Ч.Амарболдын ах Ч.Энхболд: Монголын шүүгчид дарамтлагчид болчихож…

Цагдаагийн экс дарга нар холбогдох шүүх хурал хоёр хоногийн өмнө зургаа дахь удаагаа хойшилж зургаадугаар сарын зургааны өдөр болохоор болсон. Харин хоёр хоногийн өмнө болсон шүүх хурлыг хийх гэж Шастины нэрэмжит III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ч.Амарболд генерал, хурандаа О.Зоригт, I эмнэлэгт эмчлүүлж байсан Ш.Батсүх нарыг албадан цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан билээ. Албадан хэмээн хэлж буй учир нь Ч.Амарболд генерал элэгний хавдартай бөгөөд нэг хоногийн өмнө судсыг нь боох хагалгаанд орж, О.Зоригт хурандаа зүрхний титэм судасны хагалгаанд орж хавиргаа хадуулсан, Ш.Батсүх хурандаагийн хувьд сахарын хэмжээ хэрээс хэтэрч 30 хувьд хүрсэн зэрэг шүүх хуралд оролцох ямар ч боломжгүй байсан ч шүүх хурал хийнэ хэмээн албадан авчирсан ч шүүх хурал хойшилсон билээ.

Тэр үеэр генерал, хурандаа нарыг хэвтэж байсан эмнэлэг рүү нь буцаах боломжгүй хэмээн цагдан хорих 461 дүгээр ангийн захирагч хэлжээ. Тиймээс генерал хурандаа нарын ар гэрийнхэн ШШГЕГ болон Сүхбаатар дүүргийн шүүхэд эмчлүүлж байсан эмнэлэгт нь хэвтүүлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ талаар цагдаагийн ар гэрийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Тус хуралд генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболд, эхнэр Ш.Нарангэрэл, О.Зоригт хурандаагийн эгч О.Пүрэвжамаа, ах О.Оюунцэрэн, хурандаа Г.Ганбаатарын эгч Г.Баярмагнай, хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг болон Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Н.Алтангэрэл нар ирсэн. Ш.Батсүх хурандаагийн хувьд сахарын хэмжээ 30 хувьд хүрч байнгын эмчийн хяналтанд байсан.

О.Зоригт хурандаагийн хувьд зүрхний титэм судасны хагалгаанд орж хавиргаа хадуулсан чанга ярьж чадахгүй, сахарын хэмжээ их байгаагаас үүдэн хоёр хөл нь мэдээ алдсан. Түүнийг 461 дүгээр анги руу авч явахад зүрх нь хаагдах дөхсөн бөгөөд авч явсан машин цагт 20км цагийн хурдтай явж III эмнэлгээс 461дүгээр анги хүртэл гурван цаг гаруй явсан гэнэ. Харин Ч.Амарболд генерал хагалгаанд ороод нэг хоносон оёо нь аниагүй байсан бөгөөд 461 дүгээр анги руу авч явахад шүүс нь гарч, хурдтай явах боломжгүй байсан бөгөөд мөн гурван цаг орчим цаг явж байж очсон хэмээн хэллээ. Харин хурандаа Г.Ганбаатарын хувьд нөгөө гурвыгаа бодвол биеийн байдал харьцангуй гайгүй байгаа боловч гурван сартай охиноо нэг ч удаа харж чадаагүй байгаа гэх.

Энэ үеэр генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболдоос цөөн асуултанд хариулт авсан юм.

-Шүүх хурал хойшилсон боловч генералыг III эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй гэсэн. Энэ талаар Цагдан хорих 461 дүгээр ангийн даргаас асуусан уу?
-Шүүх хурал хойшилсны дараа клиник эмнэлэг рүү авч явмаар байна. Дараагийн шүүх хурал болтол нь тэнхрүүлээд эхэлье гэхэд Цагдан хорихын дарга Ганхүү “Бидний мэдэх асуудал биш. Биднийг шүүхээс дарамтлаад байна.” гэсэн. Хэн, хаанаас дарамталж байгааг асуухад Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, н.Соёмбо-Эрдэнэ нийслэлийн Шүүхийн дарга н.Сарантуяа нар утасдаад байна гэж хэлсэн. Мөн III эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Төмөр-Очир руу залгаж дарамталсан гэж байна лээ. Гэхдээ энд хүний амь нас яригдаж байна. Цагдан хорих ангийн эмнэлгээс клиник эмнэлэг рүү шилжүүлж өгөхийг л хүсч байна.

-Хэрвээ хүсэлтийг чинь хүлээж авахгүй бол яахав?
-Хандах ёстой бүх газруудад нь хандана. ЭМЯ, ХЗДХЯ гээд бүгдэд нь бичиг хүргүүлж, хүрэх ёстой бүх газарт нь хүргэнэ. Хуулиндаа биеийн байдал нь муу байгаа тохиолдолд хэргийг түдгэлзүүлнэ гэсэн заалттай. Тэр ч бүү хэл батлан даалтанд гаргах бүрэн боломжтой. Өнөөдөр шүүгдэж байгаа энэ хүмүүсийг батлан даалтанд гаргахад бүрэн дааж авах ар гэрийнхэн нь байсаар байтал яагаад татгалзаад байгааг ойлгохгүй байна.

-Өчигдрөөс хойш холбоо барьсан уу. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Биеийн байдал нь угаасаа тааруу байгаа. Хоёр хөлийнх нь судас нь хаагдчихсан. Тариа хийлээ гэхэд хөл рүү нь явахгүй байна гэж эмч хэлсэн. Өчигдрөөс хойш холбоо барьж чадаагүй. Одоо биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй байна.

Г.Тогос

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих