“Мон уран”-ы Б.Наранхүү УИХ-д өрсөлдөх эрхээ 20 тэрбумаар авсан уу?

Ардын намын нэр дэвшигчдийн 43,4 хувь нь 35 хүртэлх насны залуус. Харин 48,7 хувь нь 46-гаас дээш насныхан.

Тус намынхан нэр дэвшигчдийнхээ насны харьцааг “Залуу, ахмад үеийн залгамж халаа. Үеийн шинэчлэл” гэдгээр тайлбарлаж байгаа. Мөн намынхаа ууган нэрийг сэргээж үзэл баримтлалаа тодотгон улс орны хөгжлийг дөрөв бус 20 жилээр төлөвлөсөн гэдэг утгаараа Ардын нам залуусыг тугаа болгосон ч гэж болно. Үүнийг нь намын шинэчлэлийг төрийн шинэчлэлтэй хослуулах хэмээн тодорхойлоход буруудахгүй.

Харин Ардчилсан намын хувьд эсрэгээрээ. УИХ-д нэр дэвшигчдийнх нь бараг 80 орчим хувь нь 46-гаас дээш насныхан буюу 20 жил холдоогүй дарга нар. Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Р.Амаржаргал, Лу.Болд, Л.Оюунгэрэл… гэх мэтээр үргэлжилсээр байгаад тэдний үеийнхэн 80 хувьд хүрнэ. Монголчуудын олонх нь өдгөө ардчиллын партизнуудаас “Ардчиллын буяныг хэсэгчлэн хувааж хүртэх буюу олз ашгийн тэгш бус хуваарилалтын хариуцлагыг хэн хүлээх вэ” хэмээн асуух нь олшрох болсон. Мөн “Залуу үедээ халаагаа өгдөггүй хөгшин ардчилал” гэж нэрийдэх нь ч бий. Гэтэл Ардчилсан нам энэ удаад ч тэр алдаагаа давтлаа. Алдаа гэхээс илүү ашиг сонирхлын зөрчлөө давж гарч, ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээс татгалзлаа. Гэсэн ч тэд энэхүү буруу жишгээ уламжлал болгон хадгалж чадсандаа баярлаж буй дуулдсан. “Бид ялчихлаа. Ардын намын нэр дэвшигчдийг олон нийт танихгүй. Ихэвчлэн залуус учраас тэд ялагдсан. Манайхныг бол танина” гэх мэтээр эхнээсээ оргилуун дарс буудуулж байгаа дуулдсан. Ингэхдээ тэд эрх мэдлээ хадгалж үлдэхээс татгалзан, Монголын төрийг шинэ залуу сэтгэлгээ, шинэ залуу бүтээлч сэтгэлгээгээр хувьсгал хийхээр шийдсэн Ардын намд талархах хүчтэй сөрөг сонгогчид бий гэдгийг мартсан бололтой. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дүн энэ бүхэнд хариулт өгөх учраас Ардчилсан намын лидерүүдийн архагшсан дарангуйллыг түр орхиод Н.Алтанхуяг даргын УИХ-д нэр дэвших эрхийг наймаалцсан ашиг сонирхолд анхаарлаа хандуулья.

Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч “Мон уран”-ны Б.Наранхүү. Тэрбээр Ардын намаас УИХ-д нэр дэвших эрх олгохыг хүссэн ч талаар болсон. Тус намын удирдлагууд “УИХ-д ядаж л ямар бизнес хийдэг нь тодорхой. Улсад төлдөг татвар нь ч ил тод. Морины төлөө бус хүний төлөө ажиллах чадах залуусыг дэмжинэ” гэдэг байр сууриа Б.Наранхүүгээс татгалзсан шийдвэрээрээ харуулсан. Харамсалтай нь, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хийгээд түүний нөхөд Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрхийг наймаалцаад өгчихсөн яриа гараад удаж буй. Уг нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо Дундговь аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэж аавыгаа бурханы оронд заларсан цагаас эхэлж л олонд ярьсан, ойлгуулсан. Үүнийхээ төлөө аймгийнхаа Ардчилсан намыг олон удаа бутаргаж, будилаантуулсан. Гэсэн ч тэр Б.Наранхүүд буулт хийсэн. “Яагаад” гэдэг нь ойлгомжгүй. Харин учир мэдэх намынх нь нөхөд энэ талаар “Б.Наранхүүгээс мөнгө авчихсан байх” хэмээн хардаж буйгаа нуугаагүй.

Ардчилсан нам мөнгө авч байхад аавынхаа орыг залгахыг хүсдэг хүү нь яагаад ч болохгүй байх билээ. Тийм ч учраас “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг УИХ-д Дундговь аймгаас нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдсан уу” гэж асуух сонирхогч захаас аван тааралдах болжээ. Ингэж хардах нь ч учиртай. Б.Наранхүү гэдэг энэ нууцлаг эрийн нүд бүлтийж, чих дэлдийм наймааны ханш дэндүү өндөр. Нэг морийг гэхэд 800 сая төгрөгөөр худалдаж авдаг. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд морины наймаанд үрсэн мөнгө нь хоёр тэрбумаар хэмжигдэж байсан. Цаашлаад манан хөөрөг 380 саяар худалдаж авсан. Дөрвөн тэрбум төгрөгөөр дөрвийн дөрвөн roll royce авч, онгоцоор тээвэрлэж авчирсан, Дундговь аймгийн наадмаар төрүүлсэн бүх насны морийг ланд-200-гаар байлсан… Энэ бүхэн Б.Наранхүүгийн олонд мэдэгдсэн наймаа. Үүний цаана далд хэр их мөнгийг хэрхэн үрдэг нь тодорхой бус. Үүний нэгэн адил ямар бизнес хийгээд яаж хөлжөөд байгаа нь ойлгомжгүй. Ямар ч байсан “Анод” банкны дампуурал, хүүхдийн паркийн газрын луйвар, “Дүнжингарав” худалдааны төвийн бүтэлгүйтэл гээд дандаа будилаан, булхайтай бүхний ард нэр нь бичигддэг.Сонгогчдын “Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг УИХ-д Дундговь аймгаас нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдсан уу” хэмээн асууж, гайхах нь дээрхи будилаантай нь холбоотой. Арга ч үгүй, нүүрэндээ үстэй адгуусны төлөө бүхэл бүтэн тэрбум төгрөг зарлагаддаг хүнд УИХ-ын гишүүний эрх мэдлийн төлөө 20 байтугай тэрбумыг хаях нь юу ч биш биз. Гол нь Ардчилсан нам доторх үеийн шинэчлэлийн илрэл нь ердөө л Б.Наранхүү.  Төрд зүтгэсэн түүхгүй, түмний төлөө хийсэн ажилгүй тийм нэг нууцлаг тэрбумтан. Ядаж барьсан үйлдвэртэй, бариулсан барилгатай бол арай л өөр хэрэг. Гэвч тийм биш. Ийм л учраас Ардын нам хийгээд Ардчилсан намыг тойрсон үеийн шинэчлэл, болон үзэл санааны өөрчлөлтийнх нь ялгаа дэндүү их тодорч харагдаад байгаа хэрэг ээ.


URL:

Сэтгэгдэл бичих