Байгаль орчны сайдтаан “Чукча не дурак”
Байгаль орчны сайд Д.Цогтбаатар, Ойн газрын дарга М.Тунгалаг нар Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт асч буй ойн түймэрийн голомт дээр “ажиллаад” ирсэн гэнэ. Ажиллаад гэдэг үгийг хаалтанд хэрэглэсний учир нь эрхэм сайд, Ойн газрын дарга хоёр хүрз жоотуу бариад улаан гал унтрааж яваагүй нь лавтай.
Харин нөхцөл байдал ямар байгааг нүдээрээ харах гэж, авч явсан сэтгүүлчдээрээ тэнд очсоноо нотлуулах гэж явсан юм. Бас болоогүй “Зөвхөн Булганы нутагт гэхэд дөрвөн сараас хойш 15 мянган га талбай шатсан байна гээд бод доо” хэмээн хөмсөг атируулан нулимс дуслуулан ярьж байна. Би ойлгосонгүй. Монголын ой шатаж байхад Ойн газрын дарга, Байгаль орчны сайд хоёр нь “та нар бод доо” гээд уйлж байх юм.
Харин бодох ёстой хүмүүс нь өөрдсөө биш юм уу. Иргэд очоод гал тавиад байна гэнэ. Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ… Байгаль хамгаалагчид биш юм уу? Ой хуурайшиж байна гэнэ. Хуурайшуулахгүй байх арга хэмжээг “Ойн газар” авах ёстой биш юм уу. Түймэр гаргахгүй байх тал дээр жинхэнэ “бодох” ёстой хоёр нөхөр шатаад дуусч байхад нь гүйж очоод “хар даа”, “бод доо” гэж уйлаад “хэд хэдэн хууль батлагдаагүйгээс”, төсөв мөнгө бага байгаагаас, иргэдийн ухамсар дор байгаагаас түймэр гараад байна “хар даа” гэх юм.
“Ойн нөөцөөрөө дэлхийд 39-д ордог. Нэг хүнд оногдох ойн нөөцийн хувьд манайх дэлхийд Канадын дараа хоёрт ордог. Ийм том нөөцтэй орон шүү дээ. Энэ тооноос ямар үнэтэй баялаг эзэмшсэн ард түмэн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр Төрийн зүгээс онцгой анхаарал тавих байх гэж найдаж байна” хэмээн Ойн газрын дарга, хатагтай М.Тунгалаг хэлж байна. Төрийн зүгээс ойд онцгой анхаар гэж бүхэл бүтэн агентлаг байгуулж өгөө биз дээ, танд. Таны хэлээд байгаа үнэтэй баялгыг төрөөс хамгаал гэж таныг томилсон юм биш үү.
Байгаль орчны сайдтан “Тэгэхээр бид хур тунадас оруулах тал дээрээ нэлээн ажил¬лана” хэмээжээ. Яагаад өмнө нь “нэлээн ажиллаагүй” юм бэ гэж сайдаас асуумаар байна. Түймрийг тэнгэрт даатгах биш өөрсдийн хүч бололцоог гаргаж салбар салбартаа эзэн нь байж арга хэмжээ авсан бол хохиролын хэмжээг багасгаж болох биш үү. Гэтэл шатаж дууссан хойно нь нисдэг тэргээр очоод “матрын нулимс” унагаж суухын ашиг тус нь юундаа байгаа юм бол. Шулуухандаа бол ажил хийж харагдах л гэж тэр шүү дээ. Эрхэм Байгаль орчны сайдтаан “ Чукча не дурак”.
WORD.MN Б.Инжир
URL: