Есдүгээр ангиа л төгсчих юмсан даа…
Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд бусдын гарт амиа алдах тохиолдол бараг өдөр алгасалгүй гарч, тэр дундаа өсвөр насны охид энэ хэргийн гол золиос нь болон хохирч байгаа. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 10-ны өдрийн 14.00-16.00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 22-ын 1114 тоотод оршин суух 15 настай эмэгтэй Г-г гэртээ байхад нь хоолойг нь хэрчин онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Есөн сартай жаахан дүүгээ харан бас шалгалтандаа бэлдэнэ хэмээн аав дүү хоёроо зах руу явуулчихаад гэртээ үлдсэн 61 дүгээр сургуулийн есдүгээр ангийн энэ охиныг хөнөөсөн этгээд хэрэг хийсэн даруйдаа зугтаж цагдаагийн байгууллагынхан түүний эрэлд гарсан.
Өдрийн цагаар энэ хэрэг гарсан боловч хэн гэгч ямар дүр төрхтэй этгээд энэ аймшигт хэрэг хийсэн талаар ямар нэгэн сэжиг таамаг огтхон ч байхгүй байсан юм. Хэрэг болсон газрын ойр орчимд 70 гаруй цагдаа самналт хийж түүний ойр дотны гэх бүх хүмүүсээс байцаалт авсан ч хохирогчийн ээжийн найз 30 настай залуугаас өөр ямар нэгэн таамаг гарган сэжиглэж байсан хүн байгаагүй. Хэрэг мөрдөлтийн багийнхан цаг наргүй уйгагүй мөрдсөний эцэст түүний ээжийн найз биш хохирогчийн аавын төрсөн дүүг сэжиглэн шалгаж, байцааж эхэлсэн. Гэвч сэжигтэн мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан байна. Хэрэг мөрдөлтийн багийнхан түүнийг эрэн сурвалжилж олсон боловч амиа хорлосон байдалтайгаар олжээ.
Хэрэг хийсэн этгээд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн юм байна. Энэ онц ноцтой хүн амины хэргийн мөрдөх багийнхан хэрэг болсны дараа ойр орчимд нь иргэд болон хөршүүдээс нь мэдүүлэг авсан байна. Тус мэдүүлэгт хэрэг болохоос хоёр хоногийн өмнө хохирогч гэрээсээ нэг согтуу эрэгтэйг галын хайчаар хөөн гаргаж байсан байна. Түүнчлэн тус айлд янз бүрийн согтуу гудамжны гэж хэлэхээр хүмүүс нэг бус удаа ирж байсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс харахад хохирогчийн гэрт янз бүрийн согтуу хүмүүс их орж гардаг, тэр болгонд нь уурлаж уцаарлаж байсан хохирогчийг тэр этгээдүүдийн нэг нь занаж хөнөөсөн байж ч болох юм. Магадгүй тэр өдөр хөөгдөн гарч байсан хүн хэрэг хийсэн этгээд байхыг үгүйсгэх аргагүй юм. Хохирогчийн хувьд тийм ч сайхан амьдралтай нэгэн байгаагүй. Аав ээж хоёр нь архи их уудаг янз бүрийн болж бүтэхгүй хүмүүс их дагуулж ирдэг, гэр нь шатаж том ахындаа амьдардаг, өөрөө оюун ухааны өөрчлөлттэй гээд түүний амьдралд зовлон их байсан. Түүнчлэн түүний бэр эгч нь хүүхдээ үргэлж харуулж хичээлд нь явуулах сонирхол бага. Сүүлийн нэг жил тэрээр хичээлдээ бараг л суугаагүй бөгөөд хөдөө аав ээжтэйгээ явж мал маллаж, дүүгээ харах, аваарт орсон ээжийгээ сахих, өөрөө гараа хугалсан гээд түүнд энэ жил дэндүү хатуу өнгөрсөн гэх.
Гэхдээ л хохирогч сурч боловсрох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн энэ жил есдүгээр ангиа төгсчих чин хүсэлтэй байсан тухай түүний ангийн багш хэлж байна. 2008 онд хохирогчийн суралцдаг сургууль дээр эмчийн үзлэг ирж хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг тогтоосон байна. Энэ үед хохирогчийн оюун ухаан өөрчлөлттэй гарсан байна. Энэ үед аав нь охинтойгоо хамт ирсэн байсан бөгөөд түүнийг мөн давхар үзүүлжээ. Гэтэл аав нь ч мөн адил оюун ухааны өөрчлөлттэй гэж гарсан байна. Энэ нь тус айл удам дамжсан оюун ухааны өөрчлөлттэй хүмүүс гэдэг нь тодорхой болсон байна.
Тэгэхээр түүнийг хөнөөсөн гэх аавынх нь төрсөн дүү ч мөн оюун ухааны өөрчлөлттэй байхыг үгүйсгэх аргагүй юм. Хохирогчийн аав ээж хоёрыг сарын өмнө архи ууж янз бүрийн үйлдэл гаргаад байдаг учраас хөдөө айлын мал маллуулахаар явуулсан байна. Хэрэг гардаг өдөр аав нь цалингаа аваад хөдөөнөөс ирсэн бөгөөд хүүхдүүддээ хувцас авч өгөхөөр зах руу явсан хойгуур нь энэ хэрэг гарсан байна. Харин энэ үед ээж нь хоёр гурван хоног алга болж хаана байгаа нь мэдэгдэхгүй байжээ. Хэрэг болсны дараа ч мөн ээж нь ирээгүй бөгөөд охиноо нас барсан гэдгийг ч мэдээгүй байна. Түүнчлэн хохирогчийн хувьд Монгол Улсын иргэн гэж батлах ямар нэгэн баримт бичиг юу ч байхгүй. Харин түүнийг 1996 онд төрснийхөө дараа нас барсан гэх л тэмдэглэл байдаг байна. Тодруулбал тэрбээр төрөхдөө 1.5 кг жинтэй төрсөн бөгөөд түүнийг хүн болно гэдэгт эмч нар нь итгэлгүй байсан бөгөөд шууд эмнэлгээс гаргасан байна. Хожмоо түүнд төрсний гэрчилгээ авах гээд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хандтал эмч нар нь энэ хүүхэд нас барчихаагүй гэж үү хэмээн асуусан байх юм.
Магадгүй хэн ч биш байсан охин амиа алдсанаар түүнийг Монгол Улс даяар мэдэж ийм хүн байсан гэдгийг бүртгэх ёстой албан газар нэгийг бодож байгаа болов уу. Ингээд бодохоор манай улсын иргэд нь ч төр нь ч дэндүү хайнга, эрхэлсэн ажилдаа тууштай биш хариуцлагагүй, хэнэггүй хүмүүс гэдэг нь харагдаж байна. Магадгүй энэ охиноос өөр Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хэн боловч ямар нэгэн бүртгэлгүй хэн ч биш болчихсон хэдэн хүн байгаа бол. Хүн амын тооллого гээд явуулаад л байдаг хэрнээ эдгээр хүмүүсийн хаагуур нь өнгөрчихсөн юм бэ. Магадгүй Монгол Улсын иргэн юм шиг боловч түүнийг батлах ямар нэгэн баримтгүй хүмүүсийг тоолбол манай улсын хүн ам гурван сая аль хэдийн гараад талийчихсан юм шиг байна. Урд хөрш шиг хүн ам нь багтаж гишгэх зайгүй биш тоотой хэдэн ард түмэнтэй атлаа тэднийг нэг бүрчлэн бүртгэчихэж чадахгүй байна гэдэг ямар арчаагүй, сэтгэлгүй, ухамсаргүй хүмүүс энэ төр засгийн толгойд байгаа гэдгийг харуулаад байгаа биш гэж үү.
Г.Төгс
Эх сурвалж :”Улаанбаатар таймс”
URL: