Хуучин хүмүүс шинэ нийгмийг хэзээ ч бүтээж чадахгүй

Ардчилал нэртэй хувьсгалтай зэрэгцэн төрж, өссөн залуус минь одоо эрх баригчдад баяртай гэж хэлэх цаг нь нэгэнт болжээ. Төрөхөөсөө аваад эрийн цээнд хүрэн хүртлээ тэднийг л харж, эх орноо хэрхэн унаж, сүйрч буйг нүдээрээ харж, эх оронтойгоо адил зовлонг биеэрээ мэдэрч тэднийг Монгол хүн учраас эх орондоо муу муухайг хийхгүй байлгүй гэж ахин дахин итгэл хүлээлгэн төрд гаргасандаа өнөөдөр хожуу ч гэсэн халаглан харамсч тэдэнд дахиад яав ч итгэл хүлээлгэж болохгүй гэдгийг гүнээ ухамсарласан залуус худал хуурмагт цэг тавьж, шинэ нийгмийг, шинэ Монголыг цогцлоохыг хүсч байна.

Монголын залуу үе өөрсдийнхөө амьдралыг өөрсдийнхөө гарт бүрэн авах цаг нь болсон. Шинэ нийгмийг хэзээ ч хуучин хүмүүс бүтээж чадахгүй.Үүнийгээ ч хорин хоёр жил хангалттайгаар батлан харууллаа. Хуучин хүмүүс гэдэг нь хуучин сэтгэлгээтэй, хоцрогдсон мэдлэгтэй хүмүүс. Тэд залуу, эх оронч, мэдлэгтэй хүмүүсийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Шинэ залуу хүний үзэл бодлыг хаан боож, хөгжил дэвшлийг тушиж байгааг нь бид алхам бүртээ хатуугаар мэдэрсээр ирсэн.

Залуу үеээ туршлагагүй хэмээн доогуур харна. Үнэндээ залуу хүн ямар туршлага байх вэ дээ? Яагаад гэвэл залуу учраас. Залуу үедээ хэзээ ч зайгаа үл тавьж өгнө. Залуучуудыг намдаа элсүүлж, хааш нь ч хөдөлгөхгүй оосорлож муу муухайгаа сургана. Жижиг албан тушаал, хэдэн гялалзсан медалаар хуурч өөрийнхөө бузар зорилгод ашиглана.

Сүүлийн хорин хоёр жил Монгол орныг минь эрх чөлөө, ардчилал ярьж баллаж хаячихаад өнөөдөр “одоо бид хөгжүүлнэ” хэмээн хоосон худал чалчигчдийг тэтгэвэрт нь гаргаж, ач зээгээ харах буянтай ажлыг нь хийлгэх хэрэгтэй болсон болов уу. Хорин хоёр жилийн өмнө төрж ардчилалтай хамт өссөн шинэ үе гарч ирж байна. Тэд ардчиллын алдаа бүхнийг нь биеэрээ мэдэрч туулж ирсэн болохоор мэдлэггүй, ухамсаргүй, ёс суртахуунгүй, сэтгэлгүй хүмүүс яаж улс орныг балладгийг мэднэ. Тэдний алдсан бүхнийг засч, нураан сүйтгэсэн бүхнийг бүтээн босгохоор залуу үе түрэн гарч ирж байна. Яагаад шинэ үе гарч ирдэг вэ гэхээр нийгэм нь шинэчлэхгүй, хоцрогдлоор дүүрдэг учраас түүнийг шинэчлэх хүч гарч ирдэг нь нийгмийн зайлшгүй зүй тогтол билээ.

Хуучирсан хүмүүсийн нийтлэг төрх нь шинэ зүйлийг хүлээж авч чадахгүй хуучирсан зүйлүүдтэйгээ зууралдаж байгаа явдал бөгөөд энэ нь манай нийгэм шинэчлэгдэж, сайжрахад том хар бул чулуу болж байна. Мэдлэгтэй, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган залуус гудамжаар хийх ажилгүй эрх баригчдын хийж буй бүхэнд бухимдан алхацгааж байна. Яагаад эдгээр залуус эх орондоо ажилгүй орлоггүй амьдралгүй байна вэ? Энэ төр тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа юу. Тэдэнд ажил амьдралын талбар дээр бардам гарах мэдлэг чадвар олгож байна уу. Үнэхээр боловсролын байгууллагууд нь юу ч олгохгүй болоод тэнцэхгүй байна уу эсвэл үзэл бодлоосоо болоод шахагдаад байна уу? Яагаад залуу үеийг хаан бооно вэ.

Залуу хүнийг дэмжиж, дагуулж ажилд сургаж залгамжлагчаараа бэлддэг сайхан заншил алга болж хөгширсөн ч гэсэн зөөлөн суудал дээрээ мөнхрөх хүсэлтэй хүмүүс олон болжээ. Буруу зөнөсөн хүмүүс буруу үйлдлээрээ улс орон, ард түмний эрх ашгийг хохироож, хохироочихоод дахиад л хохироох гээд ичих ч үгүй явцгааж байна. Энэ төрийн залгамж чанар алдагдаж хуучирсан, муудсан бүхэндээ хүлэгдчихсэн байна. Энэ бүхэн өөрлөгдөх цаг хугацаа нь болжээ.

Энэ бүх бузар буртгийг цэвэрлэхээр хаасан бүхнээ сад тавин мэдлэг боловсролтой залуу үе, эх орончид эрчлэн ирж байна. Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй. Шинэ үе шинэ Монголыг урлан бүтээхээр ирж байна. Тэдэнд замыг нь чөлөөлж өг.

Б. Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих