Хурандаа нарыг маргааш шүүнэ
Цагдаагийн экс дарга нар буюу хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг маргааш хийхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс товложээ.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчид өнгөрсөн баасан гаригийн байдлаар 29 хавтаст хэргийн 10-тай нь танилцсан байна. Өмгөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдээр хэргийн материалтай танилцах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан байна. Шүүх энэ хүсэлтийг хүлээн авснаар тэд амралтын өдрүүдэд ч хавтаст хэрэгтэй танилцжээ. Тиймээс энэ удаад хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах боломжгүй бололтой.
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү, О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарыг томилсон билээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL: