Э.Бат-Үүл: Улс төрийн зорилгоор намайг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан байсан

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг авав.

-Таныг НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шахлаа шүү?

-Харин тэглээ. Сонгуулийн хороо хууль зөрчсөн алдаагаа засаад намайг бүртгэлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд улс төрийн албан тушаалтнаас бусад нь сонгуульд нэр дэвших бол ажлаа өгнө гээд заачихсан байгаа. Үүнийгээ л дагах ёстой байхгүй юу. Гэтэл үүнийгээ хараагүй байж зөвхөн нийслэлийн сонгуулийн тухай хуулийн эртний ганц заалтыг харчихаад намайг хавчаад, бүртгэхгүй энэ тэр гэлээ.

-УИХ-ын гишүүн нийслэлийн сонгуульд нэр дэвших эрхгүй юм байна гэсэн ойлголт хүмүүст төрсөн байх…

-Тийм. Парламентын, гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй байж болдог. Гэтэл би НИТХ-ын сонгуульд нэр дэвшье гэхээр эрхгүй болчихдот юм байна. Ийм хачин ойлголтыг хүмүүст төрүүлэх зүйл хийсэн дээ. Тэгээд яахав манай намынхан намайг бүртгэхгүй бол бид батламжаа авахгүй гэсэн юм билээ. УИХ-ын даргаас би чөлөө хүссэн. Гэвч хуулиараа чадад чөлөө өгөх боломжгүй. Тэгээд ч УИХ-ын чуулган одоогоор түр завсарлачихсан байгаа шүү дээ.

-Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс МАН-ын угшилтай учраас намынхаа гол өрсөлдөгчийг сонгуульд оруулахгүй гэсэн хаалт тавьж байна гэх хардлага ч байсан…

-Уг нь сонгуулийг зохион байгуулах хороонд намын харьяалалгүй, төрийн албан хаагчид байх ёстой. Тэгсэн нийслэлийн сонгуулийн хорооны дарга нь нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг ярихаар хуралдахдаа “Алив цөөнх гарч бай” гэж хэлсэн гэнэ лээ. Нөгөө улс төрийн намаасаа түдгэлзчихсэн төрийн албан хаагч гэдгээ мартчихсан байгаа байхгүй юу. МАН-аас өөр намын угшилтай байсан төрийн албан хаагчдыг хэлж байгаа нь тэр. Тэгэхээр нийслэлийн сонгуулийн хороо улс төрийн зорилгоор намайг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан байгаа юм. Одоо ийм байдал гаргаж байгаа юм чинь ирэх сонгууль шударга болох уу. Би хувьдаа эргэлзэж байна.

-МАН-ын нэр дэвшигчид дотор ч хууль зөрчсөн хүмүүс бий гэлүү?

-Хууль зөрчсөн хоёр, гурван нэр дэвшигч байгаа гэсэн. Гэтэл тэднийг шууд бүртгэсэн гэнэ лээ.

Я.Мөнгөн


URL:

Сэтгэгдэл бичих