Н.Энхбаярт нэг бодол бий буюу “Баас хатавч өмхийгөө тавихгүй”

«Үер» кинон дээр Михайлд нэг бодол бий гэдэгсэн. Харин одоо амьдрал дээр «Н.Энхбаярт нэг бодол бий» гэхээр болж. Тэрбээр ээлжит жүжгүүдээ найруулсаар байна. Энэ бүхний эхлэл нь МАХН- ын дарга Н.Энхбаяр шүүх хурлаа хойшлуулснаар сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо. Бүр намын нөхөд нь нэр дэвшигчийн мандатыг нь эмнэлэгт хүргэж өгөх тухай яригдаж эхэлжээ. Товчхондоо Н.Энхбаяр Монголын улстөрд юу хэрхэн өрнөхийг мэддэг хүн.

Хэдийгээр шүүх хурал зургаадугаар сарын дөрөвнийг хүртэл хойшилсон гэж байгаа ч энэ янзаараа хэдий хугацаагаар, ямар шалтаг, шалтгаанаар хойшлуулахыг хэн ч таашгүй. Эхний удаа ч яах вэ, эрүүл мэндийн шалтаг зааж байна билээ. Мөн өмгөөлөгч нар нь ирэх сарын дөрвөнд хавтаст хэрэгтэй танилцаж амжихгүй байж магадгүй хэмээн аль хэдийн дараагийн шалтгаанаа тодорхойлчихсон яваа.

Үнэн хэрэгтээ энэ хүний биеийн байдал тэгтлээ доройтсон уу гэдэг эргэлзээтэй л асуудал. Учир нь, өлсгөлөн зарласан Н.Энхбаярын эмнэлэгт хэвтэж байх үеийн бичлэгүүдээс биеийн байдал нь ямархуу байгаа нь илэрхий харагддаг. Гэхдээ бие нь муу хүн бусдыг хэл үгээр доромжилж, хөөж туун, салаавч гарган бүр байтлаа зодох гэж дайрч чадах уу.

Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийг элдэвлэж, дарамтлах нь ёс зүйн хувьд ч хэр зохимжтой байх билээ дээ. Тэгсэн атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр намын нөхөд болон гэр бүлийнхнээрээ үг дайж, захидал илгээхдээ чухам л өрөвдөм дуу хоолойтой, сэтгэл эмтрэм үгсээр олон түмэнд хандаж байсан биш билүү.

Н.Энхбаярын энэхүү хуурамч дүр төрхийн цаана монголчуудын өрөвч зөөлөн сэтгэлийг ашиглан улстөрд дахин хүчээ авах гэсэн явуургүй бодлого байгаа нь АТГ- ын хийсэн бичлэгүүдээс тодорхой харагдсан. «Баас хатавч өмхийгөө тавихгүй» гэгчээр одоо хэр түүний увайгүй үйл ажиллагаанууд хэрэгжсээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд зааснаар Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй. Тиймээс тэрбээр ямар ч хамаагүй аргаар шүүх хурлыг хойшлуулсаар нэр дэвшиж, санал хураалтын өдрийг хүлээж байгаа аж.

Хэрвээ энэ маягаар Н.Энхбаярыг шүүх хурал хойшилсоор сонгууль болж, тэрбээр ялалт байгуулбал УИХ- ын гишүүний бүрэн эрх гэдэг асуудал сөхөгдөнө. Ингэсээр Н.Энхбаярын гэх хэрэг шийдэгдэхгүй эсвэл ямар нэгэн байдлаар замхрахыг үгүйсгэх аргагүй юм.

Тэгээд ч эмч нарын дүгнэлт үнэхээр үнэн зөв гэдэгт хэн итгэх болж байна. Эмнэлгийн ажилтнууд мэргэжилдээ үнэнчээр ажлаа хийж байгаа ч дүгнэлтээ чухам хэрхэн гаргаж байгаа бол гэдэг бас л сонин. Хууль, хяналтынхныг «Би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан» хэмээн баас, шээсээр нь дуудаж, хөөн, дарамталж байгаа хүний хувьд эмч нар юу ч биш.

Эмнэлгээс дамнуургаар зөөлгөн шүүх хуралд оролцож байсан төрийн тэргүүнүүдийн түүх дэлхий дээр цөөнгүй. Тухайлбал, Египетийн экс Ерөнхийлөгчийг шүүх хуралд түүнийг дамнуурга дээр зөөж оруулж байсан. Тэрбээр шүүх танхимд дамнуурган дээр нүдээ аниад хэвтэж байдаг тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлдэг. Харин папарациудын дуранд тэрбээр эмнэлэг дотроо сэлгүүцэн, телевиз үзэн, утсаар ярьж, найз нөхдөө дуудан хууч хөөрөн суудаг зэрэг нь нотлогджээ.

Мөн Тунисийн Ерөнхийлөгч асан Зин эль Абидин Бен Али эх орноосоо дүрвэсэн ч шүүх хурлыг нь эчнээгээр хийж, ял оноосон. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко гээд ял сонссон төрийн тэргүүнүүд бий.

Юутай ч бусад улс орнуудад хэнбугай ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр хандаж чаддаг эсэх нь Ерөнхийлөгч асан гэдгийг батлах мэт энэ мэтчилэнгийн түүхүүдийг дурдвал хэвлэлийн хэдэн хуудас болно. Харин манайд шүүх засаглал үнэхээр хэн нэгний хараат бус байж, ард түмэн болон албан тушаалтнуудад тэгш эрхтэйгээр асан Н.Энхбаярыг шүүх хурлаас харагдах үлдлээ.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж :”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих