Бурхны оронд заларсан анд минь

МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Сүхдорж

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргал Франц улсад ажиллаж байгаад зуурдаар нас барлаа гэх гашуун хар мэдээг мэдээллийн цахим хуудаснаас олж хараад дотор палхийгээд явчихлаа. Тэгээд итгэж ядан шууд л эхнэр Тунгаа /анхны эхнэр Тунгалаг/ руу нь утасдвал “За нэг ийм л аюул болчихлоо. Хүү нь авахаар Франц нисчихсэн. Чи ер нь наашилна байгаа” гэж байна. Уран бүтээлийн урт замд удаан жил хамт явсан анд минь тэнгэрт одсон нь үнэн байж. Бид хоёр оюутан ахуйдаа танилцсан юм сан. МЗЭ-ийн хороон дээр залуу зохиолчдыг хүлээн авч уран бүтээлд нь зөвлөгөө өгдөг байсан даа. Нэг удаагийн ийм цугларалтан дээр хориод залуус ирж шүлэг юмаа уншлаа. Тэгэхэд нэг өндөр бор хүү сүүлдэсхийж орж ирээд миний хажууд суун олон хүнтэй мэндэлж толгой дохиж байна. П.Бадарч найрагч тэндээс “Түмээ яасан оройтож морилж байна” гэж байна. Олны танил болсон “их эр” санж. Тэгэхэд Түмээ:

“Аав ээжээс нуугдаад
Авдрын араар ороод
Боллоо гэж хашгирч
Болдоггүй юм байх даа
Томчууд яагаад
Нуугдаж тоглодоггүй юм бэ?…”

гэх шиг

“Хөр цасан дээгүүр
Хөл нүцгэн гүйгээд
Хөөрхий бяцхан шувуухай
Болжморт гутал хийж өгч
Болдоггүй л юм байх даа”

гэх шиг

“Нэг хөөрхөн эх оронч жаал хүү
Дайралдсан сахалтай эр бүхнийг
Дайсны тагнуул гэж бодоод…
Дагаж мөрдлөө”

ч гэх шиг ер нь их л өвөрмөц сонин сэтгэлгээ, хэллэгтэй хүүхдийн хэдэн сайхан шүлэг уншсан нь олны анхаарлыг ихэд татан магтаал сайшаал хүртэв. Би ч алмайрч билээ. Миний уншсан ганц нэг шүлэг нэг ч их гологдсонгүй. Бодвол Түмээд тоогдсон юм байлгүй. “Хоёулаа танилцана аа хө. Багш Түмэнжаргал” гээд гараа өглөө. Ингэж бид анх танилцсан тэр мөчөөс хойш мөн ч олон жил найргийн өргөөний хоймор, найрын ширээний ард зэрэгцэн сууж уран бүтээлийн урт болоод бартаатай замаар зэрэгцэн алхаж дээ. Би сургуулиа төгсөөд, 10-аад жил Ховдод, хөдөө ажиллалаа. Энэ хооронд хааяа нэг хот орж ирэхээрээ Түмээтэйгээ уулзаж, шүлэг ном хэлэлцэн, хэдэн хоног сүжрэлдэж байгаад буцах. Намайг олон ч сайхан хүмүүстэй танилцуулж, уран бүтээлийн минь онгод, хийморийг бадраасан даа.
1983 онд намайг Сэлэнгэд шилжиж ирээд байтал Түмээ утасдаж “Чиний анхны чинь түүвэр хэвлэлтэнд орчихлоо, удахгүй гарна. Бушуу ир” гэжбайна. Би ч бөөн баяр, яаран цохиж ирвэл Түмээ маань надад газарчлан Хэвлэх үйлдвэрээр дагуулан орж хэвлэгдэж байгаа анхны номын минь барааг харууллаа. Би ямар их баярласан гээч. Ингээд хоёул шагналын мөнгөө ч авч, Ш.Цогт найрагч, Барын Цэдэв, Ж.Зана ах, Ж.Барамсай, Алтанхуяг орчуулагч, Ойдов зураач гээд их л дотноснодог хэдэн нөхөдтэйгөө шинэ номынхоо мялаалгыг нижгэрхэн тэмдэглэсэн дээ. Тэгэхэд Түмээ маань “Би Сэлэнгэ очмоор байна. Сэлэнгэ хэр вэ?” гэж байна. “Сэлэнгэ сайхан шүү дээ” гэлээ. Нээрээ ч удалгүй Түмээ маань Сэлэнгэ аймгийн Ерөөгийн тусгай ТМС-ийн багшаар томилогдож ирээд удалгүй
захирал болоод дэвшлээ. Түмээ Ерөөгөөс хааяа хааяа аймгийн төвд орж ирэх. Тэгээд манайд буух. Түмээгийн сургаар Сэлэнгийн хэдэн зохиолч манайд цугларч, уран бүтээлийн яриа хөөрөө болох. Түмээ өөрийнхөө бүтээлээс илүү бусдын уран бүтээлийн талаар их ярина. Тэгэхэд Түмээ “Рембрандтын бийр” гэж нэг шүлэг уншсаныг сайн санаж байна. Рембрандтын бийр будаг шунханд биш, сүүдэрт ч биш сэтгэлд дүрээстэй байна. Гэрэлд    дүрээстэй байна.

Гэрлээр, сэтгэлээр зурдаг байж сохор Тоовий-д хараа оруулах ид бэдэрч, Саскыгаа “Даная” хувилган мөнхлөх шид бэдэрч зурсан гэсэн санаатай тэгээд

“Энэ бийр
Гэрэлд дүрээстэй байна.
Рембрандтын
Цээжинд дүрээстэй байна.
Энэ бийр биш
Зүрх байж”
гэж төгсдөг.

Түүнийг сонсоод би Түмээг уншсан мэдсэнээрээ ч, уран бүтээлээрээ ч биднээс хол тасарсан хүн байна даа гэж бодож билээ. Түмээ Сэлэнгийн зохиолчдын уран бүтээлд их нөлөөлсөн дөө. Сэлэнгэд ирээд олон сайхан уран бүтээл хийсэн дээ. “Сэлэнгэ” гэж нэг шүлэг бий.

“Их голын хөвөөн дээр би
Их юм бодном
Мэлтэлзэнхэн хөх ус минь
Миний сэтгэлийг хөвүүлж одном
Ай Сэлэнгэ минь
Ажралгүйхэн яваарай даа
Энэ ертөнцийн гол ус бүхэнтэй
Эрхлэн тоглож мяралзаарай
Тигр, Ефрат мөрөн гэж сонссон
Тийм сайхан нэртэй ус байх гэж…”

тэнд би очиж чадахгүй ч гэсэн Сэлэнгийнхээ усанд унагасан шүлгийг минь мэлтэлзсэн хөх ус нь уншсаар холхи алсад одож, тэр их мөрөн голтой нийлнэ. Тэнд миний шүлэг хүрнэ гэсэн санаатай шүлэг сэн. Үүнээс хамгийн алдартай нь “Ус мөрөн олон чиг” гэдэг алдартай дуу бий. Сэлэнгэд миний найз уран бүтээлийн олз, хийморьтой явж, олон сайхан бүтээл хийсэн дээ, хөөрхий. Хотоос Ж.Барамсай, хөгжмийн Л.Галмандах гээд зохиолчид их ирж амарна. Бид ч очно. Тэднийх ТМС-ийн багш нарын сууцанд зориулан барьсан галладаг жижигхэн цагаан байшинд байх. Зай муутай. Ганц ор, бичгийн ширээтэй. Ширээн дээрх бичгийн хөөрхөн саарал машинд бичиж байгаад дутуу орхисон шинэ бүтээлийн эх хавчуулаастай байх нь их л эрхэмсэг гоё харагддаг сан. Би тэр үед яаж ийм нэг бичгийн машинтай болдог юм билээ гэж хорхойсон боддог байлаа. Түүний хажууд цэвэрхэн цагаан цаасан дээр долоо хоногт унших судлах, бүтээх туурвих ажлаа өдөр өдрөөр төлөвлөөд биччихсэн. Биелснийг нь зөвлөж биелээгүйг нь тэглээд, дараа төлөвлөгөөндөө оруулсан байдаг сан. Ингэж өөрийгөө шахаж шаардаж ажилладаг байсан нь надад дуурайл болдог байлаа. Дүүрэн, Дөлгөөн хоёр жаахан. “Манай хүүхдийн нэрийг Т.Галсан багш өгсөн юм шүү дээ” гэж бахархана. Эхнэр Тунгаа /Тунгалаг/ гэж гэр дүүрэн инээмсэглэсэн, том алаг нүдтэй, царайлаг бор бүсгүй байдаг байв. Энэ бүсгүйн гараас их ч олон зохиолч цай идээний дээжийг амссан даа…

1990 оны 04-р сарын 22-нд бидний хэдэн залуу зохиолч МЗЭ-ийн хаалгаар түрж ороход Ж.Зана, Түмээ хоёр маань хошуучилж МЗЭ-д нэг өдөр элссэн юм. Түмээ их гоё бичдэг тул тэр өдөр Зохиолчдын эвлэлд элссэн бидний батлахыг бичиж билээ. Миний Зохиолчдын эвлэлийн гишүүний 284 тоот батлах дээр найзын минь гарын хэв дурайж байна. Миний найз цагаасаа даанч эрт явчихлаа даа. Магадгүй тэнгэрийн оронд түүний маань хийх ажил их байгаа юм болов уу даа.

2012 он. Сүхбаатар хот

Эх сурвалж: “Утга зохиол урлаг”


URL:

Сэтгэгдэл бичих