Манай жүдочид хоёрдугаар байрт шалгарлаа
ОХУ-ын Москва хотноо Жүдо бөхийн “Их дуулга “тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн “Их дуулга” -д манай жүдочид дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, медалийн тоогоор талбайн эзэн ОХУ-ын багийн дараа хоёрдугаар байранд шалгарчээ.
60 кг-ийн жинд олимпийн эрхээ авсан Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар хүч үзлээ. Энэ нь тэдний хувьд эх орноо төлөөлж олимпийн наадамд хэн нь оролцохыг шийдэх чухал тэмцээн байсан гэж хэлж болно. Энэ жинд нийт 11 бөх барилдлаа. ОУХМ Г.Болдбаатар эхний хоёр даваандаа хийлж, Канадын Серхио Пессоаг ялснаар хэсгийн аваргын төлөө Наохиса Такатотой барилдахаар болсон юм. Залуу бөх Такато өмнөх шатанд дэлхийн чансааны тэргүүн бөх ОХУ-ын Ришод Сабировыг ялж гарч ирсэн бөгөөд манай бөхийг вазари үнэлгээгээр яллаа. Ийнхүү Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн юм. Харин нөгөө хэсэг байсан манай бөх Д.Төмөрхүлэг ОХУ-ын Евгени Кудяков, Азербайжаны Илгар Мушкиев нарыг ялж Такатотой барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
66 кг-ийн жинд дэлхийд чансаагаараа наймдугаарт эрэмбэлэгддэг ОУХМ С.Мияарагчаа барилдлаа. Тэрбээр эхний даваандаа Унгарын Замборе Бенчег, удаах даваанд мөн л Унгарын Золт Горжаначийг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Узбекистаны бөх Мирзахид Фармоновт ялагдсанаар хүрэл медаль энгэртээ зүүлээ.
73 кг-ийн жинд олимпийн эрхээ аваад буй С.Ням-Очирын хувьд томоохон бэлтгэл болсон нь тодорхой. Тэрбээр эхний даваанд Тажикстаны бөхийг вазари үнэлгээгээр, дараа нь ОХУ-ын Сергей Бадриашвилиг юко үнэлгээгээр ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Юки Нишиямад юко үнэлгээгээр ялагдаж, хүрэл медаль хүртлээ. 81 кг-ийн жинд тамирчин Г.Түвшинжаргал эхний даваанд Сербийн Алексей Нефедов, удаах даваанд Японы Томохиро Кавакамиг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Мурат Хабачировт цэвэр ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
О.Гэрэл
URL: