39 оронд амьдарч буй 2500 монгол иргэн саналаа өгнө

Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчууд энэ жил анх удаа сонгуульд оролцох эрхтэй болж байгаа. Өнгөрсөн баасан гаригийн /VI.01/ тооллогоор 39 оронд амьдарч буй 2500 орчим Монголын иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Гадаадад байгаа монголчуудын бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 30-нд дууссан бөгөөд нийт 2500 гаруй иргэн энэ удаагийн УИХ-д нэр дэвшин оролцож буй намуудад санал өгөх боломжтой болжээ. Гэхдээ 2500 гаруй иргэн гэдэг тоо эцсийн байдлаар зарласан дүн биш юм.

Сануулахад, гадаадад амьдарч буй монголчуудаас санал авах ажлыг тухайн оронд суугаа Монголын Дипломат төлөөлөгчдийн газар зохион байгуулж, дипломат төлөөлөгчдийн газрын 172 хүн сонгуулийг зохион байгуулах юм. Гадаадаас яг хэдэн хүн санал өгөхөөр бүртгүүлсэн эцсийн тоо гарсны дараа ирэх сарын 6-нд саналын хуудсыг дугтуйнд битүүмжлэн тухайн орон руу явуулах аж. Ингээд зургадугаар сарын 10-нд гадаадад байгаа сонгогчдын саналыг авч, хайрцганд битүүмжлэн СЕХ-нд ирүүлэх учиртай. Харин саналын хуудсыг  УИХ, НИТХ-ын сонгуулийн саналтай хамт тоолох юм.

Ш.Чимэг

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих