Эрчүүд ээ, энэ юу болж байна вэ?
Их муу мэдээгээр энэхүү бичвэрээ эхлүүлж байгаад эрхэм уншигч танаас уучлалт хүсье. Энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Өмнөговь аймгуудад 32-45 насны зургаан эрэгтэй хоолойгоо боож амиа егүүтгэсэн байна. Амиа хорлосон нь хоёр зүйлийн шалтгаантай. Эхнэрээ араар нь тавьж байгааг мэдсэнээс болсон нэг хэсэг байна. Давшгүй мэт их өр зээлэнд орсон нэг хэсэг байна. Эхнэртээ гэрээслэл үлдээж архи ууж зориг ороод ертөнцөөс явсан байхад өр шир нь өвчин шаналалаас хэцүү сэтгэлийн там болсоныг бичиж үлдээгээд явсан хэсэг байгаа юм. Мөн хариугүй зориг тэнхээ еэ. Эхнэр нь нэг эртэй нэр холбогдсон нь амиа хорлох шалтгаан болсон байна шүү дээ. Халхын хүүхнүүд хажуу тийшээ харцгаачихсан биш. Үнэхээр л нэг юмтай яасан нь үнэн бол нэвширтэл нь гөвж өгөөд хөөгөөд явуулна биздээ. Өөрөөс нь илүү сайхныг сугадаад хажуугаар нь алхадаг байгаа даа. Гудамжаар дүүрэн гуяа гялалзуулсан сайхан хүүхнүүд хөшилдөөд машинтай ч явж болохгүй аваар хийчих гээд л байна. Тэдний дотор хүний сайн хань болчих сайхан бүсгүйчүүд байж л байгаа. Ер нь тэгээд энэ муу сайн нөхөртэй хүүхнүүдийн араар тавина гэж юу байхав дээ, сайндаа нэг хоол хамтдаа идэж суугаа харагдсан биз. Монгол эмэгтэйчүүдийн дийлэнхэд нь байх нэг айхавтар чанар бол нөхрийнхөө нэр төрийг өөрийнхөөсөө илүүд үздэг явдал шүү дээ. Нөхөр нь сайн сайхан, нэртэй төртэй явбал түүн шиг сайхан жаргал эмэгтэй хүнд байдаггүй. Тэдэнд байдаг ганцхан муу араншин бол адайр зан. Нөхөртөө эрхэлж тунидаг. Гарч гүйдэг, гадуур хонохоосоо ч сийхгүй. Зарим нь бүр тэнэгтээд өөр залуутай явж байгаа болж харагдаж жүжиглэдэг. Үүнд нь өнөө нөхрүүд нь өдөөгдөөд балардаг байхгүй юу.
Өр зээлийн тухайд бол өргүй монгол хүн байхгүй. Наад зах нь цалингийн зээлтэй байгаа. Ер нь тэгээд юм хийе, бүтээе гэж зориглосон, зүтгэсэн хөдөлмөрч хүмүүс л зээл тавьдаг. Тэдний дийлэнх нь алддаг. Алдаан дээрээ босдог. Аймхай хулчгарууд өр зээлээс айдаг. Өдөр өнгөрөөх төдийд авдаг цалингийнхаа хооронд амьдардаг. Нэг газар нярав хийж байсан бол түүгээрээ л дуусдаг. Энэ бол их гунигтай амьдрал. “Өр тавь, зээл тавь, түүнийхээ ард гарах гэж зүтгэ. Хөдөлмөрлө. Ард нь гарч чадвал та эр хүн. Ард нь гарсаны дараа эргээд харахад аймаар том ажлын ард гарсан, хийсэн бүтээсэн байна” гэж томоохон биенесменүүд ярьдаг юм.
Амиа хорлогсодын насны байдал харин ийм байна. Нэг хэсэг дунд сургуулийн хүүхдүүд “Дурлал мандтугай” гээд байшин дээрээс олноор үсэрч байлаа. Одоо тэд зүгээр болж харин идэрхэн насны эрс энэхүү эмгэнэлт хувь заяаны эзэд болцгоох боллоо. Арван жилийн хүүхдүүдийн оюун санаа өөрчлөгдөж байна. Мэдээлэлд илүү ойр байна, тэд. Охид, хөвгүүд нэгэндээ хаягдаж сүйд боллоо гэхэд аягүй хөөрхөн охин, эсвэл банди “Танилцья” гээд Facebook-т нь ороод ирэхэд сэтгэл нь сэргээд явчихаж байна. “Ямар царайлаг охин бэ, залуу вэ” гэж дуу алдаад мессеждэж эхэлдэг.
Харин нас биед хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд, эх хүн үрээ орхиод явж чаддаггүй болохоор эдний зүгээс муу юм дуулдах нь эрс багаслаа. Ингэхээр идэр насны монгол эрчүүд л гунигтай байна. Амралтын өдөр бүхэн 4-5 хүн амиа хорлодог болоод удлаа, Монголд. Хэтрүүлж байна гэвэл цагдаагийн газрын албан мэдээллийг хараарай. Ачааны хүндийг идэр насныхан авч яваа нь үнэн. Харин хугарч нугарч болохгүй. Өөр улс оронд амиа хорлолт идэр насныхны дунд байх нь байна. Япон, энэ тэр улсыг харж байхад ажлаасаа халагдлаа, ажилгүй боллоо гээд амиа хорлочихсон байдаг юм. Бүсгүй хүнээс болсон нь харин үгүй шүү.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын хоёр өдөрт амиа хорлосон зургаан эрийн гурав нь эхнэрээсээ… Түүний өмнөх долоо хоногт амиа егүүтгэсэн долоон эрийн дөрөв нь мөн эхнэрээсээ болж… гэсэн эмгэнэлт мэдээллийг цагдаагийн газраас авсан даруйд ийнхүү хэрдхийн бичиж байна. Түүнээс өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн хэдэд нь, хэдэн хүн амиа хорлосон, юунаас болсоныг цааш мэдэхээс үнэндээ жийрхэлээ. Монгол эр хүний мөн чанар бол ажил амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж удалгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлж чаддагт байдаг биз дээ.
Л.ХАШЧУЛУУН
URL: