“Тиранозаурус Батаар”-ыг Монголынх гэдгийг нотлох ажил ахицтай байгаа гэв
Монголын говиос олдсон гэх “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Иоркийн “Хэритэж Оукшион” байгууллага Монголын талаас нэхэмжлэл гаргасан ч дуудлага худалдаанд оруулсан. Гэхдээ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр АНУ-ын Даллас хотын шүүхэд хандсан байгаа тул олдворыг зарахгүй байлгаж байгаа аж. Мөн энэ араг яс Монголоос гаралтай эсэхийг тогтоох анхан шатны шүүх хурал энэ баасан гарагт буюу 6-р сарын нэгэнд болох юм байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлж байгаагаар энэ хооронд “Тиранозаурус Батаар”-ыг манай орноос аваачсан гэдгийг нотлох ажил тун ахицтай явж байгаа аж. Одоогоор үлэг гүрвэлийн яс “Хэритэж Оукшион”-ы байранд хадгалагдаж байгаа бөгөөд дуудлага худалдаагаар авахаар болоод байсан иргэн энэ олдворын үүсэл, гарал тогтоогдож, хуулийн дагуу шийдэгдсэний дараа авах эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн байна.
URL: