Хагархай цонх шиг Эх орон минь
Д.Эрдэнэбатын олон нийтэд хандаж хэлсэн илтгэл, лекцнээс нэгэн чухал сэдвийг сугалж аваад ийм нэртэй эмхтгэл гаргажээ.
Хөдөө яагаад эзгүйрээд байна, сумыг хойшид хэрхэх вэ, ер нь засаг захиргааны энэ олон нэгж хэзээ үүссэн ямар зорилготой байв гэдгийг тэрээр өөрөө явж үзээд хэлж байгаа болохоор амьдралд их ойрхон бууна.
Монголын эзэнт гүрэн дэлхийн бөмбөрцөгийг буцааж өгөөд хонины бэлчээртэйгээ үлдсэн дундад зуунд Манж үндэстэн хажууд босч ирсэн. Монголчууд мянга мянган жилийн түүхэндээ хамгийн бага нутаг дэвсгэр дээр аж төрөх боллоо. Гэхдээ л Алтайгаас Хянган, Байгалиас Цагаан хэрэм хүртэл шүү. Манжууд Монголыг Ар, Өвөр хэмээн хувааж улмаар Гадаад Монголыг дотор нь хан хаан бүхий, цэрэг цуухтай дөрвөн аймагт жиргэж хооронд нь дайсагнуулсан. Аймаг нь дотроо цадиггүй авирлах эрхтэй хошуу, сумдуудаас бүрэлдэнэ. Аймаг хошууны эзэд Чингэс хааны хамаатнууд тул нэгэндээ үл захирагдан томорцгооно. Манжчин улс чухам ийм байлгахыг хүссэн. Ган зуд болбол улс гүрнээрээ нүүгээд оддог Монгол ноёд суурин газрынхан шиг эдлэн маягийн газартай болцгоосон нь анхандаа сонин байсан биз. Гэхдээ тэр эдлэн газар нь өмнө цөлөөс умар хөвч хүртэл мянган бээр үргэлжилнэ. Захиргааны энэ хил зааг Богд хаант Монголд өвлөгдөн улмаар ардын засагт шилжиж 1931 он хүртэл төдийлөн хөндөгдөөгүй.
Зөвлөлтийн бүрэн эрхшээлд орж коммунист тулгалтанд эхлээд Чингэсийн алтан ургийнхан, ноёд, лам нар өртөж хөнөөлгөв. Дараа нь нийт ард түмнээс өмчийг нь салгав. Хүн амын тоо нэмэгдээгүй сорчлогдон цаазлуулсан монголчуудыг 1931 оноос дөрөв биш 13 аймагт хувааж, хошууг татан буулган сум баг гэгчийг байгууллаа. Энэ ажиллагааг орос зөвлөх, МАХН хоёр гардаж, жалга дош болгонд хянаж цагдаж байх үүрэгтэй намын дарга нар томилогдон очив. Тэр жилээс хойш нүүдэлчид шувуу атлаа тахиа лугаа нисч чадахаа больсон юм. Хүний амьдралын гурван үе улирахад удам угсаагаа мартаж хажуу сумаа ч ад үзэн ганц голыг өгсөж уруудан аж төрөөд хэвшчихэж. Энэ бол орчин цагийн сумын эмгэнэл. Дээрээс бүр алс Москвагаас шидсэн чулуунд Монгол бут үсэрч 330 хэсэг болон хуваагджээ. 330 суманд малчид нутгаа булаалдан сүүлийн жилүүдэд 200 зодоон болсон баримт байна. Уг зодооноор 23 хүн эндсэн мэдээ ч бий. “Уяхан-Замба тив, энэхэн дэлхий…” хэмээн , дуулдаг ард түмэн. Бид тийм том хүрээнд сэтгэж уртын урт дуу уянглуулж явсан гүрэн ийм өчүүхэн болчих гэж.
Намын дарга сумын дарга болно. Сумын дарга 600 айлыг хянана. Суман дээр малын түүхий эдийг бөөгнүүлж төв рүү зөөнө. Сум бол ердөө л энэ. Өөр улс орны тосгон балгад амьдралаас урган гарсан бол манай сумын төв тийм биш. Орон нутгийнхан хоорондоо худ ураг болоод дуусч байв. Гэр бүл бологсдын 84 хувь нь сум биш зөвхөн баг дотроо хүргэн бэр буулгасан байна. Улмаар зарим нутагт түрүүчээсээ цус ойртож садан төрлүүд хоорондоо сууцгааж эхэллээ. Тэгж байтал ашгүй Монголд Ардчилсан хувьсгал үүсч Үндсэн хуулиндаа хаа дуртай газраа амьдрах эрхийг тусгаж өгсөн. Хүмүүс хөмөрсөн тогооноос гарцгаан буцаж очихоо байлаа. Өнгөрсөн жил 45 мянган хүн хот руу шилжив. Хөдөөний хүн ам цөөрч тэнд хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй боллоо. Жилдээ хоёрхон хүүхэд мэндэлж буй тосгоны төвд шинээр эмнэлэг барьдаг үрэлгэн алхамыг төрийн захиргаа, түүний түшээд л хийж чадна.
Мал сүрэг, малчин, сум нэгдэл дээр өмчлөлийн бүх хэлбэрийг туршиж үзлээ. Айл тус бүр мянган малтай явцгаах нь урьдынхыг бодвол сайхан л байна. Гэлээ ч санаанд хүрсэнгүй. Дахиад нэгдэл байгуулж болохгүй. Нийтийн хашаанд нэгдэлгүйгээр холбоотон болцгоох хувилбар зах зээлд зохимжтой. Өмчийн эзэд цугларч хуралдана. Сум компани хэлбэрээр зохион байгуулалтанд орно. “Худалдаа наймаа мянга биш 150 мянган малаас гарах ашиг шим дээр хийгдэх болохоор том дуугарцгаана. Хувь нийлүүлэгчдээсээ хямдхан аваад цааш нугалдаг бас нэг ченж гаргахгүйн тулд хараат бус хяналтыг байгуулна. Малчид, хувь нийлүүлэгчид төрөөс шаардаад байгаа хөрөнгийн бүртгэлийг үнэн гаргах, малаа эрүүл байлгах, даатгалд хамрагдах, бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээгээ биелүүлэх үүрэг хүлээнэ. Гэр орныхоо болон сумынхаа өмнө хариуцлагатай амьдарна. Зах зээлийн ханшаар ноолуурыг чинь авна. Гэхдээ дундын санд тодорхой хувийг суутгаж хуримтлал үүсгээд талхны цех барьцгаая гэчихээд дараа нь ганцаарчилсан тоглолт хийхгүй. Хэрэв цаашид санаа нийлэхгүй нэг хэсэг нь бүлэглэж дээрэлхээд байвал гэрээгээ цуцлах, хуулийн байгууллагад хандах, өөр нөхдийг хайх боломжийг төр хангаж өгнө. “Сум” компанийн гүйцэтгэх захирлаар мөнгө, төсвийг дур мэдэн үзэл суртал, найр наадамд цацдаггүй хамгийн сайн хүнийг олж тавина. Худалдаа арилжааг сумд хооронд, Улаанбаатар чигтэй биш ойролцоох гадаад зах зээл дээр өрнүүлэхийг төрөөс хөхиүлнэ. Дэд бүтэц байгуулахдаа тултал том тоглолт хийхийн тулд ганц нэгээрээ бол маш их тэлчлэх хэрэг гарна. Харин олуулаа бүр сумаараа хөдөлж чадвал Лондонгийн бирж дээр очих тийм хэцүү биш. Хувийн өмчөөр баталгаажуулж төрөөр түшүүлсэн аж ахуйг хугацаатай, явуулын удирдлага залж чадахгүй. Энэ бол мөрөөдөл биш зайлшгүй явах зам бөлгөө. Компани болчихсон сумын нутаг дэвсгэр дээрх засаглал, төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль, хэсгийн төлөөлөгч, тэтгэвэр халамж , мөн бөхчүүд, малын хулгайч, согтуу гаруудын чиг хандлага өөрчлөгдөж зах зээлийн хуулин дор зам мөрөө хөөцгөөнө. Шаардлагатай бол томроно, өргөжинө, татан буугдана, устана, хэвээрээ ч байж магадгүй.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол хүн 2020″ хөтөлбөрийн хүрээнд эх орныхоо бараг бүх сум аймгаар орж маш олон хүнтэй уулзаж санал бодлыг нь сонссон байна. Ирээдүйд орон нутаг нэг иймэрхүү л болохоос өөр гарц үгүй гэсэн дүр зураг гаргаснаа уг эмхтгэлд хураангуйлжээ. Маш сонирхолтой сэдэв.
Ж.ГАНГАА
URL: