Монголчуудыг зодсон хятад иргэдийг хэн, ямар шугамаар оруулж ирсэн нь тодорхойгүй байна

-ХЯТАДУУДЫГ АЖИЛД ОРУУЛАХАД ЗУУЧИЛСАН ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ-

Барилга барьж байсан хятад, монгол ажилчид талцаж зодолдсон нь үндэсэрхэг залуучуудын дургүйг хүргэжээ. Facebook-т үндэсний үзэлтэй залуучууд нэгдэж хятад ажилчдыг эх орноосоо гаргахыг уриалсан групп хүртэл нээсэн байна. Энэ нь өнгөрсөн сарын 26, 27-нд хоёр өөр компанийн барилга барьж байсан хятадууд монгол иргэдийг бүлэглэн зодсоноос үүдэлтэй аж.

Бид болсон явдлыг сурвалжиллаа.

hyatad“АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ УЧРААС ЖУУЧЛАГЧДЫГ ОЛОХГҮЙ БАЙГАА”

Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт “Roel town” хотхоны барилгын барьж байсан хятад, монгол ажилчид зодолдож байна гэх дуудлага өнгөрсөн сарын 27-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очиход хоёр хятад эр, хоёр монгол залуутай зодолдож, нэгнийхээ толгойг хагалсан байжээ.

“Roel town” хотхоны барилгын талбайд өчигдөр очлоо. Ажилчдын яриагаар монгол ажилчид барилгын талбайд туслах ажил хийж байжээ. Тухайн үед хоёр туслах ажилчин нүх ухаж байтал хятад ажилчид дээрээс нь шороо унагаснаар асуудал үүссэн байна. Туслах ажилчид хятадуудад “Дээрээс шороо унагахаа боль” гэж шаардлага тавьтал барилгын талбайд ажиллаж байсан бүх хятад иргэн цуглаж монголчууд руу тоосго шидэж эхэлжээ. Цагдаагийн байгууллага БНХАУ-ын иргэн Ли Ши Чин, Ли Бао Цай нарыг энэ хэрэгт шалгаж байна. Тэд Монгол Улсын иргэн Ч.Сүх-Очирдорж, Ж.Амартайван нарыг тоосгоор зодож толгойг нь гэмтээжээ.

“Roel town” хотхоныг барьж байгаа “Time Construction” компанийн удирдлагууд асуудал үүсгэсэн хятад ажилчдыг хөөсөн гэнэ. Зодоон болохоос хоёр хоногийн өмнө 20 гаруй хятад ажилчин тус компанид ажиллахаар туршилтаар оржээ. Улмаар туршилтынхаа хугацаанд танхайрч, зодоон хийсэн байна. Хохирогчдын тухайд, Ч.Сүх-Очирдорж Орхон аймгийн Баян-Өндөр сумаас зуны улиралд нийслэлд ирж барилгын ажил хийдэг нэгэн аж. Ж.Амартайван Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд амьдардаг. Ч.Сүх-Очирдорж, Ж.Амартайван нар бригад болон ажилладаг байжээ. Тэд зодоон болсон өдөр Гэмтэл согог, судлалын төвд толгойгоо боолгоод явжээ. Харин Ли Ши Чин, Ли Бао Цай нар ах дүү нар аж. 38, 27 настай тэд эхнэргүй гэнэ. Тэд ямар компанийн захиалгаар, ямар замаар Монголд орж ирснээ хэлэхгүй байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Ганаа гэдэг өвөрмонгол залуу жуучилж барилгын компаниудад ажиллуулдаг байжээ. Ли Ши Чин, Ли Бао Цай нар Ганаа гэдэг залууг сайн танихгүй гэхээс өөрийг ярихгүй байгаа аж. Тиймээс тэднийг БНХАУ-ын аль хотоос, ямар компанийн захиалгаар Монголд ирснийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

hyatad200 БИШ ЗУРГААН ХЯТАД ИРГЭН ЗОДООН ХИЙЖЭЭ

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хойно барьж буй барилга дээр өнгөрсөн сарын 26-нд 200 хятад ажилчид бүлэглэн хоёр монгол иргэнийг зодсон талаар “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн мэдэгдсэн. Харин болсон явдлыг тодруулахад зургаан хятад ажилчин, гурван монгол иргэнийг зоджээ.

Сүхбаатар дүүргийн нутагт барьж буй барилга дээр зодоон болж байна гэх дуудлагын дагуу цагдаагийнхан очиход барилгын ажилчдаас гадна “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн цуглачихсан байжээ. “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн монгол ажилчидтай нэг тал, нөгөө талд 200 шахам хятад ажилчин нэгэн рүүгээ дайрч, давшилж байсныг цагдаа нар зохицуулсан байна.

Барилгын туслах ажилчин болох Батсүрэн ажлаа хийж байхдаа санамсаргүйгээр хятад ажилчинг шүргэчихжээ. Үүнээс үүдэж Би Бао Хен нарын зургаан хятад иргэн бүлэглэн барилгын арматур төмрөөр монгол залууг зоджээ. Тухайн үед ойр хавьд нь байсан Алтангэрэл, Түвшинжаргал нар нутаг нэгтнээ өмөөрч зодоонд оролцсон байна. Хятадууд нэг монгол залуугийн гарыг хугалж, нөгөө хоёрт нь хөнгөн гэмтэл учруулжээ. Хохирогчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.

Харин бүлэглэн танхайрсан зургаан хятад иргэн батлан даалтад гарсан гэх мэдээлэл байна. Барилгын захиалагч компанийн хувьд гэрээгээ зөрчсөн гэх шалтгаанаар дээрх иргэдтэй хамтран ажиллах боломжгүй. Хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүл гэсэн хариуг өгсөн гэнэ.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих