Ард түмнийг айлгах болсон Авлигатай тэмцэх газар улам томров

Тийм ээ, ажиллах хүчин, орон тоог нь нэмэгдүүлэх тогтоолын төслийг өнгөрсөн пүрэв гарагийн  УИХ-ын чуулганы нэгдсэн худалдаанаар 44 гишүүний саналаар баталлаа. Ам бүл 80 гаруй орон тоотой ажиллаж байсан Авлигатай тэмцэх газар гурван давхар барилгадаа өргөтгөл хийлгэхээр өнгөрсөн оны улсын төсвөөс ихээхэн хөрөнгө гаргуулсан байх юм билээ. Ирэх долдугаар сард буюу сонгуулийн дүнтэй уралдан дуусгахаар төлөвлөсөн тэрхүү засварын ажлын үрээр өнгөө өөрчлөх тансаг өрөөнүүд дунд 16 хүртэл үйлчилгээний ажилтан хөлхөж, хөл гарын алчуур зэхэж, цай кофе зөөх юм. Энэ үйлчлэгч нэртэй үндсэн бус ажилтан гэх гадуурхсан үгэнд хамаатахгүй, жинхэнэ авлигатай тэмцэх алба тушаал 65-аар өсч байгаа юм. Тодруулбал, одоо Авлигатай тэмцэх газрын албан хаагчын орон тоо 145, үйлчилгээний ажилтан 16.
Ерөнхийлөгчийн халаасанд орсон хэмээн өөд уруугүй шүүмжлэгдэх болсон Авлигатай тэмцэх газрыг өргөтгөн томруулах төсөл өнгөрсөн гуравдугаар сард мэндэлжээ. Тус газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд гарын үсэг зурсан төслөө үйлдсэн үндсэн шалтгааныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хэмээгээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хаяглажээ. Тийм л дээ, тогтоолын төсөл өргөн барих, цаг үеийн асуудлаа илтгэх, шийдвэрлүүлэх яг энэ процедураар бол Авлигатай тэмцэх газар гэдэг УИХ-аас бүрэн хамааралтай. Тиймээс бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөх төсөл, санаачлага болох энэ бичиг баримтын өрнөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг, үйлийн сүүдэр ч байхгүй.

Байх ёсгүй юм чинь. Гэхдээ шууд бусаар үг, үйл бүрээрээ захирч, хараа зангаагаараа хөдөлгөж байгаа эзэн нь Ц.Элбэгдорж биш үү гэвэл үгүй. Тэр мөнөөсөө мөн. Дам дамаа сүүлийн үед Ерөнхийлөгч маань Авлигатай тэмцэх газраар айл гэрдэн тоглож, айлгаж ичээдэг газар болгож хувиргасантай маргах хүн нэг ч гарахгүй л дээ. Тиймээс ажиллах хүчнээ өнөр олон болж байгаад манай Ерөнхийлөгч алга ташиж суугаа биз. “Хүү нь”, дүү нь болсон Б.Хурцыг хувилж, олшруулаад өгч байгаа юм чинь. “Хүүгээ”, дүүгээ хийж улстөрийн замналаа цэвэрлүүлэхийн тулд л хүн хулгайлсан нөхрийг Авлигатай тэмцэх газрын дэд даргад санал оруулж, үүрэг авсан Б.Хурц ч “Би хэнийг ч хэлмэгдүүлэхгүй ажиллах болно…” хэмээх үгэн зуураа “Би хэлмэгдэж, ядарч зүдэрч явж ирлээ…” гэсэн өнгө аяс илэрхийлж, гомдож тунихын дүр үзүүлж байсан сан. Тийн элдэвлэж, эрхээ атгаж, суудалдаа тухалж аваад “Таван хүнийг чинь шоронд хорьсон байхад ялахыг чинь харъя…” хэмээн Б.Хурц МАН уруу занасан нь өдгөө ёсчлон биелж, шоронжсон улс болоод байгаа үйл явдлуудын өрнөлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрийнхээ өнцгөөр хангалттай тайлбарлаж байна. Тийм болохоор л олны анхаарлын төвд тусч, зүрхэнд орсон “хадны мангаа” Авлигатай тэмцэх газар хэмээх энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүн өргөжин тэлснийг онцлон сонирхохгүй байхын аргагүй.
Тогтоол батлагдсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Авлигатай тэмцэх газрын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор ийнхүү шинэчилж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олголоо. Тиймээс хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарах ёстой. Өнөөдөр бүх л асуудлыг Авлигатай тэмцэх газар айлгаж, дарамталж шийддэг мэт, бүх л ажил Авлигатай тэмцэх газрынх мэт сэтгэгдэл, уур амьсгал олон нийтийн дунд үүсч, төрийн албан хаагчид айж эмээх, болгоомжлох зүй бус хандлага ажиглагдаж байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийн хүрээнд шинээр эхэлж байгаа ажлыг үнэн, зөв сайтар зохион байгуулах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газар бол айлгадаг байгууллага биш гэдгийг нэн түрүүнд ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд ач холбогдол багатай, ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг байгууллагууд дотооддоо шийддэг байх чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй. Хуулиар эрх эдэлдэг байгууллага гэхээрээ л төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү…” хэмээн онцолсон нь яг л өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдсэн бодит дүгнэлт байлаа.
Авлигатай тэмцэх газар Тамгын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэсэг гэсэн үндсэн дөрвөн бүтэцтэй байсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс шинээр бий болгох шаардлагатай гэж үзсэн нь ийнхүү өчигдрийн УИХ-ын тогтоолын дагуу хэрэгжихээр болж байгаа юм. Өмнө нь байсан дөрвөн үндсэн бүтцийн “толгой” болох Тамгын хэлтэс нь дотроо Санхүү, аж ахуйн алба, Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба гэсэн хэсэгтэй. Мөрдөн шалгах хэлтэс нь дотроо Мөрдөн байцаах албатай. Хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба болон Хяналт шалгалтын албатай. Гүйцэтгэх ажлын хэсэг нь Нэгдүгээр тасаг, Хоёрдугаар тасаг, Гуравдугаар тасагт хуваагдаж байна.

Шинээр нэмэгдэж байгаа Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Судалгаа шинжилгээний алба гэсэн ганцхан бүрэлдэхүүнтэй. Ингээд Авлигатай тэмцэх газрын ам бүлийг нэмж байгаа 65 орон тоо шинээр байгуулагдсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс болон дээр сийрүүлсэн бусад алба тасагт хуваагдана. Яг ийм зохион байгуулалтаар Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл нь өчигдрийн УИХ-ын тогтоолд тусгагдсан юм. Бусад яам, тамгын газар, агентлаг газрынхны дэргэд авлигатай тэмцэгчдийн цалин пүнлүү, ахуй хангамж “асар” өндөр. Өнөөх нэмэгдэж байгаа 65 орон тоогоор зардал, хөрөнгө ч өснө. Авлигачыг цээрлүүлэхийн төлөө зарцуулах хөрөнгө, санхүү “уул овоо” болж байна. Сайхан л байна, авлигачгүй болно. Харин айхтар дэмжлэг авч байгаа энэ байгууллага ажлаа зүй ёсоор хийхгүй амьтан хүний улстөрийн захиалгаар “зуудаг нохой” болчихвол яана даа.

Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих