Нөхөн сэргээлт хийгээгүй бол зөвшөөрлийг нь хураая
Туул гол тасарч, ширгэж үгүй болоход хүрээд байгаа. Үүний гол буруутнуудын нэг яах аргагүй элс, хайрга олборлогчид.
Одоогийн байдлаар Туулын эрэг дагуу газарт элс, хайрга олборлож байгаа 60 гаруй компани байдаг. Харамсалтай нь тэдний нэг нь ч өнөөг хүртэл Туулын эрэг дагуу нөхөн сэргээлт хийсэн удаа байхгүй. Алтыг нь аваад авдарыг нь хаядаг үлгэрээр Туул голыг ширгээж, эрх ашгаа нэгдүгээрт тавьсаар ирсэн элс хайрга үйлдвэрлэгчид ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгсэн хэрнээ том оврын авто машин хотын гудамжаар явуулахгүй болсноос ажлаа хийж чадахгүй байдалд хүрээд байна хэмээн гомдоллож сууна. Тэр ч бүү хэл бид ажлаа хийж чадахгүй бол их бүтээн байгуулалт явахгүй, орон сууцны үнэ өснө, элс хайрга олборлож, тээвэрлэж амьдардаг олон хүний ам бүл хоосон хононо хэмээн “сүрдүүлээд” авна билээ.
Харин нөхөн сэргээлт хэрхэн хийгдэж байна вэ хэмээн асуухад “Цаашдаа нөхөн сэргээлт байнга хийгдэнэ” гэсэн юм. Авто замыг эвдэж, гол ширгэхэд нөлөөлөөд байгаа тэдгээр компаниуд өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж эхлээгүй байсан бол ийнхүү олон нийтэд хандахгүй байсан биз.
Уг нь зургаан сарын өмнө холбоо байгуулсан тухайгаа олон нийтэд мэдээлж, энэ цагаас эхлэн нөхөн сэргээлтийг хийж эхлэнэ гэдгээ хэлсэн бол иргэд зөвөөр ойлгох байсан биз. Гэтэл олон нийтэд хандаж мэдээлэл хийдэггүй байсан дээрх компаниуд эрх ашиг нь хөндөгдөөд ирэхийн цагт дуугарч байгаа нь олон хүний дургүйг хүргэсэн юм.
Хариуцах эзэнгүй үйлдвэрүүдээс хариулт олж чадсангүй
Том оврын автомашиныг хотын замуудаар явуулахгүй болсноос ажил зогсоод байгаа Хан-Уул дүүргийн XIII хороонд байрлах элс хайрга үйлдвэрлэдэг 2-3 компанийн ажлын байран дээр очиж үзлээ.
Харамсалтай нь дорвитой хариулт өгчихөөр эрх мэдэлтэй хүн байсангүй. Урьд нь ч тус компанийг хариуцсан эзэн нь ажлын байран дээрээ байдаггүй байсан. Тэр тусмаа нөхөн сэргээлтийн асуудлаар яваагаа хэлбэл хариулт өгчих хүн бүр ч олдохгүй. Байгаа хэдэн ажилчид нь “Мэдэхгүй ээ. Захирлаас л асуу” гэсэн ганцхан хариулттай байдаг.
Элс, хайрга үйлдвэрлэгчид зургаан сарын өмнөөс холбоо байгуулж захирлаар нь Э.Баттөр гэх хүн ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Манай холбооны компаниуд боломж л олдвол нөхөн сэргээлт хийхийг хичээж байгаа. Сул зогсож байгаа үедээ Хан-Уул дүүргийн 11-13 хороонуудад тохижилтын ажил хийж байна. Урьд нь ч гэсэн тус дүүргийн 2-3 хорооны орон сууцанд цонх, хаалга хийх зэргээр ажилласан. Ер нь нэгдсэн холбоо байгаагүй учир хууль бусаар олборлолт хийдэг компаниуд байсан. Одоо холбоо олон ажил хийнэ” хэмээн ярьж байсан.
Харамсалтай нь газар дээр нь очиж үзэхэд нөхөн сэргээлт хийж байгаа компаниуд харагдсангүй. Уг нь ажил бага, бараг л сул зогсч байгаа компани олон байгаа хэрнээ ядаж алга дарам газраа ч гэсэн нөхөн сэргээж баймаарсан.
Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батбаатар “Нөхөн сэргээлт улирлын чанартай хийгддэг. Бид холбоогоо байгуулаад удаагүй байна. Удахгүй холбооны гишүүн компаниудаас санхүүжилт авч нөхөн сэргээлт хийдэг болно” хэмээн ярьж байсан.
Нөхөн сэргээлтийг адилхан хийдэг гэлээ
Элс, хайрга үйлдвэрлэгчид ухсан нүхээ шороогоор дүүргэж дээр нь мод, бут тарьж нөхөн сэргээлт хийдэг ажээ. Гэхдээ өнөөг хүртэл нөхөн сэргээлтийг хийдэггүй байсан нь улирлын чанартай ажилтай холбоотой юм шиг. Учир нь нөхөн сэргээлтийг хавар 4-5 дугаар сард, намар 8-9 дүгээр сард хийх боломжтой байдаг гэнэ. Гэтэл тэдний яриад байгаа нөхөн сэргээлт нь ид ажлын үеэр нь таараад байх юм.
Хаврын 4-5 дугаар сард тус үйлдвэрүүд юун нөхөн сэргээлт хийх манатай, харин ч газар гэсч ажил нь ид эхэлдэг. Намар ч мөн анхны цас орж байх үед ч ажлаа хийсээр байдаг. Тэгэхээр нөхөн сэргээлт хийсэн компаниудын тусгай зөвшөөрлийг нь сунгаж, харин огт нөхөн сэргээлт хийгээгүй компанийн тусгай зөвшөөрлийг хураадаг болмоор юм.
Хэрэв өнөөг хүртэл явж ирсэн жамаараа байвал ашиг орлогын ид үеэр санаачилгаараа нөхөн сэргээлт хийх элс, хайрга олборлогч олдохгүй л болов уу.
Хайрга голын усыг барьж байдаг
Туул голын ширгэж үгүй болж байгаагийн шалтгаан нь бохирдол. Мөн элс хайргыг нь хамаагүй ухаж, зөөж байгаа явдал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хайрга нь тухайн голын усыг тодорхой хэмжээгээр барьж, тогтоож байдаг гэнэ.
Мөн эрэг дагуу ургасан бургасны үндэс газрын гүний усыг барьж байдаг бөгөөд элс, хайрга, бургасыг нь ухаж, сэндийлэх нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж гол усыг ширгэж үгүй болоход нөлөөлдөг байна. Гэтэл энэ олон жил нөхөн сэргээлт хийлгүйгээр хайргыг зөөж байгаа нь Туул голыг мөхөл рүү нь түлхэж байгаа хэрэг юм. Тиймээс тэдний эрх ашиг, шаардлагыг авч үзэхээсээ өмнө нөхөн сэргээлтийг сайжруулах хэрэгтэй байна.
Мөн “Бид гишүүн компаниудаасаа санхүүжилт авч нөхөн сэргээлт хийнэ” хэмээн амалж байсан холбоотой нь хариуцлага тооцох нь зөв. Үнэхээр ажлаа сайн хийгээд амалсандаа хүрээд байвал бас урамшуулж болмоор санагдана.
Журам байдгийг мэддэг байсан
Аливаа нэг байгууллага ашиг орлогынхоо төлөө ажиллахынхаа хажуу-гаар холбогдох хууль, журмыг сайтар судалж хэрэгжүүлдэг баймаар. Гэтэл элс, хайрга үйлдвэрлэгчид “1998 оноос эхлэн гаргасан журмаа биелүүлэхгүй явсаар гэнэт хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь бидний ажилд маш том саад учруулж байна” хэмээн ярьж байсан.
Тийм журам байдаг гэдгийг мэдэж байсан юм бол эртнээс холбогдох байгууллагуудтай хамтран шийдэлд хүрч болох л байсан. Гэтэл хэрэгжүүлэхгүй байгаад нь ханцуйндаа залбирсаар явсан компаниуд анх удаа сонсч байгаа мэт аашлах юм.
Журам байгаа л бол хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн ухамсарт хэзээ суралцах юм бол доо.
Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: