгээр баталчихлаа. Ийм нөхцөлд би өөрийгөө хамгаалах ямар бололцоо байна вэ тэр бүхнийг эдлэхийн төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Ингэхийн тулд би энэ зохиомол хэргийг ер сайн уншиж танилцая, намайг өмгөөлөх багийг чанаржуулья гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл энэ хэргийг зөвхөн монгол даяар биш гадаад ертөнц ч харж байна.
Энэ хэрэг монголд шударга бус шүүх ноёлсон байна уу, эсвэл хараат бус шударга шүүх байсаар байна уу гэдгийг үзүүлэх шүүх хурал юм. Хараат шүүх дарга нарынхаа даалгаврыг биелүүлж хиймэл, зохиомол хэргээр улстөрийнхөө өрсөлдөгчид ял оноох нь уу, эсвэл хараат бус шүүх шударга шийдэж зохиомол хэргийг хэрэгсэхгүй болгох нь уу гэдгийг харж байгаа. Би бол өнөөгийн олигархуудын эсрэг шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа. Би айхгүй гэдгээ хэлсэн. Би мөрөн дээрээ мөрдөстэй хүмүүсээс ч айхгүй. Хэрэгт холбогдуулна шүү гэж занаж байгаа МАН, АН-аас ч айхгүй. Өнөөдөр луйварын сонгуулиар гарч ирсэн өндөр албан тушаалтнуудаас ч айхгүй.
Урьдчилан дүгнэлтээ гаргачихаад битүүгээр заналхийлж байгаа хараат шүүхээс ч айхгүй. Шударга ёсны төлөө, Монголын ард түмний төлөө би амь насаараа дэнчин тавиад эрүүл мэнд хохирсон ч гэсэн түүнийг хайхрахгүй тэмцэх шийдвэр гаргасан. Энэ тэмцлийг цааш нь үргэлжлүүлнэ. Тийм учраас би нэгдүгээрт шүүхээс энэ хэрэгтэй бүрэн танилцах цаг хугацаа өгөөч гэж хүсч, шаардаж байна. Хоёрдугаарт өмгөөлөгчдөөсөө татгалзаж байна. Тэр өмгөөлөгчдийг би гарын үсэг зурж, гэрээ байгуулж аваагүй. Хууль зөрчиж намайг цагдан хорьсоны дараа гэр бүлийнхэн маань ямар хорих газарт байгааг минь ч мэдэхгүй сандарч байхдаа эдгээр өмгөөлөгчдийг авсан.
Мөн мөрдөн байцаах байгууллага өмгөөлөгчдөд хавтаст хэрэгтэй танилцах дөрвөн хоног гаргаж, тэр дөрвөн хоногийн хоёр нь ажлын, хоёр нь амралтын өдөр байсан. Тэгэхэд 49 хавтастай хэргийг дөрвөн хоногийн дотор уншиж чадахгүй гэж өмгөөлөгчид шууд хэлэхийн оронд бас л дагалдсан, тэр хууль зөрчиж байгаа мөрдөн байцаагчдын явуулж байгаа үйл ажиллагааг дэмжээгүй ч гэсэн дагасан маягтай байр суурь баримталсан. Энэ нь үйлчлүүлж байгаа хүний хувьд миний эрхийг бүрэн хамгаалах тал дээр сэтгэлд хүрэх хэмжээний ажиллаж чадаагүй гэж үзэж байгаа. Ийм үндэслэлээр хоёр өмгөөлөгчөөс татгалзаж байна. Гэхдээ тэдний буруу гэхээс илүү энэ хоёр өмгөөлөгчийг ийм байдалд ажиллуулсан хууль хяналтынхны буруу гэж үзэж байна. Тиймээс миний өмнө нь хамтран ажиллаж ирсэн, таслан саатуулах тэр ажлыг зогсоох асуудлыг хариуцаж хөөцөлдөж байсан өмгөөлөгч Б.Оюунбилэгийг авч байна. Үүнийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэе” хэмээн өгүүлсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр шүүх хурлыг сонгууль өнгөртөл хойшлуулж , хэргээс мултрах төлөвлөгөөтэй байгаа аж.
С.Сарнай
URL: