Н.Энхбаяр лицензийн хэрэгт унаж магадгүй

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлига, албан тушаалын хэргийг шийдэх гэж хуулийнхан дэндүү олон асуудалтай тулгараад байна. Зүгээр л хуулийн хүрээнд шийдчих зүйлийг Н.Энхбаяр гуйвуулж, мушгиж, уурлаж, уцаарлаж, жүжиглэн саад хийж элдэв долоон ааш гаргаж байна.
Түүнд холбогдох хэрэг өнгөрөгч пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч шүүх хурал хойшиллоо. Өмгөөлөгч О.Баасанхүү нь түүнийг үлэмж хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай эмчийн дүгнэлтийг шүүхэд өгчээ.
АТГ-ынхан Н.Энхбаярыг “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс”-ын хэвлэх үйлдвэр зэрэг нийслэлийн өмчит хэд хэдэн үйлдвэрийн газрыг үнэгүйд үүлж “идсэн” хэргээр дуудаж шалгасан билээ. Шалгасан хэрэг нь баримтаар нотлогдсон бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Гэвч Ерөнхийлөгч асан өөрийгөө шалгуулахгүй хэмээн янз бүр болж байх зуур түүнд холбогдох хэргийн материал улам зузаарсаар байгаа сурагтай. Экс Ерөнхийлөгч нэгэн цагт Ашигт малтмалын газраас авсан лицензүүдээ ээжийнхээ төрсөн дүүгийн нэр дээр хадгалуулсан байна.
Н.Энхбаярын ээж Р.Бүдханд гуайн төрсөн дүү Р.Энхзаяа гэх эмэгтэй 2005 оны долдугаар сарын 21-ний өдөр Ж.Бямбацогт захиралтай “Түжела Эйжиа” ХХК-тай хамтарч “Могол интернэшнл” ХХК-ийг байгуулсан аж. Үүнээс хойш “Могол интернэшнл” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын найман лиценз буюу тусгай зөвшөөрөл олгогдсон байна.
Гэхдээ долоон жилийн хугацаанд уг компани лицензтэй талбайнууддаа нэг ч хайгуул, олборлолт хийгээгүй аж. “Могол интернэшнл” компанийн нэр дээр хадгалагдаж байгаа найман лиценз бүгд хайгуулынх бөгөөд нийт лицензтэй талбайн хэмжээ 64400 гаруй га болж байна. Архангайн Хашаат, Өвөрхангайн Хархорин, Ховдын Мөст, Цэцэг, Увсын Цагаанхайрхан сумдын нутагт уг тусгай зөвшөөрлүүд олгогдсон байна.
Эдгээр лицензийн гурав нь алтны үндсэн орд бөгөөд төмрийн хоёр, молибдений нэг, газрын ховор элементийн нэг, нүүрсний нэг орд байна. Энэ бүгд Н.Энхбаярын гэр бүлийнхний халаасанд ороод байгаа аж. Тусгай зөвшөөрлийн дөрвийг нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2004 онд, үлдсэн дөрвийг нь 2008 оны сонгуулийн дараа есдүгээр сард Ашигт малтмалын газраас олгосон гэдгийг эх сурвалж хэлэв.
Найман лицензийг ирэх 2013 оны есдүгээр сар хүртэл хугацааг нь сунгаж, татвар төлжээ. Хайгуулын лицензийн төлбөр ашигт малтмалын нэр төрлөөс хамаарч жилдээ га тутамд нэг ам.доллар орчим байдаг гээд тооцоход жилдээ 64 мянган ам.доллар буюу 80 гаруй сая төгрөгийг лицензийн төлбөрт төлдөг гэсэн үг.

Д.МЯГМАРЖАРГАЛ

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих