”Битүү морьд” олонтой сонгууль

УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улс төрийн намууд, намынхаа шилдэг гэсэн, намдаа суудал авч ирэх магадлалтай гэсэн хүмүүсээ УИХ-ын сонгуулийн 26 тойрогт өрсөлдүүлэхээр бэлтгэж, нэр дэвшигчид ч тодроод эхэллээ. Энэ удаагийн сонгуульд хурдан морьдоор бол “битүү морьд” олон байна. Зарим нам эвсэл, хувь хүмүүс Хууль тогтоох дээд байгууллагыг амьдралдаа дээшлүүлэх алхам, бизнесээ ахиулах гарц, нэр төрөө өсгөх боломж, авилгаа хаацайлах арга гэж ойлгодог юм болов уу гэсэн дүр зураг улам бүр тодорхой болж байна. Тун удахгүй 6 сарын эхнээс нэр дэвшигчид үнэмлэхээ аваад эхлэхээр сонгогч таны оршин суугаа газраар “олон өнгийн” нэр дэвшигчид, түмэн “араншин” гаргаж эхэлнэ дээ. Намуудын нэр дэвшигчдийг хараад байхад ёстой нөгөө “барилгачнаас барималчин” хүртэл олон янзын мэргэжилтэй, эр бяр, эд хөрөнгө, эрх мэдэлтэйгээс эхлээд энгийн нэгэн хүртэл зүсэн зүйлийн хүмүүс багтжээ. Энэ удаагийн сонгуульд урлаг, спортынхон нэлээдгүй оролцох болсон нь олны анхаарлыг татаж байна. Арал бяртай бөхчүүд наадмын талбайд хүчээ үзэхээр биш, УИХ-ын танхимд “оюуны хүчээ” үзэхээр зэхэцгээж байна. Урлагийн гавьяатууд маань УБ паласын тайзнаа биш, УИХ-ын “тайз” өөд тэмүүлж, шашны пастор сүмийн индэрээ УИХ-ын индэрээр солихоор шийдэцгээжээ.

Магадгүй өмнөх сонгуулиудаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, малчин Ц.Намхайнямбуу, аварга Б.Бат-Эрдэнэ, тамирчин Х.Баттулга, сумоч Д.Батбаяр нарын хүмүүс УИХ-ын гишүүн болж байсантай холбоотойгоор спорт, урлагийнханд ийнхүү УИХ-д өрсөлдвөл гишүүн болчих магадлалтай мэт санагдсан байж болох л юм. Уг нь монголчууд “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг дээ. УИХ бол хууль батлах байгууллага болохоос, бөхийн дэвжээ, Болор цомын тавцан, урлагийнхны тайз, пасторын индэр, малчны өргөө биш байлтай.

Түүнчлэн гишүүн байсан хүний эхнэр, дүү, хүү, охин нь УИХ-ын гишүүн болохоор зүтгэх “зөвхөн Монгол” маягийн өвөрмөц уламжлал манайд тогтоод удаж байна. Энэ тухай “улс төр удамшдаг болоо юу” гэсэн санааг илэрхийлсэн “Хунтайж О.Содбилэг” гэсэн гарчигтай нийтлэлд их тод бичигдсэн байсан нь санаанд бууж байна. Удахгүй болох УИХ-ын сонгуульд ийм дүр зураг мөн л үзэгдэх нь. УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин Р.Гэрэлмаа, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Батбилэг гээд эрхэм гишүүдийн хүү, охид УИХ-ын зөөлөн сэнтий өөд тэмүүлцгээх боллоо. Тэдэнд хийх өөр ажил байдаггүй юм болов уу, эсвэл эцгийнхээ ажлаас өөр ажил хийж чаддаггүй юм болов уу. Уг нь тэдэнд улс орны өмнө УИХ-д орж биш, өөрөөр хийх ажил их л баймаар юм.

Ямартай ч сонгуулийн дараагаас УИХ-ын танхим маань “удам дамжсан” эрх хүүхдүүдийн уулзан цагаа нөхцөөх газар, хүчит бөхчүүдийн маань уран мэхээ уралдуулах дэвжээ, урлагийн одуудын аялгуут дуугаа дуулах тайз, яруу найрагчдын маань уянгат шүлгээ унших өндөрлөг, шашны номлогчдын олныг итгүүлэх индэр болоод хувирах бий дээ гэсэн болгоомжлол төрж байна.

Ц.Дагдан
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих