Намын жагсаалтаар нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

2012 оны УИХ-ын сонгуульд намуудаас 28-ын жагсаалтаар нэр дэвшигчид өчигдөр сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэхээ гардан авлаа.

Эдгээрийн эхэнд Ардчилсан намын жагсаалтын 28 нэр дэвшигч үнэмлэхээ гардсан юм. Тус намын дарга Н.Алтанхуяг болон жагсаалтад орсон гишүүдийн олонхи нь тойрогт нэр дэвшигчдийнхээ сурталчилгааны нээлтэд оролцохоор орон нутгийг зорьжээ. Тиймээс тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй арав гаруй нэр дэвшигч төлөөлөн ирсэн байв.

Үйл ажиллагааг нээж СЕХ-ны дарга Н.Лувсанжав нэр дэвшигчдэд үнэмлэх олгох тухай захирамжийг уншиж танилцуулан, хүрэлцэн ирсэн гишүүдэд үнэмлэхийг нь гардуулсан юм. Харин үнэмлэхээ гардаж чадаагүй нэр дэвшигчдийн хувьд үнэмлэхийг нь намын ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн билээ.

Энэ үеэр туе намын дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “2012 оны УИХ-ын сонгууль АН төдийгүй ард түмэнд түүхэн ач холбогдолтой” гэдгийг онцолж байв. Түүнчлэн орон даяар, хоёр жилийн турш хэлэлцүүлсэн “Монгол хүн-2020″ хэлэлцүүлгийн дүнд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан тул иргэдээ хүн шиг амьдрах, улсаа улс шиг хөгжих ирээдүйг цогцлоож чадна гэдэгтээ итгэл төгс байгаагаа илэрхийлж байсан юм. Ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт сонгуульд ялалт байгуулах зорилт тавьж буй гэдгээ ч хэлж байлаа. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигчид үнэмлэхээ авсны дараа Монголын Ногоон намын 16, Иргэний зориг-Ногоон намын 24. БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвслийн 26, Иргэний хөдөлгөөний намын 18, Эх орончдын нэгдсэн намын нэг нэр дэвшигч тус тус нэр дэвших эрхийн үнэмлэхээ авсан юм. Харин өнөөдөр МАН-ын жагсаалтын 28 гишүүн үнэмлэхээ авах ажээ.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих